Ирэх долоо хоногийн Лхагва гариг бүх нийтийн амралтын өдөр. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болох тул архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй юм. Мөн дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. Үүнд:
- Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах
- Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах
- Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.
Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ.