"ЗХУ-ын гидрологичид Шүрэн, Эгийн гол дээр УЦС байгуулахыг зөвлөсөн

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

"ЗХУ-ын гидрологичид Шүрэн, Эгийн гол дээр УЦС байгуулахыг зөвлөсөн

"ЗХУ-ын гидрологичид Шүрэн, Эгийн гол дээр УЦС байгуулахыг зөвлөсөн

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд ОХУ-д хийсэн түүний айлчлал Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулагдсанаараа онцлог болов. Хоёр тал энэхүү тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх өргөн цар хүрээтэй төлөвлөгөө гаргажээ.

 "Ньюс" агентлаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын эргэн тойронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ХИЙН ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ УРАГШИЛЖ БУЙД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Б.Батцэцэг сайд айлчлалынхаа хүрээнд төлөвлөсөн ёсоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг урагшлуулах талаар санал солилцжээ.

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох үйл ажиллагааг хоёр талаасаа ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлсэн байна.

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрэв. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр болсон юм.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгсөн. Мөн сайд нар БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одон гардуулах ёслолд оролцсон юм.

“МОНГОЛ, ОРОСЫН АРД ТҮМНИЙ САЛШГҮЙ НӨХӨРЛӨЛИЙН 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо энэ сарын 2-нд очиж, Оросын Үндэсний номын санд дэлгэгдсэн “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. Нээлтийн ёслолд Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын ГХЯ-ны Санкт-Петербург хот дахь төлөөлөгчийн орлогч А.В.Олегович, Санкт-Петербургийн Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүлэх профессор В.Л.Успенский нар үг хэлжээ.

Тус номын санд нэг сарын турш дэлгэгдэх уг үзэсгэлэнд Монгол, Оросын харилцаа, ОХУ дахь монгол судлалын чиглэлээрх архивын баримт, ном, товхимол, уран зураг зэрэг үзмэр багтжээ. Оросын Үндэсний номын сангийн фондод монгол хэл дээрх 9000 орчим ном байдаг аж.

Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрийн орой Санкт-Петербург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын үйл ажиллагаатай танилцав.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой уулзсан.

Уулзалтын үеэр энэ оны гуравдугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газрын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгасан зарим ажлын хэрэгжилтийн талаар санал солилцсон байна. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцжээ. Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцсэн байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн Бүгд Найрамдах Серби Улсын парламент (Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай хотноо уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарахаар тохиролцжээ.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай уулзав. Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон ажил, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ДМИТРИЙ МЕДВЕДЕВИЙГ УРЬЖЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “РИА Новости” агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагадаа ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын талаас Оросын жуулчдыг татах төлөвлөгөөний талаар ярьжээ.

Юуны өмнө тэрбээр зургадугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохыг дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд хэлхээ холбоо тогтоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буй талаар мэдээлсэн байна. Сонгуулийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлийг боловсруулах бөгөөд үүнд ОХУ-тай хамтран ажиллах, харилцаагаа хөгжүүлэх асуудал чухал байр эзлэхийг онцолжээ.

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Монгол Ардын Нам, Ардын Хувьсгалын 100 жилийн ойтой давхцана. Бүх баяр ёслол долдугаар сард болох бөгөөд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийг урьжээ. Б.Батцэцэг сайд “Орос улс бол бидний хувьд хамгийн чухал түнш бөгөөд ОХУ эдгээр арга хэмжээнд өндөр түвшинд оролцоно хэмээн найдаж байна” гэжээ.

“МОНГОЛ УЛС ЦЭРЭГ-УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЭЛСЭХ ШААРДЛАГАГҮЙ”

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр өндөр түвшинд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурджээ.

Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны баг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт 2021 оны эцсээр гарч, чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэх боломжтойг дурджээ.

“Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдэх боломжтой юу?” гэсэн асуултад тэрбээр “Манай улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд, бусад орнуудын зүгээс үндэсний аюулгүй байдалд шууд аюул учраагүй бол цэрэг-улс төрийн аливаа байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг. Золоор хэн ч бидэнд заналхийлээгүй, бидэнд шууд аюул учруулаагүй байна. Тиймээс бид ХАБГБ гэх мэт цэрэг-улс төрийн байгууллагуудад элсэх шаардлагагүй.

