
Увс аймгийн Давст сум дахь цэргийн 0245 дугаар ангийн “Мөнхцахир” заставт Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар цэргийн алба хааж байх үедээ орлогч дарга болон харуулын даргаа буудан хөнөөсөн хэрэг гарч байсан. Уг хэрэгт холбогдох шүүх хурал долдугаар сарын 23-ны өдөр болохоор товлогдсон юм. Гэвч Увс аймгийн шүүхийн эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн ээлжийн амралтаа авсан тул энэ сарын 15-ны өдрийг хүртэл яллагдагчийн шүүхэд шилжих хугацааг сунгасан байна. Уг хэрэгт Увс аймгийн ерөнхий шүүгч Б.Лханаасүрэн хяналт тавьж буй гэнэ. Өнгөрсөн 2005 оны тавдугаар сарын 11-ны өдөр эл хэрэг гарчээ. Хэргийг Н.Алтанхуягa, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар үйлдсэн даруйдаа заставын орлогч дарга, талийгаач Ж.Лувсаншаравын гар бууг 100 сумтай авч Орос улс руу морьтой оргосон юм. Тэднийг дөрөв хоногийн дараа Орос улсын хилийн 1641 дүгээр тэмдэгтээр хил зөрчсөн болохыг тогтоож, тус улсын Хилийн тагнуулын албаны цагдаа нар баривчилсан билээ. Тэд тухайн улсын хилийг зөрчсөн улмаас Орос Улсын Эрүүгийн хуулийн дагуу Н.Алтанхуягт дөрвөн жил, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нарт гурван жилийн ял ногдуулсан байдаг. Ингээд Ч.Эмх-Амгалан, Отгонхишиг нарт тус улсын дэнсэн харгалзах ял оногдуулж, төлөвлөсөн ялаас хоёр жилийн өмнө суллагдсан байдаг. Харин Н.Алтанхуяг нь төлөвлөсөн ялыг гүйцэт эдлээд өнгөрсөн оны тавдугаар сард эх орондоо ирсэн. Тэдний хэргийг манай улсын хууль хяналтын байгууллага сэргээн шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.
Н.Түвшин