Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ямар онцлог, давуу талтай байна гэж та дүгнэж харж байна вэ?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн онцлогтой болж байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институтын тогтолцоо өндөр байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ гэдэгт хариулт өгсөн өөрчлөлтийг хийсэн. Сүүлд орсон нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглал руу төвлөрсөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүд хязгаарлагдсанд хуульч, судлаачид маш сонирхолтой, олон дүгнэлт, тайлбаруудыг хийж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч улиран сонгогдох боломжтой байсныг болиулж, зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгох болсон нь энэ удаагийн сонгогдсон Ерөнхийлөгч урт хугацаанд буюу зургаан жилээр ажиллана. Мөн сонгуулийн сурталчилгааны хоногууд богино байгаа нь олон өөрчлөлтүүдийг авчирч байгаа. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаар маш олон хоног, өргөн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад 14 хоног сурталчилгаа хийж байна. Сурталчилгааны өдрүүд богино байгаа нь нам, нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулж байна. Сovid-19 цар тахалтай холбоотойгоор сурталчилгааны өдрүүд сонгогчдыг олноор цуглуулахгүй байх шаардлага үүсч байна. Сонгуулийн сурталчилгааны хоногийг багасгасан нь сонгуулийн зардлыг бууруулах сайн талтай.
Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн байгаа ч нөгөө талаараа сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө зарим намууд, зарим нэр дэвшигч далд сурталчилгаанууд олон хийлээ. Энэ нь зарим намуудад, сонгогчдод хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг дүгнэх шаардлагатай.
Мөн шинээр УИХ-д суудалтай болсон улс төрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, нэр дэвшигч өрсөлдүүлж байгаа нь энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог. МАН, АН-тай харьцуулахад орон нутагт салбар бүтэц, олон гишүүнчлэлгүй, шинэ хүчнээс нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь сонгуулийн компанит ажил, сонгуульд шинэ үзэгдэл болж байна. Түүнээс гадна энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа сонгогчид саналаа өгч байгаа нь бас нэг онцлог. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авч байсан сонгууль цөөхөн байдаг. Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа сонгогчид санал өгөхөөр бүртгүүлсэн ч нийт сонгогчдын дөрвөн хувь нь санал өгсөн гэдэг нь маш бага үзүүлэлт байлаа. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн ч саналаа өгч чадаагүй сонгогчдын шалтгааныг тодруулах, судлах бас нэг шаардлага үүсч байна. УИХ болон Орон нутгийн сонгуульд гадаадаас ирээд тусгаарлагдаж байгаа, хөл хорионд байгаа ч санал өгөх боломжоор хангаагүй ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тусгаарлагдаж байгаа, тэнд ажиллаж байгаа, халдвар авсан иргэд саналаа өгч байгаа нь сонгогчдын санал өгөх боломжоор хангаж өгсөн нь давуу тал. Иргэд, сонгогчдыг саналаа өгөх, сонгуульдаа идэвхтэй оролцоход нөлөөлөх маш олон компанит ажлууд хийж байгаа учраас ирц нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа ч сovid-19-ийн үед сонгууль зохион байгуулж байгаа гэдэг утгаараа халдвар хамгааллын дэглэм барих, олон хүн нэг дор цуглуулахгүй байх, халдварын тоо, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үндсэндээ дуусч байна. Сурталчилгааны өдөр богино, сурталчилгаа явуулахад хүндрэлтэй байлаа. Энэ нь сонгогчдод нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бүрэн хүрч чадах эсэхэд эргэлзээ төрүүлээд байна?
-Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зохион байгуулагдаж байгаа ч хоног цөөхөн байгаа нь гарааны тэгш байдлыг хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа бүх улс төрийн намууд, нэр дэвшигчид нийт сонгогчдод хүргэх байдлаар сурталчилгаагаа хийж чадаж байна уу гэдэг нь сонин. Жишээлбэл, 14 хоногийн хугацаанд суманд, хөдөө байгаа сонгогч бүрт сурталчилгаагаа хүргэнэ гэдэг их хэцүү. Сүүлийн жилүүдэд монголчуудын интернет, цахим хэрэглээний байдлыг харахад ерөнхийдөө өсөлттэй байгаа. Нийт сонгогчдын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж сонгуулийн сурталчилгаа, мэдээллийг олж авдаг гэсэн судалгаа тогтмол хэмжээнд байж чаддаг. Сурталчилгааг нэр дэвшигчтэй шууд биечлэн уулзах, уулзалт байдлаар хийхээс гадна сонгуулийн компанит ажлын сурталчилгаагаа технологийн дэвшил ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийх нь маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог гэж харж байна. Өмнөх УИХ, Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа шиг айл бүрт, сурталчилгааны тараах материал оруулж өгөх нь энэ удаад бага байх шиг байна. Ингэх боломж нь санхүүжилттэй холбоотой. Энэ нь нам бүрт, нэр дэвшигч бүрт орон нутаг, дүүрэгт намын сонгуулийн штаб, ухуулагч нар байгаа эсэхээс бас шалтгаална. Гэхдээ иргэд сонголт хийхэд хамгийн чухал зүйл нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр байдаг учраас мөрийн хөтөлбөрүүдийг үзэхэд нээлттэй байгаа. Сурталчилгааны өдрүүд богино ч нам, нэр дэвшигчид технологийн шийдэл ашиглах, онлайн байдлаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдэд хүргэж байгаа ч нөгөө талдаа бүх хүнд хүрч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй учраас хоёр талтай л харагдаж байна.
"СОНГОГЧ СОНГОЛТОО ХИЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАХ"
-Цар тахлын үед явж байгаа учраас нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг олон удаа явуулах, суманд байгаа, хөдөө байгаа малчдад, гадаад дахь сонгогчдод нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бусад мэдээллүүдийг хүргэх, сонголт хийхэд нь нөлөөлөхөд зохицуулалтууд дутмаг байна уу гэж хараад байна?
-Бүх хүнд сонгуулийн компанит ажлын сурталчилгаа хүрэх үү, бүх хүн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж чадаж байна уу гэдгийг сонгуулийн үед болон сонгуулийн дараа хийх судалгаануудаас харагдах байх. Нөгөө талаас хэрэв сонгогчдод мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмаг хүрвэл эргээд сонгуульд оролцох ирц буурах, тухайн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг бүрэн уншаагүйгээр сонголт хийх эрсдэлүүд гардаг. Жишээлбэл, орчин тойрныхон, ах дүү, танил хүмүүс нь хэнд санал өгнө гэж ярих, тэрэнд саналаа өгөөрэй гэсэн яриа сонсч саналаа өгдөг сөрөг үзэгдлүүд бас гардаг. Цар тахлын үед сонгууль зохион байгуулж байгаа учраас энэ мэт дутагдалтай зүйлүүд гарч байна.
-Сонгууль бүрээр сонгогчийн санал худалдаж авах, давуу байдлаа ашиглах зэрэг үйлдлүүд гардаг. Мөн бусдынхаа нэр хүндэд халдах, бичлэг цацах гээд ер нь бол “хар технологи” ашигладаг байсан бол энэ удаагийнх харьцангуй өөр байна гэж дүгнэх хүмүүс олон байна. Ерөнхийдөө “утгартай” сонгууль гэж дүгнэж байгаа ч нөгөө талдаа улс төрийн соёл бас сууж байна уу ч гэж харах хүмүүс байна?
-Сонгууль шударга явагдаж байна уу, нэр дэвшигчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олгогдож байгаа цаг ижил тэгш байна уу. Захиалгат нэвтрүүлэг, далд сурталчилгаа ямар байна, нөгөө нэр дэвшигчээ харлуулах технологиуд хэрэглэж байгаа зэрэг олон зүйл дээр сонгуулийн сурталчилгааны үед судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд судалгаа хийж буй. Энэ судалгааны дүн олон нийтэд сонгуулийн сурталчилгааны дунд үед танилцуулагдаж байгаа учраас тэндээс бас сонгогчид харж, харьцуулалт хийх боломжтой. Ер нь л сонгуулийг шударга, зөв, ёс зүйтэй хийх нь өөрөө Монголын ардчиллыг төлөвшүүлэхэд маш чухал түлхэц болох ёстой. Нэр дэвшигчид энэ тал дээр бас сайн анхаарах хэрэгтэй.
