Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач” | News.MN

Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Хатуу хөл хорио тавигдаж, урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор сургууль, ажилдаа дугуйгаар зорчих иргэд олширчээ. Нийслэлийн хэмжээнд унадаг дугуйн зориулалтын зам, аюулгүй төлөвлөлт дутмагаас болж иргэд дугуйтай хөдөлгөөнд оролцохоос татгалзах хандлагатай байна. Бид нийслэлийн дугуйн замын талаар сурвалжиллаа.


Унадаг дугуйн замын асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлээс жилд тодорхой хэмжээний санхүүжилт батлаж, дугуйн замын төлөвлөлтийг хийдэг ч үр дүн муутай.  Дугуй унаж буй иргэд ихэвчлэн гарцан дээр гэрэл солигдоход машин болон явган хүнээс өрсөж, хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын дундуур сүлжин яваа харагдана.

Явган хүний замыг хувааж, ногоон өнгөөр тодруулан дугуйн зургийг цагаан өнгөөр тэмдэглэсэн зам хотын төвийн зарим хэсэгт харагдана. Тэдгээр тэмдэглэгээ нар, салхинд элэгдэн бүдгэрч, харагдахгүй шахам болсноос явган зорчигч, дугуйтай иргэдийн хооронд таагүй харилцаа үүсдэг байна. Зорчих талбай байхгүйгээс дугуйтай иргэд дугуйгаа унах биш түрэхээс өөр гарцгүй болдог аж.

Иргэдийн хэлж байгаагаар Улаанбаатарт унадаг дугуйн зориулалтын зам дутмагаас болж машин замаар зорчиж буй иргэд өөрсдөдөө эрсдэл учруулах тохиолдол олон гардаг байна. Түгжрэл дунд зам товчлох, цаг хэмнэхийг эрмэлзэж дугуй унадаг хүмүүст амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өдөр бүр тулгарч байгаа юм.

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ГЭХЭД НИЙСЛЭЛД ДУГУЙН ЗАМЫН АЖИЛ БҮРЭН ДУУСНА

Албаны хүмүүсээс тодруулахад, энэ онд хоёр багц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дугуйн замын ажлыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нь “Драгон бриж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж буй юм байна. Нийслэлийн хэмжээнд дугуйн зам байгуулсан ч зарим хэсэгтээ тасрах, мухардах асуудал гардаг. Энэ жилийн хувьд аль болох замыг тасалдуулахгүй байдлаар зураг төслийг хийжээ.

Мөн явган хүний замын хажуугаар зэрэгцүүлэн хийхээс гадна зарим тохиолдолд автозамаас шалтгаалан замын дундах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргахаар төлөвлөсөн байна. Харин зам тасарсан газруудад нөхөж хийх аж. Энэ жилийн хувьд ганцхан зам гаргах биш амрах цэг, гэрэлтүүлэг гээд тохижилтыг шийдэж, цогцоор нь хийхээр төлөвлөөд хугацаандаа амжаагүй өнгөрсөн жилийн зураг төслийн ажлыг ч мөн үргэлжлүүлж байгаа аж.

ДУГУЙН ЗАМ ТАВЬЖ БУЙ БАЙРШЛУУД:

  • Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км
  • Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км
  • Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам тавих ажил эхэлжээ.

Эдгээр байршлуудад дугуйн замыг нэгдсэн зураг төслөөр барих ажил эхэлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд  бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компаниас мэдээллээ. Гэхдээ намрын дунд сард сэрүүсч, дугуй унах хэрэгцээ, иргэдийн сонирхол ч буурах нь тодорхой. Угтаа дугуйн замын ажлыг эртнээс төлөвлөн хийж дуусгасан бол дугуйтай иргэд зуны гурван сарын хугацаанд шинэ зам дээр хөдөлгөөнд оролцох байлаа.

ХОЁР ЖИЛ ДАМНАСАН СТАНДАРТ ДУГУЙН ЗАМ 7 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Унадаг дугуйн зориулалтын замтай болох гэж өнгөрсөн жил эхэлсэн ажил өнөөдөр дуусаагүй байгаа жишээ олон бий. Түүний нэг нь Туул гол дагуу Маршалын гүүрээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх 7.2 км дугуйн замын ажил юм. Тус дугуйн замын ажил 2020 онд эхэлж, одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа аж. Иргэд хавар, зуны дулаан цагт дугуй унахыг хүсдэг ч зориулалтын зам, зогсоол хүндрэлтэй хэвээр байсаар байна. Дугуйн замын оновчтой шийдлийн талаар иргэдийн санал, бодлыг хуваалцлаа.

ДУГУЙГАА ТҮГЖЭЭД ТАВИХ ЗОГСООЛ Ч ОЛДДОГГҮЙ

Б.Орхонтуяа: Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой. Мөн дугуй унахдаа хамгаалалтын хувцас хэрэгслийг тогтмол зүүж хэвших шаардлагатай байдаг. Зам, зогсоолын асуудлыг шийдвэрлэж чадвал дугуй унах хүн олон бий гэж бодож байна. Хүн бүрийн дугуй унах чадамж харилцан адилгүй. Монгол Улс хөгжиж байгаа орон. Замын хөгжил тал дээр хоцрогдсон хэдий ч цаашид хөгжинө гэж бодож байна. Миний хувьд дугуйгаа түгжээд, нэг газар руу орох гэхээр зогсоолын асуудалтай тулгардаг. Түүнээс болоод дугуйгаа хулгайд алдах эрсдэлтэй. Тиймээс маш хурдан орох, эсвэл нүдэнд харагдах газар тавих, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл аваад, тухайн газартаа аваад орсон нь дээр санагддаг.

ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД АНХ ДУГУЙН ЗАМЫГ ОРУУЛСАН БОЛ ӨНӨӨДӨР АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ БАЙСАН

Иргэн Д.Нарандаш: Улаанбаатарт дугуйн зам маш хангалтгүй байдаг. Анхнаасаа хотын төлөвлөлтөд оруулаагүй учраас одоо барина гэсэн ч боломж байхгүй. Миний бодлоор баруунаас зүүн тийш буюу нар зөв тойруулж, бүх урсгалыг нэг чиглэлд оруулах ёстой санагддаг. Нарны зам, Их тойрууг холбоод нэг чиглэлийн урсгалтай болговол дугуйн замын асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

 

 

 

               

 

ДУГУЙН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЭНИЙ ИХЭНХ НЬ АРИЛСАН УЧРААС ХЭН Ч ЯЛГАЖ ХАРДАГГҮЙ

Ц.Баяржавхлан: Дугуйн замаар зорчиход их хүндрэлтэй байдаг. Нийслэлээс унадаг дугуйн зам гаргасан хэдий ч будаг нь арилчихсан учраас түүнийг хэн ч ялгаж харах боломжгүй болсон байдаг. Дугуйтай хүмүүс байнга зорчдог газрынхаа тухайд бүдэгхэн ч гэсэн ялгана. Бидний хувьд үргэлж машин замаар явах эрсдэлтэй байдаг. Тиймээс стандарт дугуйн замтай болчихвол сайхан гэж боддог.

 

 

 

 

 

 

 

 

Иргэн Б.Гандорж: Хотын төвийн тодорхой хэсэг газарт дугуйн зам байдаг. Харин бусад хэсэгт дугуйн замыг шийдвэрлэж өгөөгүйгээс гарцаар гарахад болон явган хүний замаар зорчиход хүнтэй мөргөлдөх зэрэг асуудал тулгардаг. Мөн машинд шүргүүлэх асуудал ч гардаг. Дугуйн замтай байсан бол чөлөөтэй зорчих боломжтой байтал одоогийн нөхцөлд ихэнх хэсэгт дугуйтай хүмүүс дугуйгаа түрэхээс өөр сонголтгүй болж байна. Дугуйн зогсоолын хувьд ч хүрэлцээгүй байдаг. Хэрэв дугуйн замыг стандартын дагуу барих гэж байгаа бол бусад өндөр хөгжилтэй улс орноос харж, туршлагад нь тулгуурлаж, Улаанбаатар хотын онцлогт тааруулан хийх нь зүйтэй болов уу. Машины түгжрэл ихтэй дугуйн хэрэгцээ өндөр байгаа энэ үед дугуйн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд олширвол дугуй унах иргэд ч нэмэгдэнэ гэж харж байна.

