Израильчууд цар тахлын эсрэг хязгаарлалтууд, халдвар хамгааллын дэглэмүүдээ үе шаттайгаар сулруулсаар өдгөө үлдсэн ганц журам нь олон нийтийн газар дотор орчинд амны хаалт зүүх юм. Тэгвэл эрүүл мэндийн сайд Юли Эделстейний хэлснээр зургадугаар сарын 15 гэхэд халдварын шинэ тохиолдлын тоо бага хэвээр байвал дотор орчинд амны хаалтгүй байхыг зөвшөөрөх гэнэ.
Израиль энэ сарын 1-нд жил гаруй хугацааны турш ард иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжилд асар их саад учруулсан цар тахлын эсрэг олон хүн цугларахыг хориглох, дэлгүүр, зоогийн газар гэх мэт байгууллагуудын үйлчилгээг хязгаарлах хязгаарлалтуудаа бүгдийг нь цуцалж, бүх хүмүүсийг вакцины гэрчилгээ шаардлагагүйгээр хүссэн газраараа үйлчлүүлэхийг зөвшөөрсөн.
Ажиглагчдын үзэж байгаагаар нийт есөн сая хүн амынхаа 60 гаруй хувь буюу таван сая гаруй хүнийг бүрэн дархлаажуулсан Израиль улсын хувьд дээрх алхам бол эрсдэл багатай шийдвэр юм. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Израильд халдварын дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад орноос ирсэн хүмүүсээс илэрчээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 24 цагт Израиль улсад нэг ч дотоодын халдвар бүртгэгдээгүй байна.
Иймд Израилийн эрүүл мэндийн сайд Юли Эделстейн “Хэрвээ халдварын шинэ тохиолдол цөөн хэвээр байвал энэ сарын 15-нд хамгийн сүүлийн хязгаарлалтаа цуцалж, дотор орчинд ч амны хаалтгүй явахыг зөвшөөрнө. Энэ бол бидний удаан хугацаанд төсөөлж ч чадахааргүй оргил байлаа. Гэхдээ бид энэ оргилд хүрсэн байна. Эмч нартаа баярлалаа” хэмээсэн бол Ерөнхий сайд Бенжамин Нетаняху “Ялалт гэж ийм байдаг юм. Ард түмэн маань баярлан хөөрцгөөж байна. Бид одоо инээмсэглэж байна. Бид өнөөдөр ялсан болохоороо инээмсэглэцгээж байна” хэмээн ярьжээ.
Зургадугаар сар эхэлснээс хойш Израильд хоногт бүртгэгдэх шинэ халдварын тоо нэг оронтой болон буурсан бөгөөд өдгөө 221 халдвартай хүн байгаагийн 38 нь хүндэвтэр байгаа аж. Гэхдээ энэ сарын 15-наас эхлэн иргэдийг дотор орчинд амны хаалтгүй байхыг зөвшөөрлөө ч хүүхдүүд бол сургууль дээрээ амны хаалтаа зүүх ёстой гэнэ. Учир нь өдгөө Израильд 16-аас доош насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээгүй байгаа билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