Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

Хуучирсан мэдээ: 2021.06.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

Сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ өнөөдөр  /2021.06.05/ сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтыг хийлээ. Туршилтын ажил нь санал хураалтын өдрийн бэлэн байдлыг хангахын тулд санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой юм.

Энэхүү туршилтын ажилд санал авах байранд хүргэгдсэн санал тоолох төхөөрөмжид дагалдан очсон, урьдчилан бэлтгэсэн туршилтын саналын хуудсыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжид уншигдах боломжтой, бүх нэр дэвшигчид санал өгсөн болон санал огт тэмдэглээгүй саналын хуудсууд, түүнчлэн төхөөрөмжид уншигдах боломжгүй, мандатын тооноос илүү тэмдэглэгээтэй хуудас, бар кодын гэмтэлтэй хуудсуудыг тус тус уншуулж, дүнг төв серверт хамгаалалт бүхий сүлжээгээр дамжуулах юм.  

Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын бүрэн бүтэн байдал, суурилуулалт, ирц бүртгэлийн программын ажиллагааг  зургадугаар сарын 2-нд, сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилтыг өчигдөр /2021.06.04/ явуулсан байна. Уг ажиллагааг СЕХ-ноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэжээ. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж байгаа аж. 

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан өчигдөр /2021.06.04/ дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Бидний зүгээс шаардлагатай бүх төрлийн архивын баримтыг бодит анализ хийх хүсэлтэй нэгжид хуулбарлан өгөх бүрэн боломжтой байдаг. СЕХ үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг зорьж байна. Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал хураалтын үр дүн дээр тойрог бүрт тодорхой хэмжээний маргаан сонгуулийн үеэр гардаг. Гэхдээ 100 хувь гараар тооцох учир гомдол, саналын хувьд харьцангуй бага байна гэж бодож байна.

Олон нийтийн сүлжээнд санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердаж чадна гэж мэдээлснийг цагдаагийн байгууллага шалгаж, үүнийг боломжгүй гэдгийг нотолсон. Санал авах төхөөрөмжид асуудал байхгүйг мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэх, санаатайгаар гуйвуулах зорилгоор худал мэдээлэл тараах тохиолдол гарч байна. Иргэн танд эргэлзээтэй зүйл байгаа бол албан ёсны байгууллагуудад хандаж, хүсвэл шаардлагатай баримтыг шаардаж авч болно. Саналын хуудасны тухайд хоёр жилийн хугацаанд хадгалагддаг. Маргаан гарвал шүүхээс шалгах эрхтэй. Өмнөх сонгуулийн үеэр захирамж гарч, нотлох баримт дээр хяналтын тооллого хийсэн нэг тохиолдол гарсан бөгөөд санал зөрөөгүй. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бий. Төхөөрөмжийг бэлэн болгох үйл ажиллагаанд олон талт төлөөллүүд оролцдог гэдгийг олон нийт мэддэг байх хэрэгтэй. Туршилтыг 10 жилийн сургуулиуд болон цөөнгүй газар очиж хийж үзүүлдэг. Үүнийг лацадсан төхөөрөмж дээр хийдэг бөгөөд тухайн хяналтын хүмүүс дурын төхөөрөмжийг туршдаг гэж ойлгож болно. Мөн санал тоолох хар машинд флашны оролт ямар ч зориулалтгүйгээр байдаг гэж олон нийтийг төөрөгдүүлж байна.

Хар машинд USB оролт гэж байгаа. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд чихэвчээр өөрийн өгсөн саналаа зөв уншигдсан эсэхийг сонсох боломжтой аудио холболт гэсэн үг. Тэр оролт нь санал хураалтын хугацаанд лацтай байдаг. Санал авч байх хооронд тэр лацыг оролдох боломжгүй. Монгол Улс тус оролтыг зориулалтаар нь ашиглаж байгаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж