
Банкны зээлийн тусламжтайгаар ийнхүү хувьцаа гаргаснаар тус компанид оруулсан 50 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Обамагийн Засгийн газрыг цөөнх хувьцаа эзэмшигч ангилалд оруулах болно. Одоогоор АНУ-ын Засгийн газар тус компанийн хувьцааны 61 хувийг эзэмшиж байгаа юм.
Талархлын баярын өдрөөс өмнө арилжаалж дуусахаар төлөвлөж буй тус арилжаа нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд 2008 оны гурван сараас хойш болж байгаа хамгийн том IPO болох бөгөөд Америкийн аж үйлдвэрийн билэг тэмдэг болсон тус компани дахин хувьчлагдаж байгаагийн илрэл болно. Цагаан Ордны авто салбарын тусгай бүлгийн дарга Рон Блүүм болон “General Motors” компанийн гүйцэтгэх захирал нар хувьцааны арилжаа оны эцэст хийгдэж эхлэх болно, гэхдээ энэ нь 11 сард болох Конгрессын сонгуультай холбоогүй гэж ярьсан байна.
“General Motors” компани Америкийн том банкнуудаас зээл аван үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хангаж байгаа бөгөөд “Bank of America Corp”, “Citigroup Inc”, “Goldman Sachs Group Inc”, “JPMorgan Chase and Co”, “Morgan Stanley” гэсэн банкнуудаас тус бүрээс нь 500 сая ам.долларын зээл авахаар тохиролцоо хийсэн байна. Америкийн цагаар өнөөдөр “General Motors” компани хоёрдугаар улирлынхаа санхүүгийн тайланг танилцуулах болно. Тус компани АНУ-ын Засгийн газраас 50 тэрбум ам.долларын зээл аван дампуурахаас аврагдсан бөгөөд үүнээсээ долоон тэрбум ам.долларыг нь буцаан төлсөн байна.
Т.Бадрах