Дэлхийн хамгийн баян хатагтай Франсуаза Беттанкур-Майерс   | News.MN

Дэлхийн хамгийн баян хатагтай Франсуаза Беттанкур-Майерс  

Дэлхийн хамгийн баян хатагтай Франсуаза Беттанкур-Майерс  

Дэлхийн хамгийн баян хатагтай Франсуаза Беттанкур-Майерс  

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг “ХҮМҮҮС” булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн хамгийн баян эмэгтэй, гоо сайхны эзэнт гүрэн гэгддэг “L’Oréal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Майерсыг онцолж байна.

“Forbes” сэтгүүлийн тооцооллоор түүний хөрөнгө одоогоор 66 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэрбээр хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 15-д бичигдэж байгаа юм. "L’Oréal" компанийг түүний ээж Лилиан Беттанкур эзэмшдэг байсан бөгөөд тэрбээр энэ эд хөрөнгийг эхээсээ өвлөн авчээ. Одоо тэрбээр компанийнхаа 33 хувийг эзэмшиж байна.

Франсуаза Беттанкур-Майерс ээжтэйгээ харилцаа муутай байсан төдийгүй 2007 онд тэд шүүхээр заргалдаж байв. Лилиан Беттанкур таалал төгсөхөөс хэдхэн жилийн өмнө ээж, охин хоёр харилцаагаа хэвийн болгожээ.

Хатагтай Франсуаза Беттанкур 2017 оноос дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтсан байдаг. Өмнө нь дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгддэг байсан ээж Беттанкур нь 2017 онд 94 насандаа өөд болсны дараа “L’Oreal”-ийн эзэнт гүрэн түүний мэдэлд ирсэн юм.

“L’Oreal” хэрхэн бий болов?

Лилиан Беттэнкуртын эцэг Евгени Шюллер 1909 онд анх үсний будаг үйлдвэрлэдэг компани байгуулсан нь яваандаа “L’Oreal” группийн үндэс болсон байна. Одоо “L’Oreal” нь дэлхийн хамгийн том косметикийн компанид тооцогддог. Шюллер Нейи хотоос Сорбоны их сургуульд орохоор Парист иржээ. Тэрбээр химич мэргэжлээр сургуулиа дүүргээд, эрдмийн зэрэг хамгаалахаар аспирантурт суралцсан байна. Гоо сайхны салонд ажилладаг нэгэн хүн Сорбоны их сургууль дээр ирээд залуучуудтай уулзаж, үс будах аргаар дагнан ажиллах хүсэлт тавьжээ. Тухайн үед химийн факультетын оюутнууд бүгд ирээдүйд Нобелийн шагнал хүртэнэ гэж мөрөөддөгөөс үс будах асуудлыг ойшоож үзсэнгүй. Шюллер л хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна. Энэ нь түүний хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн юм.

Жаахан ч гэсэн мөнгө олохоор уг саналыг хүлээн авсан тэрбээр сүүлдээ чамгүй орлого олох болсон аж. Үсний өнгө өөрчлөх бодис гаргаж авахаар гоо сайхны салон дээрээ хэдэн ч цагаар хамаагүй ажиллаж, сүүлдээ сургууль дээрээ ч очихоо больжээ. Удалгүй зорьсондоо хүрч, үсний будгаа амжилттай гарган авч, патент авснаар их хэмжээний ашиг олсон байна. Үүндээ урамшин үсний будгийн үйлдвэрлэл эрхлэхээр шийджээ. Гэвч хэсэг хугацааны дараа дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж, Шюллер үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрэв. Дайны талбараас эсэн мэнд эргэж ирээд, удалгүй дэлхийн улс орнуудын улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт гарсан нь Шюллерийн бизнест ч эергээр нөлөөлсөн байна.

Эмэгтэйчүүд задгай энгэртэй хувцас өмсч, наранд биеэ борлуулах нь мода болов. Гоо сайхны ертөнцийн шинэ уур амьсгалыг "L’oreal" фирмийн эзэн овжноор ашигласан байна. Тэр арьс борлуулдаг тос үйлдвэрлэсэн нь нэг хэсэгтээ хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсан гэдэг. Лабораторидоо өдөр, шөнөгүй ажиллаж байсан түүнийг 1920 онд нэгэн эмэгтэйтэй сохор азаар гэрлэсэн хэмээн ярьцгаадаг. Хоёр жилийн дараа охинтой болж түүндээ Лилиан гэдэг нэр хайрлажээ. Шюллерийн цорын ганц охин болох Лилиан Беттэнкурт 1957 онд эцгийгээ нас барахад хөрөнгийг нь өвлөж авсан юм.

Лилиан Беттэнкурт хатагтайн амьдралын сүүлийн 10 жилд түүний хөрөнгө мөнгөтэй холбоотой маргаан өрнөж байв. Өндөр наслаж, өвчтэй болсон хатагтайн хөрөнгийг түүний ойр шадар хүмүүс зүй бусаар ашиглаж буй тухай шүүхийн маргааныг охин нь эхлүүлж, эцэстээ ялалт байгуулан, бүх хөрөнгийг нь хяналтдаа авав. Францын Ерөнхийлөгч асан Николья Саркозигийн сонгуулийн ажиллагаанд Беттэнкуртын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх яриа хүртэл гарч байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус улсын экс Ерөнхийлөгч Никола Саркози саяхан гурван жилийн хорих ял авсан билээ.

“L’Oreal”-ийг үндэслэгчийн зээ охин Франсуаза 1953 оны долдугаар сарын 10-нд Францын Нойли-сюр-Сен хотод төржээ. Тэрбээр 1997 оноос хойш компанийнхаа ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Франсуаза Беттанкур өдгөө Парист амьдардаг, “Bettencourt Schueller Foundation” санг тэргүүлэн ажилладаг. Уг сан нь шинжлэх ухаан, урлагийн салбарт төсөл хэрэгжүүлж, анагаах-биологийн шинжлэх ухаан, нийгмийн хөгжил зэрэгт хөрөнгө зарцуулдаг. Мөн аутизмтай хүүхдийг дэмжих төсөлд хандив өгдөг байна. Энэ байгууллагын жилийн төсөв 160 сая франк бөгөөд үүний 55 хувь нь эрдэм шинжилгээ, боловсролын төслүүдэд, 33 хувь нь хүмүүнлэгийн болон нийгмийн салбарт, 12 хувь нь соёл, урлагийн салбарт зарцуулагддаг.

Өдгөө 65 настай Франсуаза Беттанкур-Майерс том компанийн өв залгамжлагч гэхээсээ илүү номын зохиолч,  судалгаа шинжилгээний ажилтан гэдгээрээ илүү хүмүүст танигдахыг хүсдэг. Багаасаа католик шашны номлолыг сонсож өссөн тэр Грекийн бурхад болон Христийн шашинтан, еврейчүүдийн харилцааны түүхийн тухай хэд хэдэн бүтээлээ хэвлүүлжээ. “L’Oréal”-ийн эзэн гэр бүл дэлхий даяар маш алдартай. Харин хувийн амьдралынх нь тухай мэдээлэл тун ховор байдаг. Учир нь түүний ээж Лилиан Беттанкур хувийнхаа амьдралыг хэвлэлийнхнээс сайтар нууцалдаг нэгэн байсан аж.

Хатагтай Франсуаза 1984 онд Жан-Пьер Майерс гэх эртэй гэрлэжээ. Энэ гэрлэлт ээж, охин хоёрын харилцаанд ан цав үүсгэсэн байна. Учир нь түүний сонгосон хүн бол Освенцимд нас барсан раввиний ач хүү байсан явдал. Тиймээс тэр Жан-Виктор, Николас хэмээх хоёр хүүгээ еврей шашинтан болгож өсгөжээ. Франсуазагийн өвөө “L’Oréal”-ийг үүсгэн байгуулагч Шюллер нацистын засгийн газартай хамтарсан хэрэгт буруутгагдаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж