Тойм: Халдвараар нас барагсдын тоо өсч, шагналаар бялуурсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2021.06.06-нд нийтлэгдсэн

Тойм: Халдвараар нас барагсдын тоо өсч, шагналаар бялуурсан долоо хоног

Тойм: Халдвараар нас барагсдын тоо өсч, шагналаар бялуурсан долоо хоног

Дэлхийн 173 орчим сая хүний эрүүл мэндэд аюул учруулсан Covid-19 цар тахал Монголд буурахгүй сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж буй нь эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байна.

Эрүүл мэндийн яамны өнөөдөр (2021.06.06)-ийн мэдээллээр, нийт 7500 сорьцод шинжилгээ хийснээс 1288 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 65266 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1027 нь Улаанбаатар хотод, 258 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нас баралт өссөөр байгаа харамсалтай мэдээ нь бидэнд хувь хүний хариуцлага, ухамсар чухлыг сануулсаар байна.

Монгол Улс иргэдээ вакцинжуулалтад хамруулсан байдлаараа дэлхийд дээгүүр бичигдэж байгаа ч цөөхөн хүн амд өдөрт 10 дотор, зарим өдөр түүнээс дээш хүн Covid-19 цар тахлын улмаас нас барж буй нь дэндүү харамсалтай мэдээлэл юм. Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлснээс хойш нэр дэвшигчид сонгогч түмнийг асар олноор нь нэг дор цуглуулж, халдвар хамгаалал, хүн хоорондын зай барих дүрэм мөрдүүлэхгүй байгаа нь цар тахлын тоог нэмэгдүүлж буй гол шалтгаан болж байна. Улмаар нэр дэвшигч нь хүртэл Covid-19 цар тахлаар өвчилсөн тохиолдол гарлаа.

ЭМЯ-наас вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан хүн халдвар авсан ч хөнгөн тусна гэж мэдээлсээр буй. Гэвч бодит байдал дээр дан ганц цар тахлын эсрэг вакцинд найдах бус, хувь хүн өөрөө өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ үхлийн аюулт вирусээс хамгаалахын тулд хариуцлагаа ухамсарлаж, маскаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх нэн шаардлагатайг сануулж байгаа билээ.

Эрх баригч нам сонгогч түмнийг олноор цуглуулж, халдварын тоо өсөхөд тодорхой хувь нэмэр оруулж буйгаа ухамсарласных уу өчигдөр (2021.06.05) намын сурталчилгаагаа зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн явуулах шийдвэрт хүрснээ мэдэгдэв.

Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлаас онцлон дурдахад, сонгуультай холбоотой бохир “тоглолтууд” хийгдсээр байгааг ажиглагчид онцолж буй юм. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн хандивын дансыг хаасан явдал нь өрсөлдөгчөө “намнах” гэсэн зорилго агуулж байна гэж хардах хүн улс төрийн хүрээнд олон байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш буюу зургадугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн дансыг хаасан талаар тус намын хуульч Г.Батбаяр мэдээлэл хийв. Түүний хэлснээр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Т.Гарьд Ардчилсан намын дансыг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын хандивын данс хаагджээ.

"Үүний улмаас хөдөө орон нутгийн ухуулагчдын цалин, хэвлэл, бусад зардлыг гаргах ямар ч боломжгүй болсон байна. Энэ нь өөрөө сонгуулийн үйл ажиллагаанд санаатай саад учруулж буй хэрэг бөгөөд эрх баригчид өрсөлдөгч талаа дарангуйлж, сонгуульд оролцох ямар ч санхүүгийн чадамжгүй болгож буй үйлдэл” хэмээн хуульч Г.Батбаяр онцолсон юм. Шийдвэр гүйцэтгэгч Т.Гарьд өөрийн үйлдлээ “Бид төрийн байгууллагын нэрийн өмнөөс уг шийдвэрийг гаргасан. Сонгуультай ямар ч холбоогүй. Танай намын сонгуулийн зардлын дансыг нээх ямар ч боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хуучны “Бамбарууш” кафег ирэх есдүгээр сарын 1-нээс дахин сэргээж нээх шийдвэр гаргаснаа зарласан нь зарим хүмүүст таатай мэдээлэл байсан ч заримынх нь дургүйцлийг төрүүлсэн юм. Учир нь хүүхэд хамгаалал, хөгжлийн тулгамдсан асар олон асуудал байхад ийм “жижигхэн” юмаар хөөцөлдлөө гэж үзэх хүн олон байлаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад айлчлалаараа хойд хөрш ОХУ-ыг сонгосон нь онцлох үйл явдал байлаа. Тэрбээр РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн байр сууриа хадгалах нь чухлыг онцолсон юм.

Энэ долоо хоног Төрийн шагналаар бялуурсан долоо хоног болж өндөрлөлөө. Байгаа оносон шагналууд олон байсны зэрэгцээ нэг ч морь уяж үзээгүй хүмүүс “Алдарт уяач” болсонд эгдүүцэх хүмүүс цөөнгүй байсан юм.

Мөн энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь Монгол Улс хилээ бүрэн нээсэн явдал. Агаарын хилийн тухайд дэлхийн 10 улстай харилцан зорчих боломжтой болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлсэн. Тодруулбал, Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ, Киргиз улстай харилцан хилээ нээжээ. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг манай улстай хамгийн их  харилцан зорчдог улсуудтай агаарын хил нээх асуудлаар дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж буй аж.

Спортын салбарт ч анхаарал татсан олон асуудал өрнөв. Тухайлбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлснээр, прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улс агаарын хилээ энэ сарын 1-нд нээсэн бөгөөд одоогоор 10 улстай харилцан зорчих боломжтой болов. Тодруулбал, Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ, Киргиз улстай харилцан агаарын хилээ нээлттэй болгоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж