Covid-19 халдвартай тэмцсэн 10 хоног

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 халдвартай тэмцсэн 10 хоног

Covid-19 халдвартай тэмцсэн 10 хоног

Хүүхдийн уйлах дуу эмнэлгийн коридорт хадах нь зүрх рүү хатгах шиг болно. Энэ бол орой тарианы цаг /21.00/ болсны дохио. Бяцхан гартаа зүүний ортой, хөхөрсөн гараа харж “Ээжээ Covid-19  хурдан байхгүй болно тийм ээ” хэмээн гуравхан настай болов уу гэмээр бяцхан шар охин айсан байдалтай хаалга руу сэмхэн харж, ээждээ хэлнэ. Ээж нь “Тийм ээ миний охин удахгүй Covid-19 байхгүй болно. Тийм болохоор витаминаа сайн ууж, тариулбал ёо ёо болохгүй” гээд охиноо тэврэн үнслээ. Цагаан халадны оронд хамгаалах хэрэгслийн комбинзонтой хоёр сувилагч эм тариатай тэргээ түрсээр эмчилгээгээ эхлүүлнэ. Тэд бяцхан өвчтөнүүдээ “айлгахгүй”-г хичээж аргадаж бас өхөөрдөнө. Гэсэн ч хүүхэд л болохоор тарианаас зугтаж ээж, аавынхаа ардуур орж нуугдана, тариулаад өвдсөндөө уйлна. Энэ бол дүүргийн нэгэн хүүхдийн эмнэлэгт Covid-19 халдварын оношоор хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн нийтлэг  төрх. Цар тахлын нөлөөгөөр бүтэн хоёр жилийн хугацаанд цэцэрлэг, сургууль хаалгаа барьж хүүхдүүд гэрийн хорионд орсон ч  аав, ээжтэйгээ эмнэлэгт хэвтэх багачууд өдрөөс өдөрт нэмэгдсээр.

Сүүлийн үед Covid-19 халдварт өртөх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болов. Тус яамны мэдээлснээр халдварт өртсөн хүмүүсийн 20 гаруй хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаа гэх. Ялангуяа нярай хүүхдэд суулгах, байнга уйлагнах, халуурч бүлээрэх шинж тэмдэг илэрч байгааг зарим ээж нар  гэдэсний өвчинтэй андуурч, эм өгч хугацаа алдсанаа ч ярьж байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхэдтэй ээжүүд, залуу гэр бүл, жирэмсэн эмэгтэйчүүд.

Эмнэлэг ачаалалтай, ор хүрэлцэхгүй эмч нар цурам хийх завгүй хонох шөнө олон. Заримдаа ор хүрэлцэхгүй, коридорт хүмүүс хэвтэж байгааг эмч нар ярьж халаглана. Ор хүрэлцээгүй ч эмч нарын онцгой анхаарах өвчтөнүүд бол жирэмсэн эмэгтэйчүүд. Тиймээс халдвараар хөнгөн өвдсөн ч хамаагүй эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Учир нь, нь урагт хүндрэл үүсэх вий гэдгээс эмч нар болгоомжилж, ийнхүү урьдчилан сэргийлж буй буй.

                                “МИНИЙ ДҮҮ ХУВЦСАА АВААД ГАРААД ИРЭХ ҮҮ”

“Зөв л явахгүй бол маршруттайгаа, уулзаж учирсантайгаа шэйрлэгддэг хорвоо” гэсэн хошин яриа цар тахлын үед ч гарч байв. Сэжигтэй, батлагдсан тохиолдол, ойрын, дам хавьтлыг эмч нар машинтайгаа дохиогоо хангинуулан ирсээр орцных нь тандалтын багийн эмч ажилтнууд бүрэлдэхүүнээрээ гарч PCR шинжилгээ авч, машинд суулгасаар авч явахаас эхлээд маршрут дэлгэдэг байсан нь саяхан. Энэ нь тухайн хүндээ маш эвгүй хэрэг хийсэн мэт ичмээр мэдрэмж төрж байсныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бие давхар эмэгтэй Н.Долгор хэлж байв.

