Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй “Умард Атлантын гэрээний байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж дуусчээ. Тодруулбал, Монголын зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад 2021 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм Бааз”-д шилжин байрласан байна.
Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр явагдаж, баазад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд өөрийн улсын төрийн далбааг буулгах, ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт энэхүү арга хэмжээнд оролцсон байна.
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер ёслолын ажиллагаанд оролцсоны дараагаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргалтай уулзаж, Монгол цэрэг “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг маш сайн гүйцэтгэн, Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд амжилттай хүлээлгэн өгч, эх орондоо буцаж байгаад талархлаа илэрхийлж, амжилт хүсчээ.
Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Умард Атлантын гэрээний байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна.
Ёслолын арга хэмжээнд ИБНАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч генерал Аустин Скотт Миллер, Кабулын Аюулгүй байдлын хүчний командлагч бригадын генерал Олли Браун болон эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-д үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багуудын удирдлага, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцжээ.
ИБНАУ-аас эвслийн цэргийг 2021 оны есдүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн явагдаж буй юм.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Холбоотой мэдээ