Өнгөрсөн 2010 оноос үйл ажиллагаа нь зогсоод байсан, 88 жилийн түүхтэй “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг бүрэн ажиллагаанд оруулж, цар тахлын вирусийн эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх асуудлыг Шадар сайд Засгийн газрын түвшинд тавьж, шийдсэнээр Монголд үйлдвэрлэсэн био бэлдмэлийг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх боломж нээгджээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Аль ч улсын хамгийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар. Тэр дундаа үндэсний судалгаа шинжилгээ, био бэлдмэлийн үйлдвэрлэл, лаборатори, хяналт шинжилгээний төвүүдтэй байх ёстой. Харамсалтай нь, 1933 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байсан, хамгийн анхны эрүүл мэндийн удирдлагын тушаалаар бий болж байсан био бэлдмэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн 12 хугацаанд тасарсан, татан буулгасан.Өнөөдөр Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Бид өөрсдийн био бэлдмэлээ үйлдвэрлэж, монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг гаргах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улс био бэлдмэлээ 100 хувь гаднаас авч байна. Гадаадаас ирж буй вакцинаа өөрсдөө хянах, шинжлэх лабораторигүй байна. Ийм зүйл байж огт болохгүй учраас цар тахлын вирусийн эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх мөн төрөл бүрийн халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг нэг алхам нэмж байна. Эхний бүтээгдэхүүн долдугаар сарын дундаас хойш гарна гэж үзэж байгаа.
Ингэснээр 2010 оноос үйл ажиллагаа нь зогсоод байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” Covid-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нөхцөл нээгдэж байгаа бөгөөд Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 1933 онд Цагаан цэцгийн 98000 хүн/тун вакциныг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, “Цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан Азийн анхны орон” болгож байсан энэхүү биобэлдмэл, вакцины үйлдвэр нь 88 жилийн түүхтэй, туршлагатай юм. Covid-19-ийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд биемахбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай.
Иммуноглобулин гэж нэрлэгддэг энэхүү уургийн бэлдмэлийг өндөр тунгаар хийхэд хүндэвтэр зэргээр өвдсөн Covid-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасгасан, хүндрэлээс шууд сэргийлсэн аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан байдаг. Хэвийн иммуноглобулиныг эмнэлзүйн туршилтгүйгээр Covid-19 халдварын эмчилгээнд шууд хэрэглэхийг зөвлөсөн. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана. Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг импортын биобэлдмэл 100 хувь орлож байна.
Үйлдвэрийн тухай товчхон: 1932 оноос хойш Монгол Улсад анагаах ухааны биотехнологид суурилан эмчилгээний зориулалтын биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр ажиллаж, 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчны бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан туршлагатай. Анх үүсэн байгуулагдсанаас эхлээд одоог хүртэл ОХУ болон бусад орнуудтай хамтран судалгаа хөгжил, инноваци үйлдвэрлэлийг явуулж, ялангуяа уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчнийг эмчлэх балнадын нян залгиур зэрэг бүтээгдэхүүнүүд нь эрэлт өндөртэй байдаг.
Гэвч 2010 онд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд Засгийн газрын 149 тоот тогтоолоор “Биобэлдмэлийн үйлдвэр” аж ахуйн тооцоот, төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсэн түүхтэй. Харин 2019 оны 10 дугаар сард Шинжлэх ухааны шинэ технологийг ашиглан инновацийн загвар бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргаж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээн нээсэн юм. Цаашид Монгол улсад биобэлдмэл (хэвийн болон өвөрмөц иммуноглобулин, сийвэн) үйлдвэрлэх үндэсний вакцины хяналтын лаборатори байгуулах, улмаар нутгийн омогт суурилсан коронавирусийн үндэсний вакциныг үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага бидэнд тулгараад байна.
Био бэлдмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ба загварын тухайд:
- 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс
- 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин
- 1960 оноос сийвэн нөхөх, сэлбэх шингэн, аминокровин зэрэг цусны бүтээгдэхүүн
- 1981 оноос эрүүл эхийн эхсийн цусийг ашиглан доорхи бүтээгдэхүүнүүдийг дархлаа дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай хүний хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, уураг нөхөх 5-10%-ийн альбумин, коллаген агуулсан бэлдмэл болох шиллэг эд, гэдэсний халдварт өвчин, суулгалтын эсрэг бэлдмэл болох балнадын нян залгиур, колибактерин, бифидо зэрэг бүтээгдэхүүдийг үйлдвэрлэж хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа.
- 2000-2019 онд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг хослуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Биотехнологийн үйлдвэрийг эрдэм шинжилгээний хэсэгтэй нэгтгэн, 10 гаруй төсөл хэрэгжүүлснээр доорхи загвар бүтээгдэхүүнийг гаргаж үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Үүнд:
- Иммуноглобулин (булчин, судсанд тарих)
- Гепатит С-ийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
- Гепатит А вирүсийн эсрэг иммуноглобулин
- Томуугийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
- Интерферон
- Гепатит В-ийн эсрэг ийлдэсийн вакцин
- Гепатит А, В, С, ДОХ-ийн оношлуурууд
- 99% цэвэршилттэй бүхий 5%,10%, 20%-ийн альбумин.
Холбоотой мэдээ