Тэрбээр 20 настай, сувилагч мэргэжилтэй. Хамт ажилладаг найз нь сэжигтэй тохиолдол болж ойрын хавьтлаар тусгаарлагдах үед ийнхүү эмнэлгийнхэн сүр бадруулсаар гэрийнх нь гаднаас авч явахад нь бусдаас ичих сэтгэл төрж гэм хийсэн юм шиг санагдаж байж. Тэрбээр “ Халдварыг дотоодод алдаагүй байсан ч зочид буудалд 14 хоног тусгаарлагдаж байсан. Эмч нар тусгаарлах гэж сүр бадруулдаг байсан байж одоо бол “Миний дүү хувцсаа аваад гараад ирэх үү” гэдэг болсон байна билээ” гээд инээж байв. 

                             “ВАКЦИН БИДНИЙ НАЙДВАР”  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс бүгд л вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагджээ. Ихэнх нь вакцины нэгдүгээр тунг авснаас хойш гэр бүлийн хүрээнд халдварт өртсөн гэнэ. Эмээ, ах, эхнэр, нөхөр, хөршөөсөө зарим нь хаанаас авснаа ч мэдэхгүй. Тэд вакцин гарч, амжиж тариулсандаа олзуурхаж, хөнгөн өвдсөндөө баярлаж, эмнэлгээс гарах өдрөө тоолно.

Эмнэлэгт биеийн байдлаасаа хамаарч дунджаар 10 хононо. Хүндхэн байвал нэг сар эмнэлэгт хэвтэж байгаа ч хүн бий. Танил маань ч бас Covid-19 халдварыг хаанаас авснаа мэдэхгүй, эмнэлэгт 10 хоног эмчлүүлж, эдгээд гарчээ.

PCR шинжилгээний хариу эерэг гарах хүртэл хоёр хоногт амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдаж, толгой өвдсөөр  бие нь эрс муудсан ч эмнэлэгт гурван өдөр хүчил төрөгчийн аппараттай, тариа дусал, эм тарианы хүчээр хүндхэн зовиураа мартжээ. Энэ тухай танил маань ярихдаа “Хамгийн үнэтэй зүйл бол агаар, амьсгалж байгаагаа мэдрэх. Үүнийг өмнө нь тоодоггүй, анзаардаггүй байжээ. Аппаратгүй бол амьсгалж чадахгүй санагдах үед л үнэ цэнийг нь мэдэрдэг юм билээ” гэсэн юм. Эмнэлэгт хэвтээд гурав дахь хоногтоо бие нь шөнө  гэнэтхэн муудаж  өрөөнд хамт хэвтэж байсан хүн нь эмч, сувилагч дуудтал ирээгүй байна. Энэ хугацаанд амьсгал нь тасалдсаар сүүлдээ  бие нь мэдээ алдах агшинд “Эргэж гэртээ харих болов уу” гэсэн гуниг төрж, анх удаа эргэлзжээ.   Хэсэг хугацааны дараа эмч, сувилагч нар хүчилтөрөгчийн аппарат залгаж, амьсгал тэлэх тариа тарьж, эм өгснөөр дээрджээ. Эмч нар түүнд "Зүрх ачааллаж цусан хангамжийн дутагдалд орсноос үүдэн биед цус очихгүй, хүчил төрөгч дутагдсанаас биед мэдээ алдсан болохыг тайлбарлажээ. Магадгүй өөрөөс нь хүндхэн өвчтөн байсан бол хүний амь эрстэх хангалттай хугацаа өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй гэнэ. Хүний амь секунд, долиор хэмжигддэг учраас тэр биз ээ.

Түүний хувьд эмнэлэгт хоёр удаа давтан рентгенд харуулжээ. Уушгинд нь сүүдэр тусаагүй гэх сайн мэдээг эмч түүнд  вакцинтай холбон тайлбарласан байна. Энэ тухай тэрбээр “Эмч анх үзэхдээ вакцин уушгийг чинь хамгаалж, дархлаа тогтсон бололтой хүчил төрөгчөөр хангаж байна. Гэхдээ рентгенд хараад мэднэ. Амьсгал тасалдаж байгаа нь уушгины тал нь хатгаа болсон байж болзошгүй гэж хэлсэн. Дараа нь рентгений хариу сайн гарч, уушгинд сүүдэр тусаагүй болохыг эмч вакцины үр дүн гэсэн. Тэр үед вакцин тариулсандаа баярласан”  гэв.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын  хувьд ч бас вакцин найдвар болжээ. Энэ тухай нэгэн өдөр сувилагч нь дусал залгах үеэр ЭМЯны мэдээг сонсоод “Сайхан цаг ирээсэй. Гадуур хүмүүс хэцүүдэж, бид ч сөхөрч унахад ойрхон болж байна. Гэхдээ вакцинтай болохоор бас найдвар байна. Удахгүй хэдхэн өдөр гүрийвэл ээлж солилцлоо. Би өөрөө Covid-19 халдвараар эдгээд ажилдаа орсон хүн шүү дээ” гээд товчхон хэлээд гарч оджээ. Харин эмнэлэгт D витаминаас өөр эмчилгээ байхгүй, эмч нарт зовиураа хэлэхгүй л бол тоохгүй зэрэг элдэв  ойлголт эмнэлэгт ирээд ташаа байсныг эмнэлэгт хэвтээд л мэдсэн гэнэ.

Түүний анзаарснаар биеийн байдлаас нь шалтгаалж эмчилгээ, эм тариа нь ч өөр хоорондоо адилгүй гэнэ. Тухайлбал, уушгинд сүүдэр тусаагүй бол антибиотик уух болон дуслаар, мана дөрөв, норов долоо тан, вирусийн эсрэг эм, амьсгал тэлэх тариа, С витамин уух болон тариагаар зэрэг. Харин уушгинд сүүдэр туссан бол мөн л эм бага, дусал их. Хүн хүний биеийн байдал, онцлог харилцан адилгүй тул зарим нь долоо дахь хоногтоо эдгэж байхад зургаа дахь өдрөөс бие нь муудаж хатгаа болох тохиолдол их байдаг аж.

                          ЭМНЭЛЭГТ Ч ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ БИЙ

Нэг хүний тэнэг үйлдлээс болж нийтээрээ хохирно гэдэг үг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ярианаас тодхон. Бас ханиад гэж андуурч дур мэдэн эм ууж өөрсдийгөө "эмчилж байна" гээд бусдыгаа хохироосон нь цөөнгүй байна. Зарим нь мэдсэн ч хэнэггүй загнах болжээ.

 Ах нь халдвар авснаа нууж дүүгээ гэртээ дуудсанаас болж хүүхэдтэйгээ хүндхэн өвдсөн тухай залуу эмэгтэй утсаар найздаа “ховлоно”.  Нас тогтсон эгч нь гадуур шавхайтай гутлаа гэртээ тайлалгүй алхаж, ханиалгаж найтаасан ч гэртээ амны хаалт зүүхгүй жирэмсэн дүү нь эмнэлэгт хэвтэх шалтгаан болсноо гомдолтойгоор ярина. Бас эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ч өөрсдөө ухамсаргүй.

