ОХУ ихэвчлэн дээд албан тушаалтнууд болон засгийн газрын чухал ажилтнуудын аюулгүй байдлын төлөө хувийн мэдээллийг нь чандлан нууцалдаг билээ. Гэвч тэд энэ удаад зориуд нэгэн офицероо хэвлэлийнхэнд танилцуулсан байна.
Хэвлэлийнхэнд танилцуулсан Буран (цасан шуурга) бол Оросын холбооны аюулгүй байдлын албаны жижиг боловч чухал “Махчин” багийн шинэ гишүүн аж. Кремльд амьдарч буй анхны арктик шар шувуу тэрбээр өнгөрсөн онд холбооны аюулгүй байдлын албанд элссэн бөгөөд тун удахгүй албан ёсоор үүрэг биелүүлж эхлэх гэнэ.
Холбооны аюулгүй байдлын албаны багийг нэрнээс нь болоод элдэв тагнуулын үйл ажиллагаа, аллага зохион байгуулдаг хэмээн зарим хүмүүс эндүүрдэг гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ энэ багт ихэвчлэн бүргэд, хэрээний овгийн махчин шувууд үүрэг гүйцэтгэдэг аж. Тэдний үндсэн үүрэг бол Кремлийн ойролцоо жуулчдад төвөг удаж, түүхэн дурсгалт барилга, байгууламжуудыг сангасаар бохирдуулдаг жижиг шувуудыг агнах юм.
Түүнчлэн "Махчин" багийнхны нэг чухал үүрэг нь олноороо хамтарч, сүргээрээ элдэв аюулаас зугтаж сурах хандлагатай байдаг хотын зальтай жижиг хэрээнүүдийг айлгах, үргээх явдал гэнэ. Харин шинэ офицер Бураны хувьд өмнө нь байгаагүй шинэ тактик хэрэгжүүлэх чухал үүрэг хүлээжээ. Тэрбээр зальтай хэрээнүүдийг занганд оруулж дарах амьд өгөөшийн үүрэг гүйцэтгэх гэнэ.
Тухайлбал, арктик шар шувуу Москва орчимд ховор тул түүний цагаан өд, жижиг бие хэрээнүүдийн сонирхлыг онцгой татах агаад Бураныг барихаар дагаж ирсэн хэрээнүүдэд багийн бусад гишүүд гэнэтийн цохилт өгөх аргаар дарах аж.
"Махчин" багт Буранаас гадна арав гаруй жил үүрэг гүйцэтгэсэн хон хэрээнүүд болон багийн ахлагч Филя хэмээх бүргэд тэргүүтэй таван шувуу багтдаг гэнэ. Багийн ахлагч Филя бүргэд бол хүнээс үргэдэггүй, заримдаа жуулчидтай цуг зураг даруулдаг учир нэлээд алдартай нэгэн. Харин багийн өөр нэгэн чухал ахмад гишүүн 14 настай Астур хэмээх шонхор нэр хүндтэй хэдий ч Филягаас тэс өөр зантай учир тэр болгон хүмүүст харагддаггүй гэнэ.
"Махчин" багийг анх 1983 онд туршилтын төсөл хэлбэрээр байгуулсан ч хожим Кремлийн албан ёсны хамгаалагч болгожээ.
Эх сурвалж: RT.COM