Манай улс Орос, Хятадын дунд оршдог. Далайд гарах гарц байхгүй, гуравдагч түншүүд рүүгээ хүрэхийн тулд Орос, Хятадын өргөн уудам нутгаар дамжин өнгөрөх гэх зэрэг хүндрэлүүд бий. Гэхдээ давуу тал бас бий. Бид аюулгүй гэдгээ мэдэрдэг” хэмээн хариулжээ.

“БАЙГАЛ НУУР ОХУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС БОХИРДОЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ”

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан цахилгаан станц байгуулах төсөл Оросын шаардлагаар зогссоныг хэлээд, энэ талаар Монгол Улсын баримталж буй байр суурийг тодорхой тайлбарлажээ.

Тэрбээр “Энэ станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөөгүй. Шүрэн болон Эгийн гол гэсэн Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг голууд дээр байгуулахаар төлөвлөсөн. Монголын нутгаар урсан өнгөрдөг Сэлэнгэ мөрөн бол Байгал нуурын усан сангийн ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Цахилгаан станц барихаар төлөвлөж байсан Эгийн гол нь Байгал нуурын усан сангийн дөнгөж 5 хувийг бүрдүүлдэг. Нөгөө талаас, усан цахилгаан станц барьснаар гол татарна гэсэн үг биш.

Хоёрдугаарт, Зөвлөлтийн гидрологчид судалгаа хийгээд, Эгийн гол болон Шүрэн дээр усан цахилгаан станц байгуулахыг зөвлөж байсныг энд дурдах нь зүйтэй. Бид Зөвлөлтийн гидрологичдын дүгнэлтэд тулгуурласан. Тиймээс бидэнд энэ төслийг эхлэхэд ОХУ-ын талаас гаргасан байр суурь ихээхэн ойлгомжгүй байсан.

Гуравдугаарт, усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах нь Байгал нуурыг бохирдуулах вий гэсэн болгоомжлол байв. Гэхдээ энэ нуур ОХУ-ын нутаг дэвсгэрээс бохирдож байгаа нь нууц биш юм. Нууран дээр целлюлоз-цаасны үйлдвэр одоо хүртэл ажиллаж байна. Нуурын сав газруудад аж үйлдвэрийн маш олон объект барьсан, нуурыг тойроод олон тооны аялал жуулчлалын газрууд байдаг. Тиймээс маргаантай асуудлууд их бий.

Дөрөвдүгээрт, "Шүрэнгийн УЦС" төслийг боловсруулж эхлэхийн өмнө Байгал нуурын усны түвшин болон нуурын биологийн олон янз байдалд нөлөөлөх үнэлгээний судалгааг Францын компани хийсэн. Эдгээр судалгааны үр дүн нэлээд эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, нууранд нөлөөлөх үзүүлэлт маш бага, бараг тэгтэй тэнцүү байсан. Гэвч Оросын тал үүнийг анхааралдаа аваагүй. Орос улс энэ асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж, эдгээр төсөл зогссон.

Манай төслүүд зогссон, оронд нь бидэнд Оросын тал цахилгаан эрчим хүч худалдаж авах санал тавьсан. Гэхдээ манай дулааны цахилгаан станцуудыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна. Шинээр цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Нарны зай, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч гаргах үйлдвэрлэл нэмэгдэж байна. Тиймээс цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой асуудал зарчмын хувьд байхгүй.

Бидэнд тулгарч буй асуудал бол цахилгаан эрчим хүчний хомсдол биш, харин тохируулагч хүчин чадал, тохируулагч цахилгаан станцууд хэрэгтэй байгаа юм. Шөнийн цагаар, эрчим хүчний хэрэглээ унах үед манайх ОХУ руу цахилгаан эрчим хүчийг маш бага тарифаар эргүүлэн нийлүүлж, харин дутагдсан үед Оросын талаас зах зээлийн тарифаар худалдан авдаг. Шөнийн цагаар гардаг илүүдэл, дутагдалтай үед Оросоос импортоор авдаг байдал нь манай орны төсөвт хүнд дарамт болдог.

Одоо нөхцөл байдал ийм байгаа учраас асуудлын гол нь бидэнд цахилгаан хангалтгүй байгаад бус, харин зохицуулалтын хүчин чадал дутмаг байгаа юм. ОХУ-ын эрчим хүчнийхэнд энэ асуудлаар хамтран ажиллах санал тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй байна” гэжээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI, BIGASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж