Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нутагт хүний боом өвчний нэг тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон байна. Тодруулбал, Монголын хилд ойр оршдог Баруун Хемчикийн хошууны Бижиктиг-Хаяа тосгоны 29 настай оршин суугчаас боом өвчний халдварын шинж тэмдэг илэрчээ.
Тухайн иргэнийг тусгаарлаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авсан гэнэ. Мөн өвчтөнөөс авсан сорьцыг мэргэжлийн лабораторийн шинжилгээнд явуулж, халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаагаа орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
БООМ ӨВЧНИЙ ТАЛААР
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.
Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдхүүн, боомын савханцараар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө. Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилнө.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг.
Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсч загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархална. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтоно. Ихэвчлэн ганц нэгээр голдуу биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд гарна.
Гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, ууц нуруу, гэдэс маш хүчтэй өвдөх, цөсөөр бөөлжих, цусархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд гэдэсний түгжрэл болох аюултай. Уушигны хэлбэрийн үед 40 хэм хүртэл халуурч дагжин чичрэх, цээжээр хатгуулах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