Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Математикийн Мягмар

Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэрүүд байна аа хө

Ганцхан насанд заяасан миний нутгийн бараа юу даа… эр баргил хоолойгоор эгшиглүүлэн дуулсан энэ дууг би тэртээ 1990-ээд оны эхэн үед ЗИЛ-130 машины дэвшин дээр математикийн багшийнхаа дуулснаар сонсоод ангайж явлаа. Мягмар багшийг хичээл заадаг, тоо боддог хүн л гэж бодож явсан болохоос “дуучин” гэж  ер төсөөлж явсангүй. Оюутан байхдаа нэгэн намар гэр лүүгээ, “орголоо” Би. Тээврийн товчоон дээр очоод Өвөрхангай явах бүхээгтэй ЗИЛ-130 машины дэвшин дээр гараад  суутал Мягмар багш тэр машинд явж таарсан. Замд газар хороох гэсэн улс дуутай хууртай явалгүй яахав. Хүмүүс дуулаад л тэдний дундаас яг л дуурийн баритон хоолой цангинаад ч байх шиг. Тэр бол манай Мягмар багшийн хоолой байлаа. Үнэндээ математикийн багшийг дуулдаг гэж мэддэггүй байсан. Харин түүнийг шатар нүүж, сагс, волейбол, теннис тоглож сумын клубын шалыг доргитол эхнэртэйгээ хоёулаа вальс эргэж явсныг бол харсан. Бид.

Математикийн Мягмар гэж олон шавь нарынхаа шүтээн болсон нэгэн багш байдаг юмаа. Тэр өндөр нуруутай, шаргалдуу царайтай, аажуухан хол хол алхаатай, дандаа л цагаан цамц, костюм өмссөн харагддаг, үг дуу цөөтэй, тайван зантай ч хааяа хичээл дээр нь хүүхэд сахилгагүйтэхэд дүрсхийтэл уурлан, гар дахь шохойгоо шидэх нүү гэмээр болох ч өөрийгөө айхтар барина,  нэлээд эрхэмсэг дүр төрхтэй цэмцгэр нэг тийм “дипломат” хүний дүр төрх л харагддаг сан. Манай сургуульд хоёр Мягмар бий. Г.Мягмар, Д.Мягмар гэнэ. Хоёулаа л математикийн “акул”-ууд л даа.

Манай сургууль (Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын дунд сургууль) математик, физикээр аймагтаа төдийгүй улсдаа 40-өөд жил бааварласны гавьяа бол яахын аргагүй математик, физикийн багш нартай минь холбоотой. Мягмар багшийн олон шавь нар аймгийн конкурсээс, бүс, улсын олимпиадаас инээд цалгиулан гарч ирж байсан. Зөвхөн улсын олимпиадад манлай бологсдоос нь дурдахад Р.Мижидсүрэн(1977), Д.Болдбаатар (1987), Ж.Батбаяр (1990), М.Баттүшиг(1994), Б.Балжинням гээд л олон олон тоочид улсад уралдаж явжээ гээд харахаар түүний ажлын амжилт тодорхой.

Хөдөөгийн сургуулиас ийм олноороо улсад уралдсан гээд бодохоор миний сургуулийн багш нарын гавьяа юм даа.

Математик бол суурь шинжлэх ухаан. Хэр баргийн аавын хүүгийн хүсээд сурчихдаг зүйл ч биш юм шүү. Гэж хориод жилийн тэртээ Боловсролын их сургуулийн захирал агсан Тогмид багш минь хэлж байж билээ. Үнэхээр тийм хүссэн хүн боддог,  хэн бүхэн уралддаг ч юм биш л дээ.

2000-аад оны дунд үед  шавь Б.Балжинням нь олимпиад болгонд л түрүүлнэ. Энэ нөхөр яасан ч төгсдөггүй юм, тэр Мягмар багш нь яасан ч тэтгэвэртээ гардаггүй юм гэсэн яриа Өвөрхангайд математикийн олимпиадын үеэр ёс юм шиг гардаг уралдсан, уралдуулсан мань хоёр ёс юм шиг түрүүлдэг нэгэн үе байсныг дурсах хүмүүстэй таарч л явлаа. Манай  сумаас инженер, эдийн засагч, тоо, физикийн багш нар орноор төрөн гарсан байдаг нь ч математикийн сайн багштайг харуулж байгаа хэрэг.

Мягмар багш Хан Хөгшин уулынхаа бэл Улаанчулуун гэдэг газар  1946 оны хаврын нэгэн налгар өдөр эхийн хэвлээс мэндэлсэн гэнэм. 1950-иад оны эхээр зургаан настай жаахан хүү ахыгаа дагаад сургуульд орчихсон гэсэн. Хан Хөгшний хүүгийн ирээдүйд суурь шинжлэх ухааны багш болох зам ингэж л нээгдсэн. 16-тай хүү аравдугаар ангиа төгсөөд ахтайгаа хоёулаа дээд сургуульд орж, ээжийгээ баярлуулж  байсан баярт мөч, арав хүрээгүй насандаа ааваасаа хагацаж ээж, ах, гурван дүүтэйгээ үлдсэн гунигт дурсамж ………

20-иод настай хүү математикийн багшийн мэргэжлийг эзэмшихээр шалгалтдаа шамдаж суусан тэр нэгэн хавар хайртай ээж нь хорвоогоос явжээ.  Ээжийнх нь бие тааруухан байсан ч ах, дүү хоёрыг сургуулиа төгсөг би гайгүй  гээд хэл хүргүүлээгүйн улмаас  уулзаж чадалгүй хайртай ээж нь  хорвоогоос буцчиж. Хатуу хорвоогийн, гашуун үнэн энэ ажээ.

Өвгөний минь өдий хүртэл мэргэжлээрээ ажиллаж олон мянган шавь нар төрүүлж яваа  нь ээжийнх нь үрээ гэсэн сэтгэлийн гал юм даа гэж түүний хань Г.Оюундэлгэр дурссан. Үнэхээр л буян төгс эхийн сэтгэл гэдэг үрээ насан турш нь түшиж явдаг ажгуу.

1967 он Улсын багшийн дээд сургуулийн математикийн ангийг төгссөн залуухан багш Өвөрхангайн Богд сумын сургуульд хуваарилагдан говийг зорьсон. Анхны томилолт, анхны ажил, анхны шавь нар говийн жижигхэн сууринаас эхэлж тэнд таван жил суусан.Эндээс л математик гэгч суурь шинжлэх ухаанд нэртэй төртэй явах олон шавь бэлдэх халаагүй албаа эхэлсэн.

1972 онд өөрийн төрсөн нутаг Хайрхандулаандаа ирж, сумын нэгдсэн эмнэлгийн эмч хань Г.Оюундэлгэртэйгээ учирч таван хүүхдийн ижий, аав болцгоосон.

Мягмар багш 40 гаруй жилийн амьдралаа холбосон сургуулиасаа, багшаасаа нэг удаа урвасан сураг сонсогдсон. Тэгэхдээ тэр улс төрч, сумын засаг ноён болж урвасан сураг сонсогдсон. 2000-аад оны эхээр амралтаараа очиход аав минь сумын дарга Гомбын Мягмар болсон, тэр сүрхий хүн дээ. Сумын даргыг өлхөн хийнэ л дээ гэж билээ.  Би л хувьдаа таашаагаагүй. Хийж чадахгүйдээ биш дээ. Тэр бол “төрмөл” багш.

Шалгуур өндөртэй социализмын үед нээлттэй хичээлийн уралдаанд аймагтаа хоёр удаа нэгдүгээр байр, улсад гуравдугаар байр, сурган хүмүүжүүлэх уншлагын улсын уралдаанд гуравдугаар байр эзэлж тухайн үеийн ардын боловсролын яамныхны анхааралд өртөж олон ч шагналын эзэн болж явсан удаатай.

Тэр ажилсаг сайн хань, сайн аав. Тэднийх дандаа л гантай нэртэй гарын гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй айл. Бага хүү Ганбаяр нь аавынхаа мэргэжлийг өвлөн Дархан хотын арван жилд муугүй багшаараа дуудуулж, математик, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний гурван байрыг алдахгүй л явна.

Мэргэд гарахын сурвалж болсон

Миний нутгийн унаган сургууль

Мянган оны дэвшил бүхнээр

Мэлмий нээсэн эрдэм сургууль

Раш-Онолт гавьяат багшийн

Алдрыг өргөх миний сургууль … ийм нэгэн дуу эгшиглэсээр, үг нь үнэн, ая нь аятайхан энэ дууг хэн зохиочихоо вэ  гэсэн бас л математикийн Мягмарын үг Д.Болдбаатарын ая данг нь тааруулсан мэргэд гарахын сурвалжтай, миний нутгийн сургуулийн сүлд дуу гэнэ. Тэр бас шүлэг бичдэг байх нь. Ийм нэгэн авьяас билэг төгс, даруухан багш хөдөөгийн сууринаа суусаар, олон, олон шавь нараа эрдмийн аянд нь үдсээр л.

Биднийг сургуулийн хүүхэд байхад 40-өөд настай тэвхэлзэж явсан багш минь одоо санчиг буурал өвгөн болжээ. Гэсэн ч хэдэн хүүхдээ уралдаанд сойсоор л, яг өдийд Мягмар багшийн гэрийнх нь үүдээр дэвтэр, үзгээ барьсан  залуучууд ид л эргэлдэж байгаа даа.

                                                                                    Д.ЦЭНД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж