Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зургадугаар сарын 2-ны өдөр Тяньжин боомтын чингэлгийн бөөгнөрлийн асуудлаар цаг үеийн мэдээлэл солилцох цахим уулзалт зохион байгуулав.
Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллүүд үүсээд буй асуудалд Хятадын тал нааштай хариу өгснийг мэдээлжээ. Улмаар Хятад дахь холбогдох байгууллагууд Тяньжин боомт дээрх чингэлгийн бөөгнөрлийн асуудлыг шийдвэрлэхээр судалж эхэлснийг мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр байгаа Монгол Улсын импортын чингэлгийн мэдээллийг Хятадын талд яаралтай хүргүүлэх шаардлагатай байгаа тул холбогдох байгууллагууд тээвэр зуучийн байгууллагууддаа хандан, мэдээгээ яаралтай ирүүлэхийг хүсчээ.
Гаалийн байгууллагын хувьд хилийн гаднах асуудал гэдэг утгаар Тяньжин дахь чингэлгийн бөөгнөрлийн асуудал хамааралгүй, Монголд орж ирсэн тохиолдолд зохицуулалт хийдэг хэмээн тайлбарлав.
Гадаад харилцааны яамны эх сурвалж үүсээд буй асуудалтай холбогдуулан албан ёсоор тайлбар өгөх эрх бүхий албан тушаалтан салбарын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсаныг мэдэгдэв. Мөн энэ сарын 2-ны өдөр болсон БНХАУ-д суугаа Элчин сайдын ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны уулзалт дээр асуудлуудыг тодорхой түвшинд ярилцаж, тодорхой мэдээлэл авч, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөгдсөн талаар мэдээлэв.
Улсын онцгой комисс (УОК)-оос хил дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрч, аж ахуйн нэгжүүд хохирч байгаа асуудал хэзээ цэгцэрч, хэвийн горимд шилжих талаар тодруулав. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Шадар сайд С.Амарсайхан Гадаад харилцааны яамны төлөөлөлтэй хамтран хилийн боомтод ажилласан. Боомтын үйл ажиллагаа хоёр талын үйл ажиллагаанаас хамаардаг тул яриа хэлэлцээрийн ажил үргэлжилж байна. Богино хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, эргээд асуудлыг авч хэлэлцэхээр ажиллаж байна" хэмээн хариулав.
МОНГОЛЫН ИМПОРТЫН АЧАА БАРАА БҮХИЙ 3200 ЧИНГЭЛЭГ ТЯНЬЖИН БООМТОД
ХАЯГЛАГДАН ИРЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ БИЙ
Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа, цаашид хамтран ажиллах боломжийн талаар цахимаар Монголын холбогдох албаныхантай ярилцсан билээ. Энэ үеэр тэрбээр чингэлэг тээвэрлэлттэй холбоотой нөхцөл байдал нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахалтай холбоотой гарч буй эдийн засгийн хүндрэл бөгөөд энэхүү цаг зуурын хүндрэлийг "Давагдашгүй хүчин зүйл" гэж үзэхгүй байхыг хүсчээ.
Элчин сайд Т.Бадрал “Тяньжин боомтоос Эрээн боомт хүртэл хуваарийн дагуу өдөрт нэг галт тэрэг явдаг. Энэ хуваарьт өөрчлөлт оруулаагүй байгаа боловч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын ачаа барааны урсгал огцом нэмэгдэх болсон нь чингэлэг овоорох үндэс болсон. Харин Хятадын талаас хийсэн ямар нэгэн хориг саад байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
“УБТЗ” ХНН-ийн Ачаа тээвэрлэлт хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж болон Гадаад харилцаа хариуцсан Орлогч дарга А.Анар нар төмөр замтай холбоотой Хятадын талаас хийсэн хязгаарлалт байхгүйг мөн хэлжээ. Тэд галт тэрэг урьд нь зохих журмын дагуу хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу тохиролцсон хуваарийн дагуу явж байгааг мэдэгдсэн байна. Түүнээс гадна Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит ачаанаас шалтгаалан Монгол Улсын импортын ачаа бүхий чингэлэг тээвэрлэлт гацах асуудал огт гараагүй, харин Тяньжин боомтоос Эрээн боомт хүртэл ачаа тээвэрлэдэг авто тээврийн хэрэгслийн Эрээн хот дахь бөглөрлөөс шалтгаалан урьд нь авто тээврээр явдаг байсан ачаа төмөр зам руу шилжих болсон нь энэхүү бөөгнөрөл үүсэхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн тайлбарлажээ.
МТЗНХ-ны ТУЗ-ийн гишүүд “Энэхүү асуудал зөвхөн гэнэт нэг өдөр бий болсон асуудал биш. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн бага багаар хуримтлагдаж ирсэн ба БНХАУ-ын Тяньжин боомтын зүгээс гуравдугаар сард найм хоногийн турш нэг ч галт тэрэг гаргаагүй нь асуудлыг улам хүндрүүлсэн гэж үзэж, яг энэ хэвээрээ өдөрт нэг галт тэрэг явуулбал хэзээ ч шийдэгдэхгүй хуримтлагдсан чингэлгийн бөөгнөрөл улам нэмэгдсээр байх болно” гэж байр сууриа илэрхийлсэн байна. Учир нь ойрын хугацаанд дахин 3200 Монголын импортын ачаа бараа бүхий чингэлэг Тяньжин боомтод хаяглагдан ирж байгаа мэдээлэл бий бөгөөд ойрын хугацаанд өдөрт 3-4 галт тэрэг явуулах тухай асуудлыг хэлэлцэж, үүссэн бөөгнөрлийг бууруулах боломжийг эрэлхийлж ажиллахыг хүсчээ.
Үүний зэрэгцээ БНХАУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийн 7 дугаар зүйл заалтын дагуу хамтран ажиллах боломжийг санал болгосон байна.
“УБТЗ” ХНН-ийн Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга А.Анар “Бид төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох санал тавьсан ч БНХАУ-ын төмөр замын байгууллагаас хариу өгөхдөө бид зөвхөн удирдах байгууллагаас батлан гаргасан хуваарийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн байгууллага тул шийдвэр гаргах эрхгүй. Иймд дээд шатны байгууллагууд болох БНХАУ-ын ГХЯ, Худалдааны яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгт энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгааг дуулгажээ.
Элчин сайд Т.Бадрал харилцаа холбооны We chat сүлжээнд групп үүсгэх замаар хийгдэж буй ажлын талаар харилцан мэдээлэл солилцохыг санал болгосон байна.
Холбоотой мэдээ