Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төлбөрийн тэнцлийн урсгал данс 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 141.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 581.7 (80.4 хувь) сая ам.доллараар багасчээ. Үүнд барааны худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 648.6 сая ам.доллараар нэмэгдэж, 351.8 сая ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.
Урсгал дансны алдагдал энэ оны гуравдугаар сард 82.2 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 53.4 сая ам.доллараар нэмэгджээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 184.1 сая, зарлага 438.4 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.3 сая ам.доллараар нэмэгдэж, зарлага 132.1 сая ам.доллараар багассан аж.
Хөрөнгийн данс 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 27.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 сая ам.доллараар нэмэгдэв. Харин хөрөнгийн дансны ашиг 2021 оны гуравдугаар сард 11.5 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 3.8 сая ам.доллараар нэмэгджээ.
Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 465.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 159.1 сая ам.доллараар нэмэгдэв. Харин санхүүгийн дансны ашиг 2021 оны гуравдугаар сард 225.3 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 24.3 сая ам.доллараар багасчээ. Санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт 145.4 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2021 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 170.4 сая ам.долларын ашигтай байв. Мөн төлбөрийн тэнцлийн ашиг 2021 оны гуравдугаар сард 163.4 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 4.3 сая ам.доллараар багассан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