Хятадын Тяньжин боомтод Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн бүхий 4000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсээд буй. Энэ талаар тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болгон “Эй Си Дабльютранс” ХХК-ийн ерөнхий захирал Х.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.
-Тяньжин боомтод чингэлгийн түрээсгүй хугацаа 40-45 хоног байдаг гэсэн. Илүү урт хугацаатай байхаар ярьж тохирч болдоггүй юм болов уу?
-Ерөөсөө 45 хоногийн түрээсгүй хугацаа өгдөг. Энэ бол олон жил нэлээн сайн хэлэлцэж байж авсан хугацаа. Тэр хугацаа нь Тяньжин дээрээ л дуусчихдаг. Монгол руу чингэлгээ оруулж ирээд, ачаагаа хүмүүст нь олгоод, буцаагаад хилээр гаргана гэхээр хоосон чингэлгийн асуудал бас байгаад байна. Яагаад вэ гэвэл Хятадын тал өдөрт Монголоос 14 галт тэрэг л авдаг. Импортын чингэлгийн галт тэрэг 1-2, транзитынх бол өдөрт 2-ыг авч байна.
-Тээвэр зуучийн байгууллагууд галт тэрэгний тоогоо нэмье гэсэн санал дэвшүүлжээ. Асуудлын шийдэл олдож байна уу?
-Галт тэрэгний тоог нэмье гэж бид Гадаад харилцааны яамтай нэлээн ярьсан. Бээжингийн ЭСЯ-ныханд энэ асуудалд анхаарлаа хандуулаад өгөөч ээ гэж санал тавьсан. Тэд ч боломжоороо ажиллая гэсэн. Гэтэл хятадууд эргээд хоосон чингэлгээ авахгүй болохоор нөгөө Тяньжин дээр байсан овоорол Монгол дээр ирээд овоорчихоод байна. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь сайн харахгүй бол болохгүй болчихоод байна.
-Өмнө нь чингэлгийн бөөгнөрлийн асуудал бас үүсч байсан юм билээ. Маш их алдагдал дагуулж байсан байх?
-2008 онд энэ асуудал болж байсан. Маш олон компани олон сая долларын өрөнд орж, маш олон компани дампуурсан. Энэ бүх ачааг хувийн хэвшил өөрсдөө үүрээд гарсан. Тиймээс тээвэр зуучийн компаниудыг энэ асуудлууд нэгтгэж байна. Бүгдээрээ зүгээр суугаад, төр засгаас юм гуйгаад байж болохгүй, өөрсдөөс шалтгаалах асуудлаа шийдье гэж ярилцсан. Энэ салбар харьцангуй шинэ салбар, 1990 оноос хойш 30 орчим жил болж байна. Тиймээс 10 жил тогтвортой ажилласан компаниудаа нэгтгээд, Үндэсний тээврийн корпораци гэдэг байгууллага байгуулсан. Гол зорилго нь хатуу графиктай чингэлгийн галт тэргүүдийг аялуулъя, Монголдоо вагонтой болъё, дундаа вагон худалдаад авъя гэж ярилцсан. Бидэнд юу дутуу байна вэ гэхээр ложистикийн нэгдсэн төв хэрэгтэй байна. Тэр төв маань хуурай боомтын нэгдсэн статустай ч байх юм уу, хуурай боомт гэдэг ямар ч далайн тээврийн компанид хүлээн зөвшөөрөгддөг боомт байх ёстой. Хөшигийн хөндийн талбайд баригдах логистикийн төвийн төсөлд бид оролцох хүсэлтэй байна. Үүний үр дүнд хэрэглэгчдэд хүрэх логистикийн бүх зардлыг бууруулах боломжтой. Азийн хөгжлийн банк, бусад донор байгууллагуудын судалгаанаас харахад дэлгүүрийн лангуун дээр байгаа барааны бараг 30 хувь нь логистикийн зардал. Энэ бол өндөр тоо. Тээвэр зуучийн компаниуд яаж энэ зардлыг бууруулах вэ гэдэг хамгийн чухал асуудал.
-Төр засагтай хэрхэн хамтран ажиллаж, ямар шийдэл олохоор төлөвлөж байна вэ?
-Нэгдүгээрт, бид логистикийн нэгдсэн төвтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, бид хатуу графиктай галт тэргүүдийг Хятадын талтай маш сайн ярилцаад тохирох, далайн тээврийн компаниудын хугацааг тодорхой болгох хэрэгтэй. Тяньжин дээр ирсэн галт тэрэг Улаанбаатарт тэдэн сарын тэдэнд ирнэ гэдгийг далайн тээврийн компаниуд ойлгомжтой болгочихвол бүх зүйл ойлгомжтой болно. Тэд бас л бизнесийн байгууллагууд. Бидэнтэй ямар нэгэн хандивын ч юм уу, халамжийн бодлоготой юм хийхгүй шүү дээ. Яагаад ингэж санаа зовоод байна вэ гэхээр Монгол Улс Хятад улсын далайн тээврийн компанийн бүрэн хараат болж байгаа байхгүй юу.
-Монголд яагаад бусад далайн тээврийн компаниуд орж ирэхгүй байна вэ?
-Хугацаа нь тодорхой биш. Монгол руу орж ирсэн контейнерүүд хаана, яаж яваа нь мэдэгдэхгүй алга болдог, удаж удаж буцаж очдог. Тэгэхээр ямар ч далайн тээврийн компани Монгол руу орж ирэх сонирхолгүй болно. Энэ нь эргээд бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэхээр манай экспортын чингэлгүүд хязгаарлагдана.
Холбоотой мэдээ