Х.БАТТУЛГЫН 4 жилийн ажлын тайлан-НЭГ ЦАГИЙН ЯРИЛЦЛАГА БАЙЛАА

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Х.БАТТУЛГЫН 4 жилийн ажлын тайлан-НЭГ ЦАГИЙН ЯРИЛЦЛАГА БАЙЛАА

Х.БАТТУЛГЫН  4 жилийн ажлын тайлан-НЭГ ЦАГИЙН ЯРИЛЦЛАГА БАЙЛАА

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр шувтарч байна. Сурталчилгааны оргил цаг нь мэтгэлцээн байдаг. Энэ удаагийн мэтгэлцээний товлосон хугацаа нь өнөөдрийн 17.30 цаг байв. Гэвч, мэтгэлцээн болохгүйг МҮОНРТ-ийн шинэхэн захирал А.Бүрэнбаатар дуулгахын ялдамд төсвийн мөнгөөр зассан 60 саяын тайзаа гайхууллаа.  Мэтгэлцээн болохгүйгээс хойш тайзаар ч яахав.

“Цус гарсан” халуухан мэтгэлцээн болдоггүй ч “Та аядуу зөөлөн хүн мөн үү” гэж асуугаад ч  болтугай өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигчид  үг хэллэг, үйл хөдлөлөөрөө мэтгэлцдэг байлаа. Энэ удаад мэтгэлцээнгүй сонгууль амтгүй хоолтой адилхан санагдаж байна.  Дөрвөн жилийн өмнө  Х.Баттулга бас л мэтгэлцээнээс айж, зугатаж байсан нь худлаа юм биш.

 Авчиг мэтгэлцээн түүнд ялалт авчирсны хүчинд тэрбээр өчигдөр /2021.06.06/ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн ярилцлагаа өгөв. Телевизүүдын бүх эфирийг худалдаж авсан тэрбээр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хаахаас нэг өдрийн өмнө өгсөн ярилцлагын гол санаа манийг нь мурьсан МАН-ыг битгий сонгоорой гэж сонсогдов. Х.Баттулга өөрөө ширээн дээрээс уначихсан болохоос МАН-ын буруу ч гэж байхгүй.

Өнгөцхөн харахад У.Хүрэлсүхтэй муудалцаагүй, түүнд гомдоогүй, харин ч дэмжиж буй мэт дүр эсгэсэн түүний ярилцлагын асуулт хариулт бүхэлдээ эрх баригч МАН-ыг харлуулахад чиглэгдсэн тактик байлаа.

Мэдээж, өөрийг нь голгүй гомдоосонд У.Хүрэлсүхийг өширхөхгүй өнгөрөх хүн Х.Баттулга лав биш. “Би чамаар Монголоо тоглуулахгүй” гэсний төлөө М.Энхсайханы ажил, амьдралаар яаж тоглосон хүн билээ дээ. Гэхдээ өчигдрийн тухайд үг, үйлдлээ нэлээд цэнэж ярина лээ.

Бүтэн нэг цагийн турш МАН руу “өөхөнд боосон чулуу” шидсэн Х.Баттулгын уг ярилцлагаар өгөх гэсэн мессеж нь “Улс төрөөс яваагүй” тухай.  Зангидсан хөмсгөө тэнийлгэж, зальжин инээмсэглэсэн тэр юу сэдэж суугааг тааварлахад бэрх. Тамирчин, бизнесмэнийн хувьд улс төрийн тактикаа тэр үргэлж нууж ирсэн.

Ямар ч байсан түүний дараагийн улс төрийн бай нь эрх баригч МАН болоод Рио-Тинто, Сү.Батболд байх нь нэн ойлгомжтой байна.   Х.Баттулга “Рио Тинто” У.Хүрэлсүхийн засгийг огцруулсан болохыг хардаад зогсохгүй “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт”-д МАН эзэн суусныг сонгуулийн өмнө зориуд онцолсон  нь түүний дараагийн улс төрийнх нь сценарийн жижигхээн хэсэг нь байх.

Ярилцлагадаа Х.Баттулга ганц үнэн зүйл хэлсэн нь “Монголын төрд шударга ёс гэж байхгүй. Хууль дүрэм зөвхөн ард түмэнд хатуу үйлчилнэ. Зурагт, гар утас авсан хүнд хоёр жилийн хорих ял үйлчилдэг. Харин эрх мэдэлтэнд бол хууль огт үйлчилдэггүй” гэх үг.

