3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

3х3 баг эцсийн мөчид хожигдож, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

Хилийн чанадад дэлхийн аварга, олимпийн эрхийн тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид ялалт амжилт, гуниг харуусал дүүрэн байна. Жүдо бөхийн шигшээ баг тамирчид Унгарын нийслэл Будапешт хотод дэлхийн аваргад оролцож байгаа бол 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Унгарын Дебрецен хотод олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцлоо.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ЭЦСИЙН МӨЧИД ХОЖИГДОВ

Олимпийн сүүлийн ганц эрх олгох тэмцээнд оролцсон Монголын эрэгтэй шигшээ баг хэсгээсээ нэг хожил, нэг хожигдолтой хасагдах шатанд шалгарсан. Тэд хагас шигшээ шатны эрхийн төлөө Украины залуустай хүч үзэж, 19-17 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Тоглолтын тухайд Монголын шигшээ баг эхнээсээ онооны давамгай байдлыг үүсгэж, тэргүүллээ хадгалсаар хожсон. Ийнхүү Украиныг буулган авсан Монголын баг хагас шигшээд Бельгийн хүчтэй багтай учраа таарав. Бельгийн багийн хувьд хэсгийн шатандаа энэ тэмцээний чансааг тэргүүлэгч хүчирхэгч Словенийн багийг буулган аваад байсан юм.

Тоглолтын эхлэлийг Бельгийн шигшээ баг сайн тавьж, 6-0 гэсэн онооны зөрүүг үүсгэсэн ч тоглолтын төгсгөлд онооны харьцаа 12-12 болж тэнцсэн. Тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас 30 секундын өмнө Г.Цэнгүүнбаяр алсын зайн шидэлтээ амжилттай болгон Монголын шигшээ илүү гарсан ч Бельгийн шигшээ баг хариу хожлын шидэлт гүйцэтгэн 16-15 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Улмаар Бельгийн баг шигшээ шатанд талбайн эзэн Унгарыг хожин түрүүлж, олимпийн сүүлийн ганц эрхийг авсан юм. Харин эмэгтэй ганц эрхийг Италийн шигшээ баг хүртжээ.

М.УРАНЦЭЦЭГ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Унгарт эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ын барилдаанууд явагдаж, Монголоос гурван тамирчин оролцсон. Эрэгтэй -60 кг-д өрсөлдсөн Л.Өнөболд В хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбаевтай барилдаж, ялагдал хүлээснээр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр дагах барилдаанд Азарбайжаны Карамат Хусейновд ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй -48 кг-д зодоглосон Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин МУГТ М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө Японы Вагана Когатай барилдаж, ялагдал хүлээн дагах барилдаан хийх болов.

М.Уранцэцэг гуравдугаар тойрогтоо Казахстан улсын нэр дээрээс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй учраа таарч, ялалт байгуулаад байсан юм.

Дагах барилдаанд М.Уранцэцэг Францын Сирин Буклиг ялж, улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөө тэрбээр Косовогийн Дистриа Красникитай учраа таарч, ялалт байгуулан ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэв.

МУГТ М.Уранцэцэгийн хувьд 2013 оны ДАШТ-ээс алт, 2017 оны ДАШТ-ээс мөнгө, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан бол ийнхүү 2021 оны ДАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж