Монголын төр Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Монголын төр Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэллээ

Монголын төр Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэллээ

Өчигдөр шагналын хур бууж, төмөр замын салбараас шинээр хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчид төрөн гарлаа.

Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эдгээр хүмүүсийн дотор УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн нэр байсан нь жинхэнэ эзнээ олсон шагнал байв.

Д.Жигжиднямааг Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор шагнасан юм. Түүнийг баатрын дайтай гавъяатан гэж бардам хэлж болно.

2016 онд Д.Жигжиднямааг УБТЗ-ын дарга болоход Монгол Улсын эдийн засаг сэхээнд орж, төмөр замын тээврийн хэмжээ зогсонги байдалд орох хандлагатай болоод байсан юм.

Түүнд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах туршлага, мэдлэг, чадвар хангалттай байлаа. Өөрөөр хэлбэл тэр бол жинхэнэ мэргэжлийн чадварлаг удирдагч гэдгийг монголын төр, засаг олж харсан юм.

Тэрээр УБТЗ-ыг амжилтад хүргэхийн тулд зоримог шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болсон юм. Муу хэлүүлэхээс айж, “арьсаа” бодвол амжилтад хүрэх боломжгүйг тэр мэдэж байв. Тиймээс тэр зоримог алхмуудыг хийж чадсан.

Түүнийг ажлаа хүлээж авснаас хойш УБТЗ-ын тээврийн хэмжээ жил дараалан өсч, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэж ирснийг тоо баримтаас харж болно.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2016 онд тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 19,8 сая тонн байсан бол 2017 онд 22,8 сая тонн, 2018 онд 25,6 сая тонн, 2019 онд 28,7 сая тонн, 2020 онд 30 сая тонн болж өссөн байна. УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ 2015 онд 5,6 сая тонн байсан бол 2020 онд 11,3 сая тонн болтлоо өссөн байна. УБТЗ-ын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа амжилтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндөөр үнэлж эдгээр жилүүдэд жил дараалан Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан юм. Ингэхдээ эзлэх байраа эхний 14-өөс 8 хүртэл ахиулж чадсан байна.

Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болоод түүний өмнөө тавьсан нэг зорилт бол УБТЗ-ын бүс нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, олон улсад нэр хүндийг нь өсгөж таниулах явдал байв. Бүр томоор хэлбэл Монгол Улсыг Ази-Европыг холбосон тээврийн гол коридорын нэг болгохыг зорьсон юм. Гол нь ийм боломж байгааг тэр урьдчилж харж чадсан юм. УБТЗ-ын дарга болоод удаагүй байхдаа тэр “Bloomberg tv Mongolia”-д ярилцлага өгөхдөө Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэргийг ойрын жилүүдэд 2000-д хүргэнэ гэж ярьсан нь тэр үед үлгэрийн мэт хол сонсогдож байлаа. Учир нь 2016 онд Монгол Улсаар жилдээ дөнгөж 167 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн байв. Дамжин өнгөрөх чингэлэг тээвэр бол төмөр замын хамгийн ашигтай тээврийн төрөл гэдгийг төмөр замын мэргэжлийн хүмүүс мэднэ. Орлого нь валютаар тооцогддог. Тэр үед далайгаар Азиас Европ хүрэхэд 30-50 хоног зарцуулдаг тул хятадууд төмөр замаар тээвэрлэхийг чухалчилж, Ази-Европын хоорондох чингэлэг тээврийн галт тэргийг нэмэгдүүлэх зорилт тавиад байв. Мөн Орос-Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа ч эрчимтэй нэмэгдэж байв. Энэ боломжийг Д.Жигжиднямаа олж харж, ашиглахыг зорьжээ. Гэхдээ шуурхай оночтой зөв ажиллахгүй бол Ази-Европыг холбосон Казахстан, Манжуурын коридороор тойрч өнгөрсөөр байх байв. Монгол Улсыг тойрч урссаар байгаа валютын энэ их урсгалыг өөрийн улс руу татахын тулд Д.Жигжиднямаа ЗТХЯ-тайгаа хамтран шуурхай оновтой зөв ажиллаж чадсаны үр дүн гарсан юм. Өнөөдөр УБТЗ бүс нутагтаа хүчтэй өрсөлдөгч болж, Ази-Европыг холбосон гол коридоруудын нэг болж, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн транзит галт тэрэгний тоо эрс нэмэгдлээ. 2015 онд манай улсын нутгаар ердөө 73 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрдөг байсан бол 2016 онд 167, 2017 онд 539, 2018 онд 855, 2019 онд 1454, 2020 онд 2312 болж өсчээ. Энэ бол Д.Жигжиднямаагийн ажлын бодит үзүүлэлтийн нэг илэрхийлэл гэж хэлж болно.

Мөн сүүлийн жилүүдэд УБТЗ-ын Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо өссөн нь түүний хамт олон, төмөр замчдаараа бахархах дуртай сэдвийн нэг мөн. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын хамт олон нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг богино хугацаанд бүтээн босголцсон явдал нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрээ оруулах түүхэн үйл явдал боллоо.

Тэрээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, ил тод болгоход ихээхэн анхаарч, техник, технологийн шинэчлэлтүүдийг амжилттай хийсэн байна. Өнөөдөр УБТЗ-аар үйлчлүүлэгчид тээврийн захиалгаа цахимаар өгч, ачаа бараагаа хаана яваа, хэзээ ирэхийг алсын зайнаас харж мэдэж болдог болжээ.

Түүнчлэн УБТЗ-ыг онцгой албан татвараас бүрмөсөн чөлөөлүүлэх, өөрийн хэрэгцээнд импортоор оруулж ирсэн дизель түлшинд 1998-2015 онд төлсөн 100 шахам тэрбум  төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлж, илүү төлсөн татвараар тооцох шийдвэрийг УИХ-аар батлуулж чадсан нь  УБТЗ-ын санхүүгийн чадавхийг сайжруулахад ихээхэн ач тусаа өгчээ.

Ийнхүү төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж