2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.
2017 оны буюу дөрвөн жилийн өмнөх сонгуультай харьцуулахад цар тахлын гамшиг нүүрлэж, эрүүл мэнд болон эдийн засгийн томоохон сорилт тулгарсан хүнд хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонгох гэж байна.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилсэн нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД:
- 1993 онд 15 хоног сурталчилгаа хийж байв.
- 1997 онд 1 сар 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2001 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2005 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2009 онд 1 сар 12 хоног сурталчилгаа хийж байв.
- 2013 онд 1 сар 3 хоног сурталчилгаа хийж байв.
- 2017 онд 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2021 15 хоног сурталчилгаа хийв.
Энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч бүртэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Гэвч нэр дэвшигч Д.Энхбат болон эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг буюу Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Тиймээс нэр дэвшигчид өнөөдөр онлайнаар мэтгэлцэх юм. Энэ удаагийн сонгуульд цагаан сонголт хэвээр үйлчилнэ. Олзуурхууштай нь, өнгөрсөн 2017 оны сонгуулийг бодвол хар технологи харьцангуй багасчээ. Ингээд найм дахь удаагийн сонгуулийн онцлогуудыг тоймлон хүргэе.
"Глоб интернэшнл" Төрийн бус байгууллага тавдугаар сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 1-нийг хүртэл таван телевизийг сонгон авч сонгуулийн сурталчилгаанд анализ хийхэд эерэг өнгө аястай мэдээлэл буюу магтаж сайшаасан хэлбэртай мэдээлэл давамгайлжээ. Таван өдрийн эфирийн зургаан хувийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлсэн байна.
Өмнөх судалгаагаар МҮОНРТ-ийн гурван нэр дэвшигчид дээр МАН 37 хувь, АН 32, "Зөв хүн электорат эвсэл" 31 хувийг эзэлж байсан бол энэхүү баланс нь одоо харьцангуй алдагдаж МАН-аас нэр дэвшигчид 47 хувийн цаг, АН-аас нэр дэвшигчид 28 хувийн цаг, "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигчид 25 хувийн цагийг тус, тус оногдуулсан үзүүлэлт гарсан.
"Монгол HD", ТV-9, MN-25, NTV зэрэг телевизүүдээр МАН-аас нэр дэвшигч 53 хувь, АН 45, "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч хоёр хувь гарсан. Арилжааны телевизийн хувьд цаг хуваарилалт харьцангуй тэнцвэртэй байсан.
Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНРТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн таван телевизийг хамруулан судалгаа хийхэд мөн л МҮОНРТ-ийн нэр дэвшигчдэд оноосон цаг тэнцвэргүй байжээ. МҮОНРТ нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх мэдээлэл давамгайлсан нь 38 хувийг эзэлсэн бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарт тун ойролцоо цаг оногдсон нь адил тэнцүү 31 хувийг эзэлжээ. “UBS”, “25 дугаар суваг” телевизэд нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давамгайлсан бол С1 телевизэд нэр дэвшигч М.Энхболд, TV9 телевизэд нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл илүү цаг эзлэв. Арилжааны дөрвөн телевизийн дунджаар хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод зарцуулсан нь 38 хувь болсон бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 37 хувийиг эзэлжээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хамгийн бага цаг оногдсон нь 25 хувь болсон юм.