Эмнэлгийн хамгийн бохир хэсэг бол нийтийн бие засах газар. Уг нь үйлчлэгч өглөө, өдөр, оройд цэвэрлэдэг ч олон хүний хөлд бие засах газар ой гутам болно. Хүний нүд хариулж тамхи татах, угаалтуурт гараа угаах нь шүлс, нус цэр, хоолны үлдэгдэл тунасныг хараад дотор арзасхийнэ. Зарим өвчтөн сэжиглэж байна гээд нялх хүүхдийнхээ коршокт шүлс, нус, цэрээ хаяж, шүдээ угаана. Элдвийн нян цугласан коршокт хүүхэд нь  бие засна. Эмнэлгийн өрөөнүүдэд угаалтуур маш цөөн.  Дээр нь эмнэлгийн хог хаягдал буюу өвчтөнүүдийн дусал тариа өдөржин нэг дор өрөөндөө бөөгнөрөх нь халдвар тархахгүй гэх эрсдэл байхгүй. Үүнийг үйлчлэгч өдөрт нэг удаа цэвэрлэгээ хийхдээ л авч хаяна. Эмчлүүлж байгаа хүмүүс ч бас өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байгаа хүнээсээ хамаарч  биеийн байдал нь дордоно эсвэл  сэргэнэ. Танилын маань хэлснээр анх хүнд өвчтөнтэй нэг өрөөнд оржээ.  Гэтэл хэдхэн өдөрт ханиалгаж, биеийн байдал нь дээрдээгүй байна.

Олон хоног ажиллаж ядарсан сувилагч нар заримдаа тээршааж “Хатгаа юм чинь хавиргаар чинь хатгуулна шүү дээ” гэж хээвнэг хэлчихээд гараад явах нь цөөнгүй байсныг ч хэлж байв. Гэсэн ч  эмч нарт өрөөгөө солих хүсэлт гаргаж, эдгэж байгаа өвчтөнтэй нэг өрөөнд оржээ. Удалгүй ханиалгах зовиур ч арилж, долоо дахь хоногт үнэрлэх мэдрэмж сэргэжээ.

Эмч, сувилагч нар ч бас эдгэж байгаа өвчтөнийг хэзээ ч шинэ өвчтөнтэй нэг өрөөнд оруулдаггүй байна. Учир нь дархлааг нь дарангуйлах аюултай хэмээн үзэж, өрөөний сэлгэлт хийдэг аж.

                              ДОГДЛОЛ, АЙДАС, ЭРГЭЛЗЭЭ

Хүмүүс эмнэлгээс гарах гэж яарна, хоног тоолно.  Харин эдгэсэн үгүйгээ огт тоохгүй, зовиур арилсан л бол гэртээ гарах гэж хүүхэд хөгшидгүй яарна. Эмнэлгийн цонхны цаана эрх чөлөө үнэртэнэ. Гэртээ харих гэж яарсан догдлол тэмүүлэл  хүн бүрт бий. Гэхдээ би эдгэсэн болов уу, дахин халдвар тараах вий гэх айдас, эргэлзээ ч бас дагах аж. Удахгүй эмнэлгээсээ гарах хүмүүсийн ар гэрийнхэн ч бас “Бүрэн эдгэсэн юм уу, яаж мэдэх вэ, хүүхдээ л бодоорой” гэж бухимдах, санаа зовох өнгө аясаар ярих нь түгээмэл. Танилын хэлснээр арван хоног эмчлүүлээд гарахаас өмнө эдгэсэн болов уу гэх эргэлзээ ч бас байжээ. Эмчээс эдгэснээ яаж мэдэх вэ, халдвар тараах эрсдэл бий юу гэх асуултын хариуд эмч “Биеийн үзүүлэлт сайн гарсан ч бүрэн эдгэсэн гэж хэлж болохгүй. Харин халдвар тараах эрсдэл байхгүй, вирус идэвхгүй болсон. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, цэвэр агаарт гарч мана дөрөв, норов долоо танг нэг сар уух хэрэгтэй. Аяга таваг, хэрэгсэл тусдаа, хүүхэд, амьтан үнсэхгүй байх хэрэгтэй” гэж зөвлөжээ. Түүний хувьд вакцин тариулсан ч амны хаалтаа тайлах гэж яарах хэрэггүй болохыг ч  бас сануулж байсан юм. Тэрбээр удахгүй ажиглалтын долоо хоногийн хугацаа нь дуусч ажилдаа орно, эргээд хэвийн амьдралдаа хөл тавина.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж