"ЛэндМН жилийн 14 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай бонд гаргана"

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

"ЛэндМН жилийн 14 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай бонд гаргана"

"ЛэндМН жилийн 14 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай бонд гаргана"

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii&Co” компанийн захирал Б.Өлзийбаяртай ярилцав. Тэрбээр бидэнд хөрөнгийн зах зээлд өрнөсөн сүүлийн үеийн үйл явдлууд, энэ сард гаргах шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөн юм.


-Сүүлийн саруудад хадгаламжийн хүү хурдацтай буурч байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ оны эхний улиралд Монголын хөрөнгийн биржийн топ 20 индекс 70 хувиар өслөө. Зах зээлийн үнэлгээ нь 30 хувийн өсөлттэй байна. Нэг өдрийн арилжааны  үнийн дүн 2-3 дахин өссөн. Энэ бүхэн хадгаламжийн хүү буурсантай холбоотой. Бодлогын хүүг зургаан хувь болгон, түүхэнд байгаагүй доод хэмжээнд бууруулсан тул хадгаламжийн хүү буурав. Банкуудын хадгаламжийн дундаж хүү 8.7 хувь байна. Иймд хадгаламж эзэмшигчид  илүү  их өгөөжтэй бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт хайж эхэллээ. Тэд хөрөнгийн зах зээл рүү орж ирж байна. Бид энэ зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тул энэ идэвхжлийг шууд мэдэрч байна. Харилцагчид, данс нээж буй иргэдийн тоо, арилжааны үнийн дүн нэмэгдлээ. ААН-үүд ч бидэн рүү хандаж эхэллээ. Банкнаас зээл авах хүсэлтэй ААН-үүд хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаагаа гаргах шийдвэрт хүрч, санхүүжилтийн өөр арга зам руу орж байна.

-Анхаарлыг татах нь эхлэл. Үүний дараа хөрөнгө оруулах сонирхолтой ААН болон иргэдэд санал болгох, хангалттай олон бүтээгдэхүүн байна уу? Дэлгүүрээр зүйрлэн, хөрөнгийн биржид цөөн хэдхэн л бараа өрөөтэй байна гэцгээдэг шүү дээ.

-Энэ сард хоёр бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй санал болгоно. ЛэндМН, Инвескор ББСБ-ууд компанийн бонд гаргана. Мөн есдүгээр сард үйлчилгээ, даатгалын компаниуд IPO (хувьцаагаа нээлттэй санал болгох) хийх, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, алтны компани манай улсад давхар бүртгэлээ хийлгэх төлөвлөгөө бий. Ер нь компаниудын менежмент, зарчим, үнэт зүйл ихээхэн өөрчлөгдлөө. Далд эдийн засгийг нээлттэй болгоё, олон нийтэд нээлттэй компани болъё гэж олон захирал шийдэж байна. Ашгийг ганцаараа  хүртэлгүй, баялгийн хуваарилалтад аль болох олон хүнийг татан оролцуулж, компанийнхаа үнэлгээ, үнэ цэнийг нэмье гэж залуу захирлууд үзэж байгаа нь залуу үеийн сэтгэлгээний онцлог юм болов уу.

-Энэ сард гаргах хоёр бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-ЛэндМН-ийн бондод гурван онцлог байна. Нэгдүгээрт, хоёр жилийн хугацаатай. Энэ нь хөрөнгийн зах зээл илүү тогтворжиж байгааг илтгэнэ. Өмнөх компанийн бондууд нэг жилийн хугацаатай байсан. Хөрөнгө оруулагчид санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд эргэлздэг байв. Хоёрдугаарт,  компанийн бондын хүүгийн түвшин буурлаа. Өнгөрсөн оны өдийд ЛэндМН бонд гаргахад хүү нь жилийн 17 хувь байв. Одоо 14 хувь байна. Бодлогын хүү, хадгаламжийн хүү, зээлийн хүү буурсан тул санхүүжилтийн зардал ч мөн дагаад буурлаа. Иймд энэ бонд хөрөнгө оруулагчдад өгөөжтэй бүтээгдэхүүн байна. Хагас жил тутамд хүүгийн орлого авна.