Нэг үеэ бодвол манай сонгогчид дүгнэлт хийдэг, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлдэг, шүүмжилдэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Өрсөлдөж буй нэр дэвшигчид, намууд сурталчилгааны үеэр бохир арга хэрэглэх, ёс зүйгүй үйлдэл гаргах, хэлэх нь тэднийг шүүмжлэх байдлыг үүсгэдэг.
Цаашид сонгуулийг зөв, шударга явуулахад нь улс төрийн намууд өөрсдөө манлайлагч, үлгэрлэгч байх ёстой.
-Сонгуулийн нас залуужиж, залуу сонгогчид энэ удаагийн сонгуульд олноороо санал өгнө. Залууст чиглэсэн сонгуулийн сурталчилгаа, залуу сонгогчдыг идэвхтэй сонгууль өгөхөд чиглэсэн сурталчилгаа, нөлөөлөл хийж чадав уу, сурталчилгааны үеэр?
-Сонгуульд саналаа өгч байгаа сонгогчдын олонх хувь нь залуу сонгогчид. Энэ утгаараа залуус руу сонгуульд оролцох, яагаад саналаа өгөх ёстой зэрэг маш олон нөлөөллийн компанит ажлууд сүүлийн хэд хэдэн сонгуулиар зохион байгуулсан. Залуус сонгуулийг ойлгох, улс төрийн оролцоо, идэвхтэй байх ёстой гэдгийг ойлгож, дүгнэж эхэлж байна. Гэхдээ бүгд сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв шударгаар саналаа өгөх ёстой гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байна. Тухайлбал, “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-аас Конрад Аденауэр Сангийн дэмжлэгээр анх удаа саналаа өгч буй залуу сонгогчдоос улс төрийн оролцоо, улс төрийг юу гэж ойлгож байна гэх мэт чиглэлээр судалгаа авахад залуус улс төрийг сонирхох тал руугаа орж байна. Гэхдээ улс төрийг сонирхохгүй байгаа хүмүүст улс төр таалагдахгүй, хөндий байна гэх мэт үр дүнгүүд гарч байна. Залуус руу чиглэсэн кампанит ажлууд нь үр дүнтэй байна уу, гол фокусаа гаргаж чадаж байна уу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Зарим улс орнуудад сонгох эрхийнхээ төлөө тэмцэж, жагсаал цуглаан хийж байгаа бол бид сонгох эрхтэй, ардчилсан улсад амьдарч байгаа учраас сонгох эрхээ эдлэх, сонгуульд санал өгснөөр юу өөрчлөгдөх вэ гэдгийг залуус маш сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн миний саналаар дутахгүй гэсэн хандлага залуусын дунд их байдаг. Харин ч таны саналаар ирээдүй чинь ямар байх, ирээдүйд сайхан улс байх уу, эсрэгээрээ байх уу гэдгийг таны санал шийднэ шүү гэдгийг залууст хандаж хэлмээр байна. Та бүхний санал маш үнэ цэнэтэй юм шүү.
"САНАЛ АВАХ БАЙРНЫ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, СОНГОГЧИД ЭРСДЭЛГҮЙ САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ"
-Энэ удаагийн сонгуулийн ирц хэр байх бол. Зарим судлаачдын зүгээс цар тахлаас үүдэж, ирц муу байж магадгүй гэсэн таамаг яваад эхэлсэн байна. Ирц хангалтгүй бол хоёр шатны ч сонгууль болж болох юм?
-Ерөнхийлөгчийн сонгууль Covid-19-ийн үед зохион байгуулагдаж байгаагаараа маш их эрсдэлтэй байгаа нь үнэн. Мэдээж ирцийн хувьд асуудал үүсч магадгүй. Сонгуулийн ирцийн хувьд УИХ-ын сонгуульд өндөр байдаг ч Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулиар ирц буурдаг дүр зураг ажиглагддаг. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц бага байдаг. Энэ удаагийн сонгуулийн ирцэд covid-19-ийн цар тахал, хөл хорио, хүн хоорондын зай барих, халдвараас хамгаалах зэрэг асуудал нөлөөлж болзошгүй. Иргэд халдвар авахаас сэргийлж, санал авах байранд очихгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Сонгогчид саналаа өгч, сонгуульд оролцох нь маш чухал. Сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож зохион байгуулж байгаа учраас цагаа зөв хуваарилж, сонгуулиа эрт өгч, таны санал үнэ цэнэтэй байна гэдгийг л маш сайн уриалах хэрэгтэй байна. Нөгөө талаас сонгууль зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд ч гэсэн санал хураах байрны халдвар хамгааллын дэглэм, сонгуульд саналаа өгөөд халдвар авахгүй байх талаас нь маш сайн анхаарал хандуулж, ариутгах байх. Энэ чиглэлд зохицуулалтууд хийсэн байх гэж бодож байна.
-Сонгогчдын боловсрол өмнөх сонгуулиудыг бодвол нэмэгдсэн үү, өөрчлөлт орсон уу. Covid-19 гээд сонгогчдын боловсрол, сонгуульд идэвхтэй оролцоход анхаарч байгаа нам эвсэл, сонгуулийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд байхгүй байх шиг?
-Сонгогчдын боловсролын хувьд зарим талаараа сонгогчид сонгуулийн үнэ цэнийг ойлгож байна уу, сонголтоо хийхдээ хэн нэгнээс хараат бус байдлаар сонголтоо хийж чадаж байгаа эсэх маш олон асуудлыг хөндөж болно. Тухайн нэг намын нэр дэвшигчийг дэмжихдээ бодлого, мөрийн хөтөлбөрийг харж дэмжиж байна уу, сонголтоо хийхэд нь нөлөөлөөд байгаа эсэхийг сайн харах хэрэгтэй. Тухайлбал, сонгогчдын саналыг худалдан авдаг, сонгогчдод нөлөөлдөг, зарим талаараа сонгогчийг дарамталдаг зэрэг олон асуудал ажиглагдаж байна. Халамжаар нь, хаана ажил хийдэг эсвэл ямар нэг зүйлээр нь барьцаалж, дарамталж саналыг нь өгүүлдэг зүйлс, хандлагууд сүүлийн үед гарч байгаа. Энэ нь нэлээн өргөн хүрээнд явж байна. Сонгуулийг угтаж, маш их давуу байдал үүсгэсэн тохиолдол харагдаад байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан зүйл ч гарч байна. Хэрвээ таны саналыг мөнгөөр үнэлэх, ямар нэг зүйл амлах зэргээр саналаа өгөхийг уриалж байгаа нэр дэвшигч, нам байх юм бол сонгогдсоныхоо дараа таны төлөө ажиллах уу, үгүй юу гэдгийг маш сайн ажиглаж, дүгнэлт хийх хэрэгтэй, сонгогчид. Яагаад сонгогдохын төлөө амлалт өгч, мөнгө бэлэг сэлт өгч байна гэдгийг сонгогчид маш сайн анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед сонгогчдод эргэлзээ төрүүлж буй нэг зүйл бол саналаа нууцаар гаргаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээ.
Жишээлбэл, сонгогч санал хураах байранд очиж хурууны хээгээ бүртгүүлээд, саналын хуудсаа бөглөөд санал хураах машинд уншуулахад тухайн сонгогч хэнд саналаа өгсөн нь мэдэгддэг, түүгээр таны хэнд саналаа өгснийг, манай намыг дэмжсэн эсэхийг харж болдог гэдэг асуудал үүсгэж, маш олон сонгогчид санаа зовнисон байдалтай байгаад байна.
Санал хураах байр сонгогчийг саналаа нууцаар өгөхөд хэнд саналаа өгснийг нь нууцлалтай байлгах байдлаар санал өгөх байрыг зохион байгуулдаг. Маш олон ажиглагчид ажиглалт хийж байгаа. Тухайн нэр дэвшигчдийн, сонгууль зохион байгуулах хорооны, иргэний нийгэм, сайн дурын ажиглагчид санал хураалт явагдах зарчмаараа явж байгаа эсэхэд, санал хураалт эхэлснээс дүн гарах хүртэл ажиглалт хийдэг. Тэгэхээр миний саналыг мэдэх болов уу гэдэг айдасгүйгээр санал хураах байранд очиж саналаа өгөөрэй. Ямар нэгэн булхай, таны саналыг худалдаж авах гэсэн оролдлого байвал сонгогч цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой. Энэ нь иргэний үүрэг. Сонгуулийг булхайтай, сонгогчийн санал худалдаж авах байдлаар хийсэн нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулбал эргээд бохир аргаар улс төр хийх үндэс болно гэдгийг маш сайн ойлгож, сонгогчид сонголтоо зөв хийх хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