ХАЯГАН ДЭЭРЭЭ ГАНЦ ХҮН АМЬДАРДАГ МӨРТЛӨӨ 10 ХҮН БҮРТГЭЛТЭЙ БАЙХ ТОХИОЛДОЛ БИЙ
“МИДАС” Төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн С.ЭНХЖАРГАЛ:
– Өмнө нь нам эвслүүдэд 40 хоногийн өмнө сонгогчдийн нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгдөг байсан. Харамсалтай нь энэ удаа сонгууль дуусахаас өмнөх хоёр хоногт буюу зургадугаар сарын 6-7-нд сонгогчийн нэрийн жагсаалтыг өгөхөөр болсон. Улмаар дээрх иргэдийн гэрийн хаягийг тулгах нь амжих эсэх, мөн шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа энэ нь үр дүнтэй байх уу гэдэг нь эргэлзээтэй. Өнгөрсөн жил нэг хүн хоёр удаа санал өгөх оролдлого хийж байсан. Иймэрхүү тохиолдол нь регистрийн дугаараар бүртгүүлэхээр зураг нь гарч ирдэггүй учраас түгээмэл гардаг. Харин энэ удаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд регистрийн дугаараар санал өгөх гэж байгаа бол заавал тухайн иргэний зургийг нь авч баримтжуулдаг болсон. Өнгөрсөн жил хийгээгүй хурууны бэхэн тэмдэглэгээг энэ удаа хийнэ. Манай байгууллагын хувьд нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байх магадлалтай гэсэн хаягуудыг түүж биечлэн очиж шалгаж байгаа. Ингэхэд хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй тохиолдлууд гарч байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнөө хийлгэдэггүйтэй холбоотой. Зарим нь “Манай хаяг дээр ийм хүн бүртгэлтэй байдаг юм уу” гээд гайхдаг. Өөрсдөө ч мэдээгүй байх жишээний. Хаяган дээрээ ганц хүн амьдардаг мөртлөө 10 хүн бүртгэлтэй байх тохиолдол бий. Очоод уулзахаар “3-4 хүн нь манай гадаадад байгаа хамаатнууд бусад хүмүүсийг огт танихгүй” гэдэг. Иймэрхүү тохиолдлууд гарсаар байна.
САНАЛ АВАХ ТӨХӨӨРӨМЖИД АСУУДАЛ БАЙХГҮЙ
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.БАЯСГАЛАН :
-Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал хураалтын үр дүн дээр тойрог бүрт тодорхой хэмжээний маргаан сонгуулийн үеэр гардаг. Гэхдээ 100 хувь гараар тооцох учир гомдол, саналын хувьд харьцангуй бага байна гэж бодож байна. Олон нийтийн сүлжээнд санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердаж чадна гэж мэдээлснийг цагдаагийн байгууллага шалгаж, үүнийг боломжгүй гэдгийг нотолсон. Санал авах төхөөрөмжид асуудал байхгүйг мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэх, санаатайгаар гуйвуулах зорилгоор худал мэдээлэл тараах тохиолдол гарч байна. Саналын хуудасны тухайд хоёр жилийн хугацаанд хадгалагддаг. Маргаан гарвал шүүхээс шалгах эрхтэй. Өмнөх сонгуулийн үеэр захирамж гарч, нотлох баримт дээр хяналтын тооллого хийсэн нэг тохиолдол гарсан бөгөөд санал зөрөөгүй. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бий. Төхөөрөмжийг бэлэн болгох үйл ажиллагаанд олон талт төлөөллүүд оролцдог гэдгийг олон нийт мэддэг байх хэрэгтэй. Туршилтыг 10 жилийн сургуулиуд болон цөөнгүй газар очиж хийж үзүүлдэг. Үүнийг лацадсан төхөөрөмж дээр хийдэг бөгөөд тухайн хяналтын хүмүүс дурын төхөөрөмжийг туршдаг гэж ойлгож болно. Мөн санал тоолох хар машинд флашны оролт ямар ч зориулалтгүйгээр байдаг гэж олон нийтийг төөрөгдүүлж байна. Хар машинд USB оролт гэж байгаа. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд чихэвчээр өөрийн өгсөн саналаа зөв уншигдсан эсэхийг сонсох боломжтой аудио холболт гэсэн үг. Тэр оролт нь санал хураалтын хугацаанд лацтай байдаг. Санал авч байх хооронд тэр лацыг оролдох боломжгүй. Монгол Улс тус оролтыг зориулалтаар нь ашиглаж байгаагүй.
УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлууд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Тэгвэл долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан бол 2001 оноос энэ зардал хоёр дахин, 2009 онд тэрбум тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна.
- 1993-40 сая төгрөг
- 1997-150 сая төгрөг
- 2001-462.5 сая төгрөг
- 2005-636.2 сая төгрөг
- 2009-4 тэрбум төгрөг
- 2013-15.8 тэрбум төгрөг
- 2017-14.9 тэрбум төгрөг
- 2021-26 тэрбум төгрөг
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр орон даяар зохион байгуулна.
Холбоотой мэдээ