Вакцинжуулалтыг зогсоо гэнэ үү, Шведийн араас орох гээ юу?

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцинжуулалтыг зогсоо гэнэ үү, Шведийн араас орох гээ юу?

Вакцинжуулалтыг зогсоо гэнэ үү, Шведийн араас орох гээ юу?

Хэдэн хүн жагссан юмаа даа, талбай дээр. “БҮХ ТӨРЛИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЗОГСОО” гэж шаарджээ дээ. Шаардлагынхаа төгсгөлд “Вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна” гэж томоос том тунхагласан юм гэнэ. Үгүй ээ нээрээ, эднүүст одоо юу ч хэлэх вэ дээ. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд элдвийн юм болдог л доо. Гэхдээ ийм юм ярихыг нь олон иргэд харин төсөөлж байгаагүй. Гэхдээ үүнээс ч инээдтэй үйлдэл байна, цаана чинь. “Нийтийн сонсгол” хийхээр шийдсэнээ УИХ-ын дарга Г.Занданшатар нь зарлаж. Тэгвэл энэ логик тоог эхлээд бодчих.

Тэднээс хэд дахин илүү мэдлэгтэй, судалгаатай, баримттай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага covid-19-ийн вакциныг баталсан. Тийм ч учраас дэлхийн 110 гаруй оронд хоёр тэрбум гаруй хүн түүнд хамрагдаад байна. Жагссан нөхдийн ойлголтоор бол энэ олон улс орон, тэр олон ард түмэн бүгдээрээ тэнэг олж таарав уу, тээ. Өнөөдөр Монгол улс 18-аас дээш насны иргэдийнхээ 90 хувийг вакцины 1-р тун, 57 хувийг 2-р тунд хамруулсан үзүүлэлтээрээ дэлхийн эхний тавд орж байна. Тэгэхээр ийм өндөр ажилт үзүүлснээрээ Монголчууд ч бас “дурак” болж таарлаа. Эхний тавд багтсан нь бүр ой гутам юм байна л даа.

Ингэхгүй ээ. Та хэдийн “Хүний эрх гээч хувийн бодол”-ыг тань гүйцэлдүүлж вакциныг нам зогсоолоо гэхэд вакцинд хамрагдсан 90 хувийн иргэдийн эрх ашиг, хүний эрхийг яах юм. 2-р тунгаа хийлгэмээр байгаа тэдэнд “Вакциныг зогсоосон, өөрсдөө аргаа бод” гэх юм уу?

Хэдэн эгч нар асуудал ярьдаг хүмүүс болж бүтэн улс орны хэмжээний эрх ашгийг өмнөө барих гэж байгаа бол эхлээд дэлхий дахинд юу болж  байгааг маш сайн судлах хэрэгтэй л дээ. Дэлхий ингээд байна гээд баттай баримт гаргаад ирээч. Олдохгүй л дээ, угаасаа байхгүй юм чинь. Тиймээс улс төржих ч юм уу, попорсон ч гэмээр юм уу, эсвэл мөнгөжих гэсэн ч юм уу бяцхан зорилтоо нийтийн эрх ашиг болгож томруулах гээд гавихгүй ээ хө. Угаасаа дэмжих хүн алга. Иргэд түмэн гайхаж байхад “Хүүхэд, залуусын эрх ашиг энэ тэр” гэж сэвээд ч нэмэргүй.

Яагаад гэвэл та биднээр заалгуулалгүйгээр дэлхий дахин 12-оос дээш настнуудаа өнгөрсөн сараас вакцинжуулаад эхэлчихсэн. Европын орнууд бүр ч эрчимтэй хийж байна. Ингэхэд, та хэд маань вакциндаа хамрагдсан уу. Хашир хүмүүс байна даа, аягүй бол хийлгэчихсэн л яваа даа. Тэгсэн мөртлөө  бусдыг бурууд турхираад л, айн?

Турхиралтад нь харин УИХ-ын дарга маань өөрөө гүйж очоод авчих юмаа. Хэдхээн хүн хашгирангуут сайн хүн болох гээд давхиад л гарахын. Иргэдэд таалагдаж харагдуулах хуулийн ганц боломж нь болох “Нийтийн сонсгол” гээч хийнэ гээд л амлахын.

90 хувь буюу 2,07 сая иргэний эрх ашиг том уу, 0,000000000000001%-ийн эрх ашиг чухал уу гэдэг бодлогын хариуг эрхэм даргад үлдээе дээ. Эсвэл 0,000000000000001%-ийнхнаар 90%-ийнхныг бужигнуулах уу? гэдэг талаас нь бодвол илүү ойлгомжтой байна байх даа. Эрхэм дарга бодлогынхоо хариуг “Нийтийн сонсгол” дээрээ хэлчихгүй юү дөө. Ер нь ч тэгээд ийм бичил үзэгдэл гардаг л даа, хүн төрөлхтний түүхэнд. Дэлхийн анхны вакцин 1796 онд салхин цэцгийн эсрэг гарч байсан юм. Тэр үеэс л вакцинжуулалтыг эсэргүүцэгчид гарч ирсэн. Эсэргүүцэх шалтгаан нь хөгжлийн эхэн үедээ шашны суртал ухуулгад суурилж байсан бол 20-р зуунд хүний эрхээр далбаалдаг болсон. Гэхдээ эсэргүүцэгсэд нь их цөөн. 2012 оны судалгаагаар дэлхийн эцэг, эхчүүдийн 2%-ийн л вакциныг ор тас үгүйсгэдэг байна.

Гэхдээ хэсэг бусаг хүмүүсийн буруу турхиралт нь нийтийн хэмжээний эсэргүүцэл болон тэлсэн гашуун түүх бас байна аа. Салхин цэцгийн вакцины эсрэг хөдөлгөөн 1873-1874 онд Шведэд хүчтэй өрнөснөөс болж  вакцинжуулалтын хувь 90-ээс 40 хувь болтлоо унасан. Үүний улмаас өвчний тархалт нь тахал болон өргөжсөн байдаг. Тиймээс вакцинаа эргэж хийлгэж байж Шведүүд салхин цэцгээс аврагдсан түүхтэй.

Саяхны нэг жишээ байна. 1970-аад онд Англи даяараа хөхүүлэг ханиадтай тэмцэж ахуйд “Тус вакцин 36 хүнд сөрөг нөлөөллөө” гэдэг мэдээлэл хүчтэй тархсанаас болж вакцинд хамрагсдын хувь 81-ээс 31% болж эрс буурснаар хөхүүлэг ханиад хүний амыг авч одох хэмжээнд хүртлээ хүндэрч, тархжээ. Засгийн газар нь сөрөг мэдээллийн хор уршгийг арилгахад өчнөөн сарыг зарцуулж байж сая нэг юм иргэдээ вакцины чанар чансааг итгүүлж чаджээ. Ингэснээр тус өвчний тархалтыг зогсоож, улмаар өвчнөөс бүрэн ангижирсан түүхтэй.

Түүх ингэж л өгүүлээд байна даа, түүхчид энийг л хэлээд байна.

Ж.БАЯРЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж