Та өдөрт хэдэн төрлийн нууц үг ашигладаг вэ? Гар утас, фэйсбүүк, банкны гүйлгээ гээд бид өдөр тутамдаа цөөнгүй нууц үг, нэвтрэх нэрийг тогтмол ашигладаг. Тэгвэл нууц үгээ мартах, хэн нэгэнд алдах, хэтэрхий энгийн нууц үг тохируулах зэргээс болж эрсдэлд орох тохиолдол бий. Бид өөрсдийн маш чухалд тооцогдох хувийн мэдээлэл, санхүүгээ ердөө хэдхэн үсэг, тэмдэгтээр хамгаалж байна шүү дээ. Иймд нууц үгтэй холбоотой таны мэдэх ёстой бүхнийг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.
- Хэрэв нууц үгээ алдсан бол
Хэн нэгэн нууц үгийг тань мэдсэн, сэжигтэй тохиолдолд даруй өөрийн и-мэйл болон гар утсандаа нэг удаагийн нууц үг авч, хуучин нууц үгээ солих хэрэгтэй. Үүний тулд та и-мэйл хаяг болон гар утасны дугаараа банканд үнэн зөв бүртгүүлсэн, банкнаас илгээсэн нэг удаагийн нууц үгийг тэр дор нь шалгах боломжтой байх ёстой. (Нэг удаагийн нууц үг болон хэрхэн сэргээх зааварчилгааг дор илүү дэлгэрэнгүй дурдав.)
Харин үүний дараа нууц үгээ дахин алдахгүй байхад анхаарч дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
- Хэний ч санаанд оромгүй нууц үг зохиохоос бүх зүйл эхэлнэ
Таны хамгийн анх цахим орчинд оруулж байсан нууц үг юу байсан бэ? Таах гээд оролдоод үзье. Магадгүй “pass123”, “таны нэр+төрсөн он”, “таны нэр+утасны дугаар” байх. Хэрэв та зөвхөн өөртөө зориулж, эргэн санахад амар гээд өөрийнхөө хаа ч нээлттэй байдаг мэдээллийг нууц үгэндээ ашиглавал, бусад хүн ч гэсэн таны нууц үгийг түвэггүй олох боломжтой гэсэн үг. Иймд аль болох хэний ч санаанд оромгүй, таны хувийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар холбоогүй нууц үг үүсгэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нэг сонирхолтой жишээ дурдахад та аль нэг өгүүлбэрийг товчилж, нууц үг үүсгэх боломжтой. Доорх жишээгээр харуулъя.
№ | Өгүүлбэр | Нууц үг |
1 | Би анх 4 настайдаа аав ээжтэйгээ хамт хүүхдийн парк орж байсан. 🙂 | Ба4наэххпоб:) |
2 | 1955 онд Манчестер Юнайтед өөрийн талбайдаа Манчестер Ситиг 5:0 харьцаатай буулган авч байв. | 1955оМЮөтМС5:0хбаб |
Мөн emoji ашиглах нь эргэн санахад хялбар мөртлөө тийм ч хялбар таах боломжгүй нууц үгийн тоонд ордог. (Жишээлбэл: :p , =o , ;0 , :* , @_@) Зарим хүн нууц үг нээдэг, хадгалдаг програм ашиглах нь бий. Хэрэв тийм боломжийг сонирхож байвал энд дарж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Эцэст нь танд л гэж хэлэхэд интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл байдаг дараах нууц үгсийг хэзээ ч, хэзээ ч бүү ашиглаарай. (qwerty, password, 12345, qwerty123, 1q2w3e, 12345678, 111111, 1234567890)
- Нууц бол нууц л байх ёстой
Та өөрийн фэйсбүүкийн нэвтрэх нэр болон нууц үгээ яг одоо цээжээрээ хэлэх гээд оролдоод үз дээ. Хэрэв чадаж байвал танд баяр хүргэе. Харин шууд хэлж чадахгүй хэтэрхий олон нууц үг, нэвтрэх нэрэн дундаа төөрч орхисон бол яах вэ? Гар утсаа зараад л фэйсбүүктээ нэвтэрч чадахгүй болсон тохиолдол ойрын танилууд дотор цөөнгүй бий. Дээр дурдсанчлан бид өдөр тутамдаа хэд хэдэн өөр төрлийн нууц үг ашигласнаар түүнийгээ хэрхэн хадгалах учраа олдоггүй. Тэгвэл эдгээр нууц үгээ хаана, хэрхэн хадгалах вэ? Ихэнх хүн тэмдэглэлийн дэвтэр, гар утас, вэб хөтөчдөө сануулах байдлаар хадгалдаг. Гэвч та тэдгээр зүйлсээ хэн нэгэнд алдвал яах тухай бодож үзсэн үү? Муугаар бодоход, гар утсаа хулгайд алдчихвал зөвхөн үнэтэй эд зүйлээрээ хохироод зогсохгүй дээр нь байгаа бүхий л хувийн мэдээллээ алдаж орхино. Таны мэдээлэл, нууц үгийг гартаа оруулсан хэнд ч банкны аппликэйшнээр тань дамжуулан гүйлгээ хийх боломж нээлттэй. Учир нь та бүх нууц үгээ утсан дээрээ хадгалчихсан шүү дээ. Үүнд и-мэйл хаяг ч мөн орно. Нууц үгээ бүгдийг нь бичээд өөр лүүгээ и-мэйлдсэн гэх хүнтэй таарч байсан тул онцгойлон анхааруулж байгаа юм. Учир нь гар утсаа алдвал бүх мэйлийг тань нээж унших боломжтой гэдгийг санаарай.
Иймд нууц үгээ нууц л байлгах хэрэгтэй. Харин нууцлахын тулд та анхнаасаа тогтсон нэг дүрмээр нууц үг зохиож хэвшвэл хялбар. Жишээ татъя л даа. Би нууц үг зохиохдоо, эхлээд өөрийнхөө шүтдэг хөлбөмбөгчний товчилсон нэрийг оруулдаг. Түүнийг David Beckham буюу нэрийг нь DB гэж товчилдог. Дараа нь дунд сургуульд байхдаа ашигладаг байсан утасны дугаараа оруулна. Энэ удаад бүгдээрээ 9999-9999 гэж төсөөлье. Ихэвчлэн тэмдэгт шаарддаг тул сүүлийн хоёр орныг $$ тэмдгээр тохируулдаг. Мөнгөтэй болно хэмээн бэлгэшээдэг юм. (Инээв.) Харин дараа нь тухайн програм, аппликэйшний товчилсон нэрийг жижиг үсгээр оруулна.
Одоо бүгдээрээ фэйсбүүкийн нууц үгийг маань нийлүүлж үзье: DB999999$$fb. Тэгвэл твиттерт энэ нууц үг маань DB999999$$tw гэх мэтээр хувираад явна гэсэн үг. Нэг ёсондоо та өөрийн дүрмээ л санаж байхад аль ч нууц үгээ хэзээ ч мартахгүй болчихож байгаа юм. Ингэснээр хамгийн аюулгүй газар болох оюун санаандаа нууц үгээ итгэлтэй хадгалж болно.
- Нэг удаагийн нууц үг гэж юу вэ?
Энэ нь хамгийн аюулгүй төрлийн нууц үг хэдий ч хүмүүс тэр бүр тогтмол хэрэглэхээсээ түвэгшээх нь бий. Учир нь таны и-мэйл хаяг, эсхүл гар утсанд тань илгээсэн, автоматаар үүсгэсэн нууц үг тул та ашиглахын тулд заавал и-мэйлдээ нэвтэрч, мэссежээ шалгах шаардлага гарна. Гэвч энэ нь одоохондоо технологийн компаниудын олсон төгс шийдэл тул эвлэрэхээс аргагүй. “Эрүүлийг хүсвэл жаргалыг хүс” гэдэгтэй ижил, аюулгүй байдлыг хүсвэл нэг удаагийн нууц үгийг цааргалалгүй хэрэглэж хэвшээрэй. Энэ нууц үгийг банкнаас зээл авах, нууц үгээ сэргээх зэрэг тохиолдолд ихэвчлэн ашигладаг.
- Нууц үгээ хэрхэн сэргээх вэ?
Нууц үгээ сэргээхийн тулд дээр дурдсан нэг удаагийн нууц үгийг ашигладаг. Ямартай ч та өөрийн нууц үгээ мартсан бол тухайн ашиглаж буй аппликэйшн, програмаасаа шууд сэргээх боломжтой. Жишээлбэл, ХААН Банкны онлайн банкны үйлчилгээний нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн аппликэйшнээр болон www.khanbank.com цахим хуудсаар дамжин “Нууц үг сэргээх” цэсэнд хандаж, регистрийн дугаараа оруулж, утасны дугаар эсвэл и-мэйл хаягтаа (таны сонголтоор) идэвхжүүлэх код авна. Тус кодыг оруулснаар нууц үгээ шинээр тохируулах боломжтой болдог. Ингэхдээ дээр дурдсан, зөвхөн таны л мэдэх нууц дүрмийн дагуу тохируулаарай. Мөн энэ тохиолдолд та гар утас болон и-мэйлээ шууд шалгах боломжтой байх ёстой. Банкны зүгээс гар утасны дугаараа өөрчилсөн бол банканд хандаж тэмдэглүүлээрэй гээд байдаг нь ийм учиртай. Аливаа үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна тохиолдож болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм.
Холбоотой мэдээ