Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар

2021 оны 03 сарын 18 өдөр                                              Дугаар 2021/04                                                                  Улаанбаатар хот

Барилга байгууламжийн угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, Коронавируст халдвар цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зарим арга хэмжээний тухай

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, барилга байгууламжийн угсралт, барилгын материалын үйлдвэрлэлд, чанар аюулгүй байдлыг хангуулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад ДААЛГАХ нь:

Нэг. Коронавируст халдварын цар цар тахал болон учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

1.1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын дотоодод тархсан халдварын тоо өнөөдрийн байдлаар 4210 болж, өдөрт 100 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Цаашид халдварын тархалт ихсэх хандлагатай байх тул аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын ажлын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, цар тахлаас ажилчдыг урьдчилан сэргийлэх чиглэлээр дор дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

1.1.1. барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ ажилчдын төвлөрөл, бөөгнөрлийг үүсгэхгүй хүн хоорондын зай барьж ажиллахаар зохион байгуулах;

1.1.2. нэг өдөр ажиллах ажилчдын тоог хязгаарлах, ээлжээр ажиллах боломжоор хангах;

1.1.3. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн ажилчныг гэртээ үлдэхийг зааварчлах;

1.1.4. ажилчдыг ажилд гарахын өмнө эрүүл мэндийн асуулга, хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас шалгах, зааварчилга өгөх;

1.1.5. ажилчдыг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хуваалцан хэрэглэхийг хориглох, шаардлагатай үед ариутгаж хэрэглэх;

1.1.6. талбайд нэвтрэх бүх ажилчдын биеийн хэвийн температурыг хэмжин тэмдэглэж, гарын үсэг зуруулж, орсон гарсан цаг хугацааг бүртгэх;

1.1.7. өглөөний цугларалт, гимнастикийг олноор цуглуулан хийхийг хориглох;

1.1.8. инженер, бригад, хэсгийн ахлагч тус бүр үүрэг даалгаврыг хэсэгчлэн өгч байх арга хэмжээг зохион байгуулах;

1.1.9. оффиссын ажилчид болон инженер техникийн ажилчдын өрөө тасалгааг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэх;

1.1.10. ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажилтнуудад ажил эхлэхийн өмнө талбайн дотоод журмыг урьдчилан танилцуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах;

1.1.11. бүх ажилчдыг амны хаалтаар хангах, тогтмол зүүлгэх, шүлс, нус цэрээ ил хаяхыг хатуу хориглох, амны цаас, тагтай хогийн савыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх;

1.1.12. ажлын байранд гараа сайтар савандаж угаах дадлыг хэвшүүлэх, гар халдваргүйжүүлэгчийг ажлын байрны хүн ихтэй  газруудад байршуулах (Гараа усаар савандаж угаах боломжийг бүрдүүлэх);

1.1.13. үдийн хоол цайг олноор цуглуулж, нийтийн гал тогоонд хооллохгүй байхаар зохион байгуулах;

1.1.14. ажлын байранд нийт ажилчдыг халуун хоол, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах;

1.1.15. барилгын төслийн талбайд гадны хүн нэвтрүүлэхгүй байх;

1.1.16. барилгын ажил гүйцэтгэж буй инженер, техникийн ажилчид болон нийт ажилчдыг нэвтрэх үнэмлэхээр барилгын талбайд нэвтрүүлж байх;

1.2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл     ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллах;

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “72.1. Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.” гэж заасны дагуу орон сууцны бүс нутагт барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхгүй байх;

1.4. Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг шийдэж, барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагын хамгаалалт зэргийг тусгаж ажиллах;

1.5. Барилгын ажлын талбай түүний гадна эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрт, дотоод хяналтаар зөрчил илэрсэн тухай бүрт, ажлын байр өөрчлөгдөх бүрт, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт, шинэ технологи, арга барил, материал, бодис хэрэглэх бүрт, үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах бүрт дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байх;

1.6. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг дагаж мөрдөх;

1.7. Барилга угсралтын үйл ажиллагааг явуулахдаа захиалагчийн хяналт, зураг төсөл зохиогчийн хяналт, хөндлөнгийн хяналт, гүйцэтгэл баталгаажуулах үйл ажиллагаануудыг аль болох цахим хэлбэр шилжүүлж ажиллах.

Хоёр. Хэрэгжилтийг хангуулан ажиллах чиглэлээр:

2.1.Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг тухайн орон нутагт барилгын үйл ажиллагааны болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /Ц.Ганхүү/, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ /Ц.Амарсанаа/, Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй ТББ-уудын түншлэлийг төлөөлж “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ /Д.Цэрэнжигмэд/, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ /О.Лхагвадорж/ нарт үүрэг болгосугай.

2.2. Тус албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/ нарт даалгасугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж