Хүүхдийг 16 наснаас эхлэн вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийг 16 наснаас эхлэн вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Хүүхдийг 16 наснаас эхлэн вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Цар тахлын нөлөөгөөр бүтэн хоёр жил гэртээ “хоригдсон” хүүхдүүд Covid-19 халдварт өртөж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 30 гаруй хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт. Хүүхдүүд халдварт өртөж байгаа нь вакцинд хамруулаагүйтэй холбоотой хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна. Улсын онцгой комиссоос хүүхдийг вакцинд хамруулахаар судалж байгааг өмнө нь мэдээлсэн. Одоогоор вакцинжуулалт хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс тодрууллаа.

-АНУ, Канад зэрэг зарим улс орнууд хүүхдүүдээ вакцинд хамруулаад эхэллээ. Монгол Улсын хувьд хүүхдүүдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ. Энэ талаар тодорхой шийдвэр гарсан уу?

-Өнөөдрийн байдлаар хүүхдийг дархлаажуулах ажил ДЭМБ судалгааны шатанд үргэлжилж байна. Гэхдээ АНУ, Канад зэрэг зарим оронд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад эхэлсэн. "Файзер" вакцинаар дархлаажуулж эхэлсэн судалгаанууд бий. Монголын хувьд судалгааны ажил үргэлжилж байна. Судалгааны үр дүнд үндэслэн хүүхдүүдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ гэдэг нь тодорхой болох болов уу. Эрүүл мэндийн яамны эрдэмтдийн баг хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудлыг судалж байна. ДЭМБ-аас хүүхдүүдийг вакцинд хамруулахыг баталгаажуулаагүй учраас судалгааны үр дүнг харна. Өнөөдрийн байдлаар шийдвэр гараагүй.

-Гэхдээ Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийг дархлаажуулбал долдугаар сараас вакцинжуулалт эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ / өгөх хүүхдүүдийг вакцинд хамруулах талаар төлөвлөлт ороогүй. Учир нь, их дээд сургуульд элсэгчдийн ихэнх нь 18 нас хүрсэн залуус.  Тэдний хувьд "Синофарм" компанийн "Вероцелл" вакцинд хамрагдсан. Харин ЭЕШ өгөх 16-17 насны цөөхөн /2000 гаруй/ хүүхэд байна. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийх учраас эцэг, эхээс нь зөвшөөрөл авна. Мөн олон улсын судалгаануудад  үндэслэж үр дүнг нь харна.

-Засгийн газар 2.5 сая хүн тун "Файзер" вакцин татан авч эхэлсэн. Энэ вакцинд хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байгаа юу. Насны хувьд?

-Гадаадын зарим улс оронд эхний ээлжид 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн байна. "Файзер" вакцинд 16 насны хүүхдүүд гэсэн заалт бий. Хэрэв хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлэхээр болбол 16, 17 наснаас дархлаажууж эхэлнэ.

Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын шийдвэрийг харж, судалгааны үр дүнд үндэслэн хүүхдүүдийн вакцинд хамруулах хугацааг тодорхой болгоно гэх мэдээллийг өгч байгаа юм. Товчхондоо, хүүхдүүдийг хэзээнээс вакцинд хамруулах нь тодорхойгүй байна. Вакцинжуулалттай холбогдуулан “Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч  Б.Болдсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

-Сүүлийн үеийн эрүүл мэндийн яамны мэдээг та бүхэн үзсэн бол халдвар авч байгаа хүний 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. Монголд 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 гаруй хувийг эзэлж байгаа. Тэд нарт огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж байгаа, зарим нь өвдөж байгаа. Харамсалтай нь хүүхдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй болгодог, суурь өвчтэй болгодог, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхдүүд их байдаг болчихсон.  Тэд илүү өвдөөд байгаа юм. Монголд ч биш дэлхий даяар өвдөж байгаа. Би Засгийн газрыг магтдагийн учир энэ намар хичээл эхэлнэ гэсэн. Тэрний өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл гайгүй байгаа вакцины нэг файзерын 2.5 сая тунг гэрээ хийгээд оруулаад ирчихсэн байгаа. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээс өөр арга байхгүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийхээс өөр арга байхгүй. Энэ дотроос хамгийн аюулгүй, гайгүй гэж бодож байгаа нь "Файзер" байгаа.

Би Засгийн газарт талархмаар байна. Хамгийн түрүүнд би 15 настай  хүүхдээ  аваачиж файзер хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүхдээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсч байгаа учраас хамгийн түрүүнд очиж хийлгэнэ. Хар ухаанаар бодоход ч муухай байхгүй юу. Хоёр сая том хүн амиа бодоод вакцин хийлгэчихсэн. Тэгээд энэ тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ. Тэднийхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газарт талархмаар байна. 100 жилийн ой болох наадмаараа бүгд сайхан эрх чөлөөтэй, цэнгэл наадамтай байя гэж бодох юм бол вакцинаа хийлгээд хариуцлагатай байх ёстой. Хэчнээн баяр болоод, хэчнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй, хоёр метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй, гашуудал оршуулга болсон ч ингэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус бол ойлгохгүй шүү дээ. Одоо аюултай гэснээ одон авахаар гайгүй болно, оршуулга юм уу овооны тахилга болохоор хүмүүс нь хамгаалагдна гэсэн ойлголт вируст байхгүй. Тийм болохоор ямар ч тохиолдолд хөдөө гадаа зугаалахдаа ч өөрсдийгөө хамгаалж яваарай л гэж хүсмээр байна гэлээ.

“Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал,  зүрхний мэс заслын их эмч  Б.Болдсайхан эмчийн хэлснээр вакцины үр дүнд Covid-19 халдварт өртсөн ч хөнгөн өвдөж, өвчний хүндрэл байхгүй, үхэх магадлал багасчээ. Харин вакцинд хамрагдаагүй бол эрсдэл өндөр гэдгийг анхааруулсан юм. Тэрбээр “Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод  гадуураа хуягтай болж байгаа юм биш. Хоёрдугаарт, огт өвдөхгүй гэсэн үг биш” хэмээн тодотгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж