Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.6.4/ сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааны талаар болон шаардлагатай баримт, материалыг танилцууллаа. Тодруулбал, “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр” ТББ-аас гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл хийсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан:
-Бидний зүгээс шаардлагатай бүх төрлийн архивын баримтыг бодит анализ хийх хүсэлтэй нэгжид хуулбарлан өгөх бүрэн боломжтой байдаг. СЕХ үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг зорьж байна. Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ. Санал хураалтын үр дүн дээр тойрог бүрт тодорхой хэмжээний маргаан сонгуулийн үеэр гардаг. Гэхдээ 100 хувь гараар тооцох учир гомдол, саналын хувьд харьцангуй бага байна гэж бодож байна.
Олон нийтийн сүлжээнд санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердаж чадна гэж мэдээлснийг цагдаагийн байгууллага шалгаж, үүнийг боломжгүй гэдгийг нотолсон. Санал авах төхөөрөмжид асуудал байхгүйг мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэх, санаатайгаар гуйвуулах зорилгоор худал мэдээлэл тараах тохиолдол гарч байна. Иргэн танд эргэлзээтэй зүйл байгаа бол албан ёсны байгууллагуудад хандаж, хүсвэл шаардлагатай баримтыг шаардаж авч болно. Саналын хуудасны тухайд хоёр жилийн хугацаанд хадгалагддаг. Маргаан гарвал шүүхээс шалгах эрхтэй. Өмнөх сонгуулийн үеэр захирамж гарч, нотлох баримт дээр хяналтын тооллого хийсэн нэг тохиолдол гарсан бөгөөд санал зөрөөгүй. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бий. Төхөөрөмжийг бэлэн болгох үйл ажиллагаанд олон талт төлөөллүүд оролцдог гэдгийг олон нийт мэддэг байх хэрэгтэй. Туршилтыг 10 жилийн сургуулиуд болон цөөнгүй газар очиж хийж үзүүлдэг. Үүнийг лацадсан төхөөрөмж дээр хийдэг бөгөөд тухайн хяналтын хүмүүс дурын төхөөрөмжийг туршдаг гэж ойлгож болно. Мөн санал тоолох хар машинд флашны оролт ямар ч зориулалтгүйгээр байдаг гэж олон нийтийг төөрөгдүүлж байна.
Хар машинд USB оролт гэж байгаа. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд чихэвчээр өөрийн өгсөн саналаа зөв уншигдсан эсэхийг сонсох боломжтой аудио холболт гэсэн үг. Тэр оролт нь санал хураалтын хугацаанд лацтай байдаг. Санал авч байх хооронд тэр лацыг оролдох боломжгүй. Монгол Улс тус оролтыг зориулалтаар нь ашиглаж байгаагүй.
Төхөөрөмжөөр тоолсон дүн цаасан суурь буюу саналын хуудастай таарах нь чухал. Саналын хуудсыг 100 хувь гараар тоолох учир санал зөрөх тохиолдол байхгүй гэж бодож байна. Төхөөрөмж дээр уншигдсан санал бүр зурган файл хэлбэрээр хадгалагддаг. Эдгээр дүнг СЕХ-д ирж байгаа мэдээлэлтэй холбож харах боломжтой. Бүх баримттай танилцах боломжтой. Баримттай холбоотой мэдээлэл авна гэх санал тавьж байсан удаа өмнө нь байгаагүй. Анализ хийх боломжтой мэдээллийг хүсэлт өгсөн хүн бүрт өгдөг байгаа.
Саналын хуудас хэвлэх асуудалд мөн олон нийтэд ташаа мэдээлэл өгдөг. Монгол Улсад үнэт цаас хэвлэх зөвшөөрөлтэй 10 орчим компани байдаг. Эдгээр компаниудад хүсэлт явуулж, албан бичгээр хандсан. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох санал тавьж, техникийн болоод бусад шалгуурт тэнцвэл аль болох олон компаниар хэвлүүлэх сонирхол байдаг. Шалгаруулалтад тэнцвэл 2012 оноос хойш Монголын үнэт цаас компани саналын хуудсыг хэвлэж, дараа нь "Улаанбаатар принт" компани тэнцэж хэвлэж байгаа. Энэ удаа гурван газар сонгон шалгаруулалтад орсон. Цаасны шаардлага дээр нэг компани тэнцээгүй. Саналын хуудас хэвлэхэд бар код болон цаас маш чухал байдаг. Түүнээс хэн нэгэн этгээдийн хамаарал бүхий гэж сонгодоггүй байгаа.