Хоёр жилийн хугацаанд 14 хувийн өгөөж өгөх бүтээгдэхүүн одоогоор манай зах зээлд байхгүй

Гуравдугаарт, татварын таатай орчныг бүрдүүлсэн. Хадгаламжийн хүүгийн орлого дунджаар 8.7 хувь, орлогын ашгийн татвар нь 10 хувь байна. Харин бондын хүүгийн орлогын ашгийн татвар таван хувь буюу банкны хүүгийн ашгийн татвараас нэг дахин бага байна.

Бондыг уншигчид, үзэгчид сонирхон судлаарай. Бид одооноос хөрөнгө оруулж сурах хэрэгтэй.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын сүүлээр ЛэндМН-ийн бондын зөвшөөрлийг авна. Өмнө нь  хорооноос зөвшөөрөл авахад зургаан сар хүлээдэг байсан бол гурван долоо хоног болж буурсан.

-ЛэндМН энэ удаад хэчнээн тэрбум төгрөгийн бонд гаргах вэ?

-Энэ онд мөн л таван тэрбум төгрөгийн бонд гаргана.
Ирэх онд хадгаламжийн хүү дахин буурах магадлалтай. Харин ЛэндМН-ийн бондын жилийн хүү 14 хувь буюу тогтвортой байна. Өнгөрсөн онд ЛэндМН-ийн бондын захиалга 6.7 тэрбум төгрөгт хүрч хаагдсан. Зарим томоохон хөрөнгө оруулагчийн захиалгыг жижиг хувьцаа эзэмшигчдэд боломж олгохоор аваагүй юм.

Ковидийн дараа эдийн засаг сэргэн, алт, зэс, нүүрсний үнэ өсөж байна. “Оюу толгой” компанийн далд уурхай ашиглалтад ороход, манай улс руу чиглэсэн ам.долларын урсгал өснө. Эдийн засагт таатай боломж бүрдэнэ. Манай улсад сүүлийн хөл хорионы дараа эдийн засгийн огцом сэргэлт ажиглагдлаа. Банк, ББСБ-д зээл хүссэн маш олон хүсэлт ирж байна.

Гэхдээ инфляц өссөн нь ганц манай улсад биш иргэдэдээ бэлэн мөнгө тараасан АНУ гэх мэт улсуудад ч нүүрлэлээ. Иймд гадаад валютын нөөцөө нэмэх шаардлагатай. Чингис бондыг анх гаргахад нэг ам.доллар 1200 төгрөг байв. Харин одоо 2800 төгрөгт хүрлээ. Сонгуулийн дараа 3000-д хүрнэ гэх тооцоолол байна. Ханшийн энэ өсөлт Чингис бондыг эргүүлэн төлөхөд Засгийн газарт ихээхэн дарамт болно. Иймд ам.долларын биш төгрөгийн бонд гаргах нь эрсдэлгүй.

“Эрдэнэс таван толгой” ХК 600 тэрбум төгрөгийн буюу хамгийн өндөр үнийн дүн бүхий бонд гаргалаа. Дахин хоёр удаа бонд гарган, энэ онд нийт хоёр их наяд төгрөг төвлөрүүлэхээр зорьж байна.

-Энэ компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн тус бүр эзэмшиж байна. Энэ хувьцааны арилжааг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 2011 оны УИХ-ын тогтоолоор бид хувьцаа эзэмшигч болцгоосон. Арван жил өнгөрсөн ч бид хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй л байна. Энэ нь хууль, дүрэм журамд нийцэх үү?