Түүнийг Ерөнхийлөгч болсны дараа төмөр замын хэрэгт холбогдсон солонгосчууд 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн бол интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат нарын хүмүүсийн асуудал нам дарагдсан. Эсрэгээрээ өнгөрсөн дөрвөн жил, өөртэй нь үзэл бодол нийлээгүй болгоныг орон шоронгоор айлгаж, аваачиж хорьсон шүү дээ. Одоо ч зарим нэг нь ямар хэрэг хийснээ, яагаад гэмт хэрэгтэн болсноо ойлгоогүй яваа юм.

Оффшороос мөнгө тараах амлалт нь бүтэлгүйтсэн тухай хариулахдаа “Би оффшороос мөнгө оруулж ирдэг хүн биш байгаа юм”-аа гэж хүлээн зөвшөөрсөн нь яамай. Энэхүү ярилцлагаас дөрвөн сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос 17 тэрбум ам.доллар орж ирсэн, үүнийг өрх бүрт сая төгрөг болгож тараахыг МАН-аас шаардаж байв. Даанч хоёр алхахгүй л үнэнд гүйцэгдэх юм. Оффшороос нэг ч төгрөг Х.Баттулга оруулж ирээгүй, Монголбанкны дансанд сохор зоос ч ороогүйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэнтээ нотлож байсан нь өчигдрийн ярианаас үнэн болох нь батлагдав.

 Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Оффшорын мөнгийг АТГ шалгаж, прокурор хянаж,  шүүх шийдэх ёстой. 2017-2019 оны хооронд манайхаас оффшорт 4 тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулсан ч энэ мөнгөний 20-30 хувь нь Монголд  орж ирээгүй,оффшорт үлдэж байна. Илчлэгдсэн хулгайн мөнгийг Монголд оруулж  ирэхэд тусгай данс Монголд байх ёстой. Тэгэхгүй бол төсвийн цоорхойг нөхөөд дуусна. Гэвч эздийн нь мөнгө илрэх гээд байгаа учраас Монгол банк данс нээгээгүй өдий хүрсэн” гэж тайлбарлав. Охиндоо оффшор дансаа шилжүүлчихсэн хүний үгэнд итгэсэн бидний л хохь л доо.

Цаашлаад Монгол одоог хүртэл ялаагүй яваагаа "ялна" гэх товчхон үгээр хариулна лээ. Хэзээ, хэнийг ялах гээд байгаа юм бүү мэд. Сү.Батболдыг уу эсвэл У.Хүрэлсүхийг үү. Сонгуулийн дараа л бичлэгтэй, гүтгэлэгтэй том зодоон эхэлнэ.  Төрийн ордны гурван давхраас төрхөмдөө буцах Х.Баттулга эргэн ирэхийн тулд АН, МАН-ыг адилхан самарна.  Өөрийг нь нэр дэвших эрхийг нь хязгаарласан "өстөн"-өө тэр зуучихсан яваа.

Тэрбээр ард түмэнд хандаж,   “Та нарын баялгийг хулгайлсан зэрлэг капитализмын  галзуурлыг та нар өөрсдөө  өөгшүүлж байна. Та нар ядуу ажилгүй ядуу байгаа чинь  баялагт эзэн суусан энэ бүлэглэлтэй  шууд хамаатай.   Та нар төрөө  сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж захирч чадахаа байсан” гэж хуурай агсрав. Тэр төрийнх нь нэг уг нь Х.Баттулга өөрөө шүү дээ. Илүү тодорхойгоор хэлбэл, баялагт эзэн суусан бүлэглэлийнх нь нэг  нь Х.Баттулга байлаа.

Тэгж ярих юм бол капиталист нийгмийн буянаар Х.Баттулга Яармагийн зураачаас Монголын тэргүүн баян болтлоо хөлжсөн. Ардчиллын буяныг Монголын тэрбумнаас Төрийн тэргүүн болтлоо эдэлсэн. Бидний ядуу, ажилгүй байгаа маань Х.Баттулгын улс төрийн  үр дагавар.  Өнөөдөр гэхэд л төмөр замгүйгээсээ болоод нүүрсээ зарж чадахгүйдээ хүрчхээд байна. Өөр тэгээд ард түмнээ яаж доромжлох гэсэн хүн бэ дээ, энэ Х.Баттулга.

 Эцэст нь, Монгол Улсын Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгчийн дөрвөн жилийн ажлын тайлан гэхэд дэндүү жулдам, авгай хүүхнүүдийн ховын ярианаас илүү гарч чадсангүй.  Тоо баримт, судалгаа түй ч байхгүй,  самбар дээр мод бариад зогсож буй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаандаа хийсэн ажил нь ердөө хонзогнол, өширхлөөр дүүрэн байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж