Хятадын цагдаа нар Хонгконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дэмжих холбооны орлогч дарга Чоу Хан Туныг 1989 оны Тянь Ань Миний жагсаалыг дурсах хориотой арга хэмжээ өнөөдөр/2021.6.4/ зохион байгуулах гэж байна хэмээн 07.45 цагт баривчилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр өөр хэд хэдэн идэвхтэн ижил хэргээр баривчлагдсан аж. Баривчлагдсан хүмүүс цахим орчинд Тянь Ань Миний жагсаалыг дурсах арга хэмжээний талаар бичицгээсэн гэнэ. Хонгконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дэмжих холбооныхон Тянь Ань Миний жагсаалыг дурсах арга хэмжээ зохион байгуулахын тулд цар тахлаас болж хаалттай байгаа Викториа цэцэрлэгт хүрээлэнг нээж өгөхийг хүссэн ч ийнхүү хүсэлт талаар болжээ.
Тиймд Чоу Хан Тун хонгконгчуудыг арга хэмжээнд боломжоороо идэвхтэй оролцохыг уриалж цахим хуудас дээрээ “Өнөө орой/2021.6.4/ 20.00 цагт та бүхний лааны гэрлийг харна гэдэгтээ итгэж байна. Би хувьдаа Тянь Ань Миний жагсаалыг засгийн газар хэрцгийгээр дарсны 32 жилийн ойг тохиолдуулан хүн болгоны харж болох газарт лаа асаах болно” хэмээн бичсэнийхээ төлөө баривчлагдсан байна.
Чоуг баривчилсны дараа цагдаа нар мэдэгдэл хийж, иргэдийг Викториа цэцэрлэгт хүрээлэнд цугларахгүй байхыг болон цахим орчинд жагсаалын талаар дурсахгүй байхыг тушаажээ. Цагдаа нарын мэдээлснээр эдгээр үйлдэл нь өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу гэмт хэрэг бөгөөд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэнэ.
Өмнөх жилүүдэд хонгконгчууд 1989 оны зургадугаар сарын 4-нд Тянь Ань Миний талбайд болсон жагсаал, засгийн газар жагсаалыг хядлагаар дарж тодорхойгүй тооны олон залуус амь насаа алдсан, сураггүй алга болсон эмгэнэлт явдлыг жил бүр дурсан цугларч, лаа асаадаг байсан билээ. Гэвч Бээжин Хонгконгийг бүрэн эрхшээлдээ оруулж, Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль баталснаар хонгконгчууд элдэв жагсаал, цуглаан зохион байгуулах эрхгүй болсон юм.
Холбооны нарийн бичиг Ричард Цой Юү дээрх явдлын талаар “Чоу Хан Туны үг холбоог төлөөлсөн үг биш, хувийн үзэл бодол хэдий ч холбооны зүгээс түүнийг өмгөөлөхийн тулд хуулийн дагуу бүх аргыг хэрэгжүүлнэ. Мөн бид ч гэсэн хувьдаа уламжлалаа үргэлжлүүлэн лаа асаах бөгөөд тодорхой байршлаа зарлахгүй” хэмээн ярьжээ.
Харин Хятадын засгийн газрын зүгээс эл өдрийг тохиолдуулан элдэв жагсаал, цуглаан болохоос сэргийлж, тоног хэрэгслээ бүрэн базаасан 7000 цагдаа дайчлан ажиллуулахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: SCMP.COM