Бид хувьцаагаа арилжаанд оруулдаг байх ёстой. Борлуулах нь борлуулж, нэмж авах нь авч, нас барсан бол өвлүүлэх хэрэгтэй байна. Ингэж хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэвэл гадныхан хувьцааг нь авна. Бидэнд тэдний ам.доллар хэрэгтэй. Нөгөөтээгүүр энэ компанийн засаглал сайжирч, улс төрийн хараат бус байдал нь сайжирна гэх мэт тал талын ач холбогдолтой. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд уг нь ЭТТ эхлээд хувьцааны арилжаагаа эхлүүлсний дараа бонд гаргасан бол илүү үр дүнд хүрэх байв. 600 тэрбум төгрөгийн бонд гэдэг нь манай хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүн. Дараагийн бондыг нь худалдан авахын тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх ёстой. Үүний тулд гаднын хөрөнгө оруулалт татах нь зөв. Монголын хамгийн том төрийн өмчит компанийн нэг, валютын орлоготой гэх мэт давуу талдаа суурилан гаднаас хөрөнгө оруулалт татах нь зөв. Дэлхийн хамгийн том аудитын дөрвөн компанийн нэгээр аудит хийлгэн, олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгон, бидний санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй гэдгээ харуулчихвал гаднынхан дараа дараагийн бондыг нь авах боломжтой. Дотоодоосоо хоёр их наяд төгрөг төвлөрүүлэн, дотоод эх үүсвэрээ барах нь тийм ч таатай биш. Учир нь санхүүжилт хүссэн маш олон ААН байна. Банкуудын нийт хадгаламж  17 их наяд төгрөг байхад хоёр их наядыг нь нэг ААН авах нь байна шүү дээ. Мөн хоёр их наяд төгрөгийг босгох нь  ч амаргүй.

-ЭТТ-н бондын хүү жилийн арван хувь байснаас үүдэн хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхсонгүй юу?

-Банкууд Монголбанкны үнэт цаасыг жилийн 6 хувийн хүүтэй авч байна. Үүнтэй харьцуулахад 10 хувь өндөр.

-1072 ширхэг хувьцааг арилжаалах цаг болоогүй. Үнэ нь огцом унах эсвэл өсөх, гадныхны гарт төвлөрөх эрсдэлтэй гэдэг.

-Хятадууд авна гэж эмээдэг. Манай улсын 2.5 сая иргэн, ААН-үүд нийлээд ЭТТ-н нийт хувьцааны 14 хувийг л эзэмшдэг. Төр үлдсэн 85 хувийг эзэмшиж байна. Бүгд хувьцаагаа зарлаа гэхэд 14 хувийг эзэмшигч ЭТТ-н шийдвэр гаргалтад нөлөөлж чадахгүй. ТУЗ-д л нэг хүнээ оруулах байх. 14 хувь бол хяналтын багц биш. Тэртээ тэргүй энэ компани нүүрсээ ганцхан улсад л худалдаж байгаа шүү дээ. Худалдан авагч тал энэ компанид ороод ирвэл сайн. Үүнээс эмээх хэрэггүй. Хувьцаа эзэмшигчид бүгд  зэрэг хувьцаагаа худалдвал, нийлүүлэлт нэмэгдэн, үнэ буурна. Иймд эхний ээлжинд 1072 хувьцаанаасаа 300 ширхэг хувьцааг  л худалдах боломж олгож болно. Гэхдээ бодит байдал дээр зарах хүн ховор. Учир нь нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг. Нэг хувьцаанд өгөх ногдол ашиг нь 90 төгрөг байсан. 933 төгрөгийн хувьцаа 90 төгрөгийн ногдол ашиг авчирсан гэхээр банкны хадгаламжаас ч өндөр (9 хувь) өгөөжтэй байна. Энэ нь банкны хадгаламжийн дундаж хүүнээс өндөр. Тэгэхээр энэ хувьцааг зарах хэрэг байна уу? Өөртөө байлгаж байсан нь дээр. Төмөр замаа тавьж, баяжуулах үйлдвэртэй болсноор энэ компанийн ашиг улам нэмэгдэнэ. Нүүрсээ ухаж гаргаад 90 төгрөгийн ногдол ашиг тараасан тул цаашид энэ дүн өснө. Иргэд, ААН-үүд үүнийг ойлгочихсон тул харин ч нэмж авах хүсэлтэй байна.

-Хөрөнгийн зах зээлд даатгал, ББСБ-ын томоохон компаниуд ар араасаа хөл тавьснаар дотоод өрсөлдөөн нь эрчимжин, энэ нь хөрөнгийн зах зээлээ урагшлуулсан уу?

-Яг тийм. Нэг компани жишиг тавихаар бусад нь дагаад өрсөлддөг. Даатгалын том компаниуд бүгд хувьцаат компани болчихлоо. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг мэддэг тул түрүүлж IPO хийсэн. Даатгал, ББСБ-уудын араас “Түмэн шувуут”, “Монос хүнс” гэх мэт үйлдвэрлэгчид энэ зах зээлд хөл тавилаа. Удахгүй үйлчилгээний салбарын нэг томоохон компани  нэгдэнэ. Энэ бүхэн өрсөлдөөнийг өдөөдөг. Олон хувьцаа эзэмшигчтэй болсноор тухайн компанийн үйл ажиллагаа тэлдэг. Бид судалгаа хийхэд IPO хийсэн бүх компанийн ашиг нэмэгджээ. Тэр хэрээр улсад төлөх татвар нь өссөн. Жишээ нь “ЛэндМН” IPO хийхээс өмнө жилийн 30 сая төгрөгийн ашигтай байсан бол өнгөрсөн онд 4 тэрбум төгрөгт хүрлээ. “Мандал даатгал” мөн олон тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашигт үйл ажиллагаа нь хувиар биш хэд дахин өссөн.  Хувьцаа эзэмшигч болсноор хүн тэр компаниараа л үйлчлүүлэх, тухайн компанийнхаа бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй байдаг.

-Өнгөрсөн оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах шийдвэрийг олон ХК гаргасан ч нийт ногдол ашгийн дүн бага байсан нь ковидтой холбоотой юу?

-Компанийн ногдол ашгийн бодлого гэж бий. Компани хөгжлийнхөө аль үе шатанд яваагаас хамааран ногдол ашиг өөр өөр. Жишээ нь “АПУ” ХК томоохон зээлүүдээ төлж, технологио шинэчилсэн тул цэвэр ашгийнхаа 90-100 хувийг буюу 70-80 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараадаг. Жижиг “Таван толгой” мөн адил. Харин “Түмэн шувуут” ХК хөгжлийнхөө явцад, үйлдвэрээ өргөтгөх үе шатанд байгаа тул цэвэр ашгийнхаа 30 хувийг тараадаг. Үлдсэн хувиа “Түмэн шувуут 2” үйлдвэрийг 160 мянган өндөглөгч тахиатай байхаар 61-ийн гармын хажууд барьж байна.

-Та Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог тэргүүлдэг. Танай холбоо ямар ажлууд хийж байна вэ?

-Биржийн бус зах зээлийг бий болгох, үүсгэх, хөгжүүлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн холбоонд буюу манай холбоонд даатгасан. Бондын зах зээл бол гарааны компаниудыг өлгийдөн авдаг давуу талтай.

Биржийн бус зах зээлийг бий болгох журмуудаа боловсрууллаа. Батлуулах шатандаа байна. Дараа нь арилжааны платформ бий болгоно. Платформ бүтээх компанийн сонгон шалгаруулалт дуусаж, хөгжүүлэлт эхэлсэн. Энэ сарын сүүлээр анхны бүтээгдэхүүн бэлэн болохоор цан цохих төлөвлөгөөтэй. Цаашдаа Засгийн газрын, компаниудын бондыг арилжаална. Банкууд Төв банкны үнэт цаасанд нийт  10 их наяд төгрөг төвлөрүүлсэн байв. ЖДҮ-ийн зээлийг олгож эхэлсний дараа энэ дүн 8 их наяд төгрөг болсон. Банкуудад хөрөнгөө байршуулах өөр хэрэгсэл алга. Хөрвөх чадвар сайтай бондын зах зээл манай улсад их үгүйлэгдэж байгаа тул бид бий болгохоор зорьж байна.

Бодлогын хүүг бууруулснаар ямар давуу талууд бий болсон талаар хоёулаа ярилцсан. Хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжээд өгвөл илүү хөгжих боломжтой. Тусгай зориулалтын компани тул хөрөнгө оруулалтын сангуудыг татвараас чөлөөлсөн ч буцаад 1 арван хувийн татвар ногдуулчихлаа.   Хувийн тэтгэврийн сан байгуулах эрх зүйн орчин бүрдвэл энэ зах зээл улам хөгжинө.

-Шинэ мэдээллүүд өгсөнд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж