Ард түмний аминаас “үнэтэй”  шагнал, сонгуулиа дуусгая!

Хуучирсан мэдээ: 2021.06.07-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ард түмний аминаас “үнэтэй”  шагнал, сонгуулиа дуусгая!

Ард түмний аминаас “үнэтэй”  шагнал, сонгуулиа дуусгая!

Сүхбаатарын талбай сүүлийн 10 хоног хүний хөлд дарагдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль, алдарт эхийн одон гардуулж, шагналын хур буулгасан энэ өдрүүдэд төв  талбайд цэцэг барьсан, баярын мишээлтэй хүмүүсээр дүүрэв. Шагнал, одонгоо авсан хүмүүс, тэдний ар гэрийхэнд дэлхий нийтийг айлгаж, цочроогоод байгаа covid-19-ийн цар тахал лав хамаагүй, бүр байхгүй мэт л хөлхөлдөнө. Үнэн хэрэгтээ үүнд шагнал авч байгаа, шагнуулагсдын буруу ч биш л дээ.

Харин шагнал өгч байгаа, шагнал тарааж байгаа Ерөнхийлөгчид ард иргэдийнх нь эрүүл мэнд хамаагүй бололтой. Зөвхөн 2021 онд гэхэд “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх гэнэ.

Нийслэлийн есөн дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулжээ. Түүнээс гадна төрийн дээд одон медаль гээд шагналыг Ерөнхийлөгч маш богино хугацаанд  бөөндсөнөөрөө түүхэнд үлдэж байна. Түүний энэ үйлдэл ч төрийн шагналыг үнэгүйдүүлж, худалч хүнд Монголд энгэрээ цоолсон хүн тоолсноос цоолоогүйг нь бүртгэсэн нь хавьгүй амар болов.

Мэдээж бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа, шагнал авсан хүмүүсийг нь буруутгаагүй ч цар тахлын халдвар, нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж байхад олноор нь бөөгнөрүүлж, шагнал өгсөн Ерөнхийлөгчийг буруутгамаар.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө өдөр бүр төрийн шагнал, одон медаль тараана гэх. Шагналыг гавьяа байгуулсан, авах ёстой хүнд нь өгөх ёстой ч цар тахлын үед, онцгой нөхцөлд тараахгүй байх ч боломж бий.

Хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой ч заавал ийм цагт олноор нь цуглуулж, бужигнуулах нь ямар нэг сонирхол байна уу гэж хардмаар. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа өөрийнхөө нэр хүнд, эрх ашгийг хамгаалахын тулд уу ч гэж хардах сэтгэл төрж байна, Ерөнхийлөгч өө.

Ерөнхийлөгч ийн шагнал тараахтай зэрэгцэн түүний халааг авах хүнийг тодруулах сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, уулзалт, сурталчилгаагаа хийж байгаа ч бас л хүний бөөгнөрөл үүсгэж байна. Энэ нь цар тахлын халдвар нэмэгдэхэд ч нөлөөлж эхлэв.

Хатуу хөл хориог сулруулж, вакцинд хамрагдах иргэд нь 100 хувь нэгдүгээр тундаа, 80 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан ч халдварын тоо буурахгүй, өдөрт 1000-аараа нэмэгдэх болов.

Хаа сайгүй халдвар авсан хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй, эмнэлэгт ор нь дүүрсэн хэмээн ярьж, албаныхан халдварын тархалт энэ сарын 16-аас буурна гэж байгаа ч бодитой дүгнэлт үү гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Вакцинжуулалтаараа Азидаа тэргүүлээд байгаа ч халдварын тоо буурахгүй, хоёр дахь давалгаа эхлэв үү гэлтэй өдөрт илрэх халдварын тоо, нас баралт нэмэгдсээр байна. Техник, технологи хөгжсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хангалттай энэ цаг үед сонгуулийн сурталчилгаагаа заавал биечлэн уулзахгүйгээр явуулах боломж хангалттай бий. Эхнээсээ нэр дэвшигч нь халдвар аваад, сурталчилгаагаа дуусгаж байна. Яагаад энэ эрсдэлүүдийг тооцож, цар тахлын үед сонгуулийн сурталчилгааг дэвшилттэй хувилбаруудыг сонгож болсонгүй вэ. Сонгуулийн сурталчилгаа халдварын тоо нэмэгдэхэд нөлөөлж болзошгүйг ч зарим судлаачид сануулаад байхад арга хэмжээ авахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй нөхцөл байдлыг хүндрүүлэв.

Бид сонгуулиа явуулах ёстой, 100 жилийн наадмаа ч зохион байгуулж болно. Гэхдээ техник, технологи хөгжсөн энэ цагт дэлхийн өнцөг булан бүрт хүрэх боломжуудыг, арга хэрэгслийг ашиглаж болсонгүй вэ.

Дэлхий нийтээрээ цар тахлын өмнө сөхөрч байхад Монголд шагнал тарааж, сонгуульдаж байна. Хэнэггүй монгол зан гээд өнгөрөөж болох ч цаашид хэдэн хүн халдвар авч, хэдэн хүн үхэх ёстой вэ. Нэг ч хүний амины үнэтэй шагнал, сонгууль гэж байх ёсгүй юм шүү, ардчилсан Монгол Улсад. Ард түмний амь нас бууж байгаа Ерөнхийлөгчид хамаагүй байж болох ч Монголын төрд бүх иргэний амь шагналаас ч, сонгуулиас ч үнэтэй юм шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж