Өмгөөлөгч С.Ганчимэгийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч С.Ганчимэгийн шүүх хурал хойшлов

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд дуудагдсан өмгөөлөгч С.Ганчимэгт холбогдох хэргийн   шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд 14.30 цагаас болох байсан ч ирэх  23-ны өдрийг хүртэл хойшиллоо.  Өнгөрсөн дөрөвдүгээр сар  өмгөөлөгч С.Ганчимэг нь  Э.Амарбатыг  хүчингийн хэрэгт буруутган  гомдол гаргасан байдаг. Эл гомдлыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж үзээд үндэслэлгүй гэж үзсэн юм. Тодуулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175.1-ээр “Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргана” гэснийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин  дараа нь Э.Амарбат өмгөөлөгч С.Ганчимэгийг нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж