АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп албан тушаалаасаа буухаас өмнө Конгрессын ордон руу хүмүүсийг турхирч, үймээн самуун дэгдээсэн гэх шалтгаанаар твиттер, фэйсбүүк ашиглах эрхгүй болсон билээ.
Гэвч тэрбээр бууж өгөлгүй өөрийн үзэл бодлоо олон хүнд хүргэхийн тулд өөрийн гэсэн блог хэлбэрийн вэбсайтаа нээсэн юм. Түүний шадар туслахууд уг сайтыг цаашдаа томоохон сошиал платформ болж өргөжинө хэмээн мэдэгдэж байв.
Энэ сайт дээрээ экс Ерөнхийлөгч “From the Desk of Donald J. Trump” нэртэй хуудас үүсгэж, өөрийн мэдэгдлүүдийг цацаж эхэлсэн билээ.
Трампын ахлах зөвлөх Жэйсон Миллер өчигдөр (2021.06.02) энэхүү сайтыг бүрмөсөн устгах болсныг мэдэгджээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар тодорхой шалтгаан, тайлбар хэлээгүй ч ойрын эх сурвалжуудын мэдээлснээр шинэ сайт нь маш бага хандалттай байсан тул устгахад хүрсэн аж.
Уг сайт нээгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд ердөө 212 мянга орчим хандалт бүртгэгдсэн байна. Харин Трампыг Ерөнхийлөгч байхад ганцхан жиргээ нь хэдэн минутын дотор олон зуун мянган хүнд хүрч, шэйрлэгддэг байв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