Сурвалжлага: Хүүхдүүдээ санасан хүүхдийн парк

Хуучирсан мэдээ: 2021.06.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдүүдээ санасан хүүхдийн парк

Сурвалжлага: Хүүхдүүдээ санасан хүүхдийн парк

Улаанбаатарт хүүхэд, залуусын амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг хуруу дарам цөөн цогцолборын нэг бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний хэлж заншсанаар хүүхдийн парк. Урин дулаан орохоор л хүүхдийн паркт хөгжим, хүүхдийн инээд хөөр дүүрэн цангинадаг, хөл хөдөлгөөн ихтэй газар байсан цаг саяхан. Харамсалтай нь, цар тахлын улмаас чимээгүй, сэлүүхэн газар болжээ. Паркийн тоглоомоор тоглох хорхойгоо дарж ядсан хүүхэд, залуус паркаар сэлгүүцэж байгаатай тааралдав. Хэдийгээр хэзээ эргэн нээгдэх нь тодорхойгүй ч хүүхдийн паркийн ажилчид тоглоомоо засч сэлбэж, шинээр бүтээн байгуулалт хийж байгаагаа дуулгав.

ТОГЛООМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

Бид Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан газрын захирал О.Нямбаяртай ярилцлаа. Түүний хэлснээр хүүхдийн паркийн орлого сүүлийн хоёр жилийн хугацаанд буурсан ч энэ жил хүүхэд, залуустаа зориулан шинээр хоёр газар тохижуулж байгаа гэнэ.

-Хүүхдийн парк үйл ажиллагаагаа нээх бэлтгэл ажлаа хангасан уу?

О.Нямбаяр: Хүүхдийн парк маань зургадугаар сарын 1-ний өдөр хамгийн ачаалалтай байдаг. Гэвч өнгөрсөн жил болон энэ жил Covid-19-ийн улмаас ажиллаж чадсангүй. Одоогийн байдлаар парк хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Бид бэлтгэл ажлаа хангаад, засвар үйлчилгээгээ хийж байгаа. Нийтдээ 22 тоглоом бий. Бүгдийг нь нэг бүрчлэн задлаад солих шаардлагатай хэсгийг нь солиод, засч байна. Жишээлбэл, галзуу хулгана, алсыг харагч тоглоомын эд ангийг Хятад улсаас үйлдвэрлэгчээс нь шууд авчирч засч сэлбэж байна. Тоглоомын засвар үйлчилгээ ерөнхийдөө 80 хувьтай явж байгаа.

-Энэ жил шинээр нэмэгдэж байгаа болон хасагдсан тоглоом бий юу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас манай парк орлого багатай байсан. Тиймээс шинэ тоглоом гэхээсээ илүүтэйгээр хуучин тоглоомнуудаа засч сэлбэсэн. Ажилчдынхаа цалинг таслахгүй тогтмол өгөх нь чухал шүү дээ. Шинэ тоглоом байхгүй ч гэсэн парк дотроо хоёр газар шинээр нээж байгаа. Эхнийх нь төөрдөг байшин. Байшингийн ажил нь эхэлчихсэн, одоо гоёл чимэглэл, будагны ажил л үлдсэн. Дараагийнх нь, паркийн бөмбөгөр байшинг зоо парк болгон ашиглах гэж байгаа. Мөн хөл хорио тавигдахаар хүүхдийн паркийн уламжлалт энтертайнмент арга хэмжээ, сонирхолтой өдөрлөгүүдийг зохион байгуулах болно. Төлөвлөгөөгөө гаргах гэж байна.

-Яг хэзээ засвар шинэчлэлийн ажил нь бүрэн дуусах вэ?

-Зургадугаар сарын 15-н гэхэд засвар, шинэчлэлийн ажил маань 95 хувьдаа хүрнэ. Галзуу хулганы засварын ажлыг зургадугаар сарын 30-н гэхэд дуусгана. Ер нь долдугаар сарын 1-нээс бүрэн хүчээрээ ажиллаж эхлэхэд бэлэн гэсэн үг. Хамгийн том ажил маань галзуу хулгана. Нэг бүрчлэн кабин, замуудаа шалгаж, туршилтуудаа хийнэ. Манайх тоглоомуудын эд ангийг шалгах тал дээр мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажилладаг. Уг нь жил бүр хүүхдийн баярын өмнөх өдөр нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд бүтцийн хэлтэс болон барилга, хот байгуулалтын хэлтэс, хөдөлмөр хамгааллын хэлтэс гэсэн гурван хэлтэс хамтарсан баг гаргаж, манай дээр үзлэг, шалгалт хийдэг.

-Тоглоомууд ажиллахгүй байгаа ч гэсэн хүүхдүүд ирсэн харагдана?

-Тийм шүү. Хэдийгээр тоглоомнууд ажиллахгүй байгаа ч нийтийн эзэмшлийн талбайгаар хүмүүс орж гардаг. Гэхдээ үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа. Ирэх долоо хоногоос түргэн хоолны газар ажиллаж эхлэх байх. Ер нь аажим аажмаар ажилд орж л байна. Тоглоомнууд маань нээгдэхтэй зэрэгцэн бусад үйлчилгээний газрууд нээгдэх байх.

"ХҮҮХДИЙН ПАРК АЖИЛЛАХГҮЙ УЙТГАРТАЙ БАЙНА"

Үүний дараа бид хүүхэд, залуусын сэтгэгдлийг сонслоо.

20-р сургуулийн сурагч н.Анхбаяр:

-Хүүхдийн парк ажиллахгүй байгаа нь эвгүй л юм. Дуртай тоглоомон дээрээ тоглоод зайрмаг идэхгүй уйтгартай санагдаж байна. Төгсөх анги болохоор ангийнхантайгаа тоглоомон дээр тогловол гоё л байна. Уг нь алсыг харагч, галзуу хулгана дээр их тоглодог байсан.

 

111-р сургуулийн сурагч н.Төгсжаргал:

-Парк дээр ирчихээд тоглоомон дээр тоглохгүй уйтгартай л байна. Зүгээр ирэхээр хийцгүйрээд л сууна. Ирэхээрээ л тоглоомон дээр тоглодог болохоор бүр дасчихсан байна. Ядаж алсыг харагч нь ажиллавал гоё байна.

МУИС-ийн оюутан н.Ганчимэг:

-Цар тахалтай холбоотойгоор бага насны хүүхдүүдийг цуглуулахгүй гээд ажиллахгүй байгаа нь зөв л дөө. Харин залуус халдвар хамгааллын дэглэм, зайгаа бариад нийтийн эзэмшлийн талбайд нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа нь сайхан байна. Би галзуу хулгана, дээрэмчний онгоц дээр тоглох дуртай.

 

31-р сургуулийн сурагч З.Наранбаатар:

-Хүүхдийн паркийн тоглоом ажиллахгүй байгаа болохоор муухай, уйтгартай байна. Би өмнө нь үлэг гүрвэл дээр тоглодог байсан. Хүүхдийн баяраар аав, ээжтэйгээ дүүтэйгээ ирж тоглодог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж