Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны ерөнхий зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн монгол анагаах ухааны сургуулийн зөвлөх профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагва Covid-19 халдварыг анагаахад уламжлалтын ямар арга туршлагыг хэрэглэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд Covid-19 тархалт өндөр байгаа учраас иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Цар тахлын халдварыг хумих зорилгоос ЭМЯ, эрдэмтдийн баг хамтарч олон ажлыг хийж байна. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл Covid-19 үед авах арга хэмжээний талаар боловсруулалт хийж ажиллаж байгаа. Хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, судалгааны ажлыг тогтмол хийж байгаа.
Тухайлбал, уламжлалт анагаах ухааны түр зааврыг боловсруулж ажиллаж байна. Хятадад Covid-19 халдварын хөнгөн хэлбэрийг уламжлалт анагаах ухааны аргаар амжилттай эмчилж байсан. Энэ туршлагын хүрээнд монгол эрдэмтэд мөн ажиллаж байгаа юм. Бид хөнгөн хэлбэрийн үед уламжлалтын эмчилгээг хийснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судалгааны баг гаргаж холбогдох мэдээлэл дээр судалгаа хийж ирсэн. Хэдийгээр эмчлэгдээд бүрэн эдгэрсэн ч хүний биед муу цус үүсч биеийн нийт хэсгийг гэмтээдэг болохыг тогтоогоод байгаа.
Энэ уушгинаас эхлээд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Covid-19 халдварын хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрсэн хойноо ч хор уршиг нь өндөр байна. Тиймээс түр зааврыг шинэчлэх шаардлагатай болсон байгаа. Ийнхүү шинэчилсэн зааварт хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрийн өвчтөнд орчин үеийн эмчилгээг уламжлалт анагаах ухааны аргатай хослуулахаар тусгасан байгаа.
Одоогийн байдлаар Мана-4, Норов-7, шар тан зэргийг эмнэл зүйд ашиглаж байгаа. Эдгээрийг хэрэглэснээр илэрч буй шинж тэмдэг нийт өвчтнүүдийн 92 хувьд нь арилсан байна. Уушгины хатгалгаа болсон тохиолдолд мөн эдгэрч байгаа сайн жишээ олон бий.
Үүнээс гадна дөрөвдүгээр хэлбэр буюу хүнд хэлбэрийн тохиолдолд шаардлагатай үед эм хэрэглэж болно гэсэн заалтыг оруулсан байгаа. Итали, Англи, АНУ, БНХАУ, Испани, Франц зэрэг улсад хийгдсэн судалгаагаар Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн 700 гаруй хүнийг зургаан сарын хугацаанд дагаж судлахад маш олон эрхтэн тогтолцоонд байнгын болон хожуу хугацаанд сөрөг үр дагавар, хүндрэл гарсаар байгааг нотолсон. Уушги, амьсгалын эртхэн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, сэтгэц мэдрэлийн систем, дотоод шүүрэл гэх мэт олон эрхтэн системд олон сөрөг нөлөө үзүүлж байна.
Гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа иргэд эмнэл зүйн байдлаа байнга эрүүл мэндийн төвд мэдэгдэх шаардлагатай байна гэсэн юм.
Холбоотой мэдээ