Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-д цор ганц бие даагч сонгогдсон нь Н.Алтанхуяг. Цагтаа Ардчилсан намын дарга, ардчиллынхан УИХ-д олонх байхад Засгийн газрыг нь тэргүүлж байсан Н.Алтанхуяг. Тэрбээр Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш намынхандаа гомдож, намаасаа өрх тусгаарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг түшиж явсан ч саяхан УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элсч, намынхаа гишүүнчлэлээ сэргээж, бүр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг оролдов. Эцэстээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэл нь биелээгүй учраас Сүхбаатарын талбайг хэдэн өдөр гороолсоор чимээгүй болсон.
УИХ-ын гишүүн, бие даагч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгож, намаа удирдуулж байсан ардчиллын гишүүдээс урваж, бие даагч болж, эрдэнэтчүүдийг төлөөлнө хэмээн амлалт өгч байсан ч нэг жил хүрэхгүй хугацааны дараа сонгогчдоосоо ч урвав.
Намтайгаа хамт 2016 оны сонгуульд ялагдсанаас хойш тэрбээр улс төр, фракц, бүлэглэл гэхээсээ илүү ганцаарчилсан улс төрийн тоглолт хийх болсон. Чухам Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүргэнээ ЗГХЭГ-ын даргаар томилж, тэр нь олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсоноос үүдэн Ерөнхий сайдаас нь огцруулж, сануулга өгч байсан нь Ардчилсан намынхан. Энэ цагаас эхлэн Н.Алтанхуяг Ардчилсан намын “дайсан” болсон. Бүр Ардчилсан намаас гарч, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн хэмээх шинэ нам байгуулж, багийн тоглогч биш ганцаараа тоглогч болсон юм. Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр намдаа очих гэсэн санаархлаа биелүүлэв.
Н.Алтанхуягийг их зальжин гэж улс төрийн хүрээнд дүгнэх нь бий.
Ерөнхий сайд байхдаа эрдэтчүүдэд зориулж хийж өгсөн нэг ажил нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн зөвшөөрөл олгож байв. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Н.Алтанхуяг бол Эрдэнэтийн 25 мянган иргэдээс өгсөн хүсэлтийг өөрийн биеэр хүлээн авч, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнд захиралд үүрэг өгч, шийдвэр гаргуулж байсан гавьяатай хүн” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.
"ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" ХХК Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар: Н.Алтанхуяг бол Эрдэнэтийн 25.000 иргэдээс өгсөн хүсэлтийг өөрийн биеэр авч Даваацэрэн захиралд анхны бичгийг өгч шийдүүлсэн хүн учраас бид дэмжинэ.
Posted by Эрдэнэт on Tuesday, June 23, 2020
Түүний энэ үйлдэл нь гавьяа гэхээс илүү маш олон хохирогч дагуулсан, өнөөдөр ч үр дүнгээ өгч чадаагүй залилангийн хэрэг болон үлдсэнд эрдэнэтчүүд өнөөдөр ч эгдүүцдэг. Түүгээр зогсохгүй нутгийн ах Ц.Нямдоржийгоо зальжин аргаараа мурисан гэх яриа ч увсынхан дунд гардаг. 2020 оны УИХ-ын сонгуульд нутгийн ах Ц.Нямдоржтой зуузай холбон өрсөлдөхдөө хамтдаа ялалт байгуулна хэмээн Эрдэнэт дэх Увс нутгийнхаа зөвлөлийнхнийг Ц.Нямдорж бус надад л саналаа өгөөрэй хэмээн уриалж, зальжин зан гаргасныг нь Эрдэнэт дэх Увс нутгийн зөвлөлийхөн нь одоо ч ярилцдаг гэх. Түүний энэ занг нь Ц.Нямдорж мэдээгүй өнгөрсөн гэдэг юу л бол гэх юм билээ.
Н.Алтанхуягийн мөнхийн хүсэл болсон намаа аврах хүсэл одоо ч хэвээрээ гэх. Эрдэнэтчүүдээс урваж, Ардчилсан намын гишүүн болж, УИХ дахь бүлэгтээ орсон ч тэрбээр АН-ынхаа эсрэг ажилласаар.
Түүний АН-ын эсрэг ажиллаж байгаа үйлдлийг нь Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Сүүлийн үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс цагаан сонгуульд уриалж байгааг эсэргүүцэж байна. Тэр дундаа АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг цагаан сонгуульд уриалж эхэллээ. Манай намын хагарал цөөхөн хэдэн хүмүүсээс болж тартагтаа тулсан. Нэг талдаа Н.Алтанхуяг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө талдаа албан ёсны намын удирдлага гэж хоёр хуваагдсан. Н.Алтанхуяг намын нэрээр Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайд хүртэл хийж явсан. Буйдан дээрээ сууж байгаад намын нэрээр жагсаалтаар Их хурлын гишүүн болж явсан удаатай. Намын даргын сунгаанд 2017 онд одоогийн намын удирдлагатай өрсөлдсөн ч ялагдсан. Ялагдчихаад 2016 оноос хойш АН-руу дөрвөн жил өөрийнхөө троллуудаараа цүнх баригчдаар нам руугаа нохой мэт хуцуулсан. Тиймээс АН-ын дэмжигчид цагаан сонгууль гэх утгагүй зүйлд автахгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцоотой гэж уриалж байна. Н.Алтанхуяг нэр дэвшиж чадаагүй учраас цагаан сонгуульд уриалж өөрөө нэр дэвших гээд байгаа хэрэг үү. Би л нэр дэвших ёстой чи биш гэсэн байдлаар асуудалд хандаж байна" гэж хэвлэлд мэдээлж байв.
Ерөөөс Н.Алтанхуяг хийж буй, хийхээр төлөвлөж байгаа бүхэн нь иргэд, сонгогчдынхоо төлөө гэхээс илүү хувь хүнийхээ эрх ашгийн төлөө л буй мэт. Нэг хэсэг Эрдэнэтийн сонгогчид нь түүнийг АН-ын бүлэгт орсныг нь эсэргүүцэж, УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх гарын үсэг цуглуулж эхэлснээ зарлаж байсан. Түүнийг гишүүнээс нь түдгэлзүүлэх гарын үсэг цуглуулах ажиллагаа цар тахал, Ерөнхийлөгчийн сонгуульд гээд хэсэг намжсан гэнэ лээ.
Н.Алтанхуягт итгэл хүлээлгэж, сонгосон эрдэнэтчүүдээсээ урваж чадсан бол тэр цаашид хэнээс ч, юунаас ч урваж мэдэх юм хэмээн сонгогчид нь хэлэлцэж, суугаа гэсэн шүү.
Т.ОД
Холбоотой мэдээ