Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2021 оны зургадугаар сарын 2-нд "Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт" сэдэвт сар бүрийн уулзалтаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хүндэт илтгэгчээр Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён, эдийн засагч доктор Ч.Хашчулуун болон "Big Sun Holdings Group" корпорацийн Гүйцэтгэх захирал Майкл Ж.Вүүдс нар оролцов.
Энэхүү уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын Элчин сайдын яамдын төлөөлөл оролцов.
АмЧам Монголын ТУЗ-ийн дэд дарга Н.Мөнхнасан уулзалтыг нээж хэлэхдээ “2020 оны эхний есөн сард Монголын эдийн засаг 7.3%-иaр буурсан нь 1990-ээд оноос хойш гарсан хамгийн хүнд уналтуудын нэг боллоо. Түүхий эдийн эрэлт огцом буурч, БНХАУ-тай хилээ хаасан нь уул уурхайн салбарт ихээхэн нөлөөлсөн. Судалгаанаас харахад Covid-19-ийн нөлөө нь ЖДҮ, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, барилга, боловсролын салбар дахь аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүндээр нөлөөлсөн билээ. Гэсэн хэдий ч засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах цогц хөтөлбөр нь бизнесүүдийг хаалгаа бүрэн барихаас хамгаалж чадлаа" гэв.
Дэлхийн улс орнуудын хэтийн төлөв тодорхойгүй хэвээр байна. Ялангуяа вирусийн мутаци түгшүүр төрүүлж байгаа хэдий ч вакцинжуулалт хийгдэж эхэлсэн тул айдас багасаж байна.
Hоён Юн Сок Хён хэлэхдээ “Эдийн засгийн сэргэлт улс орон, салбар бүрд харилцан адилгүй байна. Саяхан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдлыг гаргаж, 2021 онд 6%-иар харин 2022 онд 4%-иар өснө гэж үзлээ. Монгол Улсын хүлээгдэж буй өсөлт 5% байсан хэдий ч одоогоор эдийн засаг нь цар тахлын өмнөх төвшинд хүрч чадаагүй байна. Ерөнхийдөө энэ цар тахлын нөхцөл байдал цаашид яаж эргэхийг бид хэлж мэдэхгүй байна. Хоёрт, Европын болон Азийн зарим орнуудад цар тахлын гурав дахь давлагаа гарах магадалтaй байна. Гуравт, АНУ-ын инфляц, мөн Хятадын санхүүгийн салбарын цаашдын байдал Монгол Улсын эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байна” гэж хэллээ.
Сүүлийн хоёр жил дараалан Монгол Улсад сонгууль болсонтой холбоотой тул өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын тод зураглал гаргах боломжгүй байгаа юм. Хэрэв сонгууль хугацаандаа болж дуусвал 3, 4 дүгээр улиралд эдийн засгийн илүү тодорхой дүр зургийг гаргах боломжтой болно. Хэрэглэгчийн тал дээр яривал хэмнэлтийн горимд орсон буюу сүүлийн хоёр жил худалдан авалт хийгээгүй ба борлуулаагүй бараа бүтээгдэхүүн, түүхий эд их байна. Гэсэн хэдий ч хилээ аажмаар нээж эхэлсэн байгаа тул импорт, хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж эхэлж байна гэж доктор Ч.Xашчулуун онцлон тэмдэглэв.
Ноён Вүүдс “АНУ болон БНХАУ-ын хийсэн гол арга хэмжээ бол хангалттай их хэмжээний вакцин худалдан авч, вакцинжуулалтыг эрчимтэй хийж чадсанд оршиж байна. Мөн АНУ-ын эдийн засгийн сэргэлтийн тулгуур нь технологи болон инновацийн эрчимтэй хөгжил байсан юм. Дэлхийн орнуудад нэг талаас цахим шилжилт болон криптовалют нэвтрэхтэй холбоотой шинэ боломж гарч байгаа ч нөгөө талаас кибер аюулгүй байдалтай холбоотой шинэ сорилтууд тулгарч байна” гэж хэлэв.
Илтгэгчид оролцогчдын асуултад хариулснаар энэхүү хэлэлцүүлэг өндөрлөлөө.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази, Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази, Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Холбоотой мэдээ