Монгол – Киргиз багуудын тоглолт 1-0 гэсэн харьцаатай өндөрлөж, Монголын шигшээ баг Япон дасгалжуулагч Масэ Шүичигийн удирдлага дор анхны тоглолтоо хийж, анхны ялалтаа авлаа. Энэ тоглолтын цорын ганц гоолыг О.Мижиддорж 34 дэх минутанд оруулав.
Эхний үе: Монгол 1 – 0 Киргиз
Монгол-Киргиз багуудын эхний үе 1-0 гэсэн харьцаатай өндөрлөлөө. Одоогоор тоглолтын цорын ганц гоолыг О.Мижиддорж 34 дэх минутанд оруулаад байна. Тэрбээр хөдөлгөөнгүй бөмбөгнөөс Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар гоол оруулсан юм. Гэвч харамсалтай нь О.Мижиддорж тоглолтын нэгдүгээр үе дуусахтай зэрэгцэн баруун өвдгөндөө гэмтэл аван талбайг чөлөөлөв.
МОНГОЛЫН ШИГШЭЭ МАСЭ ШҮИЧИГИЙН УДИРДЛАГА ДОР АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг "Катар – 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр/2021.06.07/ Киргиз улсын эсрэг хийнэ. Тус тоглолт дундын талбайд буюу Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэхэд Монголын цагаар 15.00 цагаас эхлэх юм. Өчигдөр техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал болсон. Монголын шигшээ тоглолт явагдах "Янмар" цэнгэлдэхэд албан ёсны бэлтгэлээ хийжээ.
Цагийн нөхцөл байдлаас үүдэн шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч Масэ Шүичитэй цахимаар холбогдож зөвлөгөө авч байсан. Мөн Монголын шигшээ Японд очин анх удаа дасгалжуулагчтайгаа биечлэн уулзаж бэлтгэл хийсэн. Япон дасгалжуулагч Масэ Шүичи багийнхаа дотоод уур амьсгал халуун дулаан байж, эв нэгдэлтэй байж чадвал ямар ч багт хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадах талаар онцолжээ.
Монголын шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт багтаж байгаа бөгөөд долоон тоглолтын дараах байдлаар гурван оноотой явна.
Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэрээр Монголын үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ Шүичи томилогдсон. Тэрбээр 2023 он хүртэл “Талын хөх чононууд”-ыг удирдана.
Холбоотой мэдээ