 

 

ДУГУЙН ЗАМ, СТАНДАРТ ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Иргэн Э.Билгүүн: Явган хүний замаар дугуйтай явахаар  алхаж байгаа хүмүүст саад болж байгаа мэт санагддаг. Машин замаар явъя гэхээр эрсдэлтэй. Миний ажигласнаар зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд нийт замын 20 хувьд нь л дугуйн зам байгаа харагдсан. Гэхдээ тэр нь стандартын дагуу биш. Хот төлөвлөлт хийх хугацаанд анх дугуйн замыг тусгаж өгсөн бол илүү оновчтой байх байсан гэж санагдаж байна. Одоо энэ их хөдөлгөөн дунд дугуйн замын ажил хийнэ гэвэл иргэд болон ажил хийж байгаа хүмүүсийн аль аль талд хүндрэл үүснэ. Намайг явган хүний зам дээрх дугуйн замын тэмдэглэгээтэй хэсгээр зорчиж байхад нэг хүн “Хөөе, чи дугуйныхаа замаар яваач” гэж загнаж байсан удаа бий.

Улаанбаатар хотын хатуу хучилттай авто зам барих зураг төсөл хийгдсэн ч унадаг дугуйн зам огт тусгагдаагүй аж. Иймээс унадаг дугуйн зам барихад бэрхшээл тулгарч байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Тухайлбал, авто зам, явган хүний замаас багасгах боломжгүй газар нийслэлд их байдаг аж. Ийм тохиолдолд замын голд байрлах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргах зохицуулалт хийн ажиллаж буй юм байна.

Мөн авто замын орц, гарц дээр дугуйтай хүнд зориулж замыг налуу болгох, хөдөлгөөнд оролцоход зорчих хэсгийг тусгайлан тэмдэг тэмдэглэгээгээр харуулах гэх мэтээр аль болох дугуйтай иргэд зорчиход саадгүй болгох талаас нь анхаарах хэрэгтэй байна. Хэдийгээр анх төлөвлөлт хийгээгүй ч хотын хэмжээнд дугуйн зам барих бүрэн боломжтойг албаны хүмүүс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-03 66.181.161.82

Хятадууд дугуй унаад хаа сайгүй тэнээд бхын

Avatar

Зочин 2021-06-03 64.119.21.129

Дугуйн зам уулын энгэрээ биш, Улаанбаатар хотын төвөөр хамгийн их эрэлттэй байна. Дугуйн замыг сайн хийж чадвал түгжрээг ч бууруулна. Хүмүүсийн эрүүл мэнд ч тустай. Дугуйн замаа хэрэгтэй газар нь чанартай байгуулах хэрэгтэй.

Avatar

IT IS TOO DANGEROUS TO RIDE A BICYCLE IN UB CITY !!!! ULAANBAATAR HAS DIRTY & DANGEROUS ENVIRONMENT !! 2021-06-03 202.126.89.16

УЛААНБААТАР ХОТОД ДУГУЙН ЗАМ БАЙЛАА Ч ХЭЗЭЭ Ч АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ЭЭ….НУЛЬ ТҮГЖЭЭ, УГААР, УТААНЫ ХИЙ, БОХИР ҮНЭР, ХОГ ШОРООО ГЭЭД…ИЙМ ХҮНД НӨХЦӨЛД ДУГУЙ УНАВАЛ ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ ХОРТОЙ ШҮҮ ИРГЭД ЭЭ !!!!
ЙИМ АМААР БОХИР ЗАВААН ХЭТ ТҮГЖРЭЛТЭЙ ОРЧИНД ДУГУЙ УНАЛАА ГЭЭД ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР Ч ТУСГҮЙ ХАРИН Ч УЛАМ АЮУЛТАЙ !!!!!!

Avatar

Зочин 2021-06-03 192.82.73.132

Манай залуус дугуйгаар их явдаг болжээ. Харахад хүртэл сайхан. Дугуйн замыг аюулгүй чанартай хийчмээр л байх юм. Одоо дугуйн зам нийслэлчүүдийн хэрэгцээ болсон байна шүү дээ яг авто зам шиг. Энд тэнд олон олон сууц хотхонууд их баригдаж байна тэнд дугуйн зам байдаг юм болов уу? Зарим газар явган хүн явчих ч замгүй машин хүн 2 нь зэрэгцээд явж л байх юм даа.

Avatar

zochin 2021-06-03 202.179.25.201

odoo churtel standartiin duguin zam er baidaggui , icheechee icheech !!!, muusain, buduun gedsee chirsen luivarchin darga nar bugd dald or.

Avatar

Иргэн 2021-06-03 49.0.142.82

Оройтсон байсан ч хамаагүй ямар ч байсан дугуйн замтай болох сайхан эхлэлийг нь тавьж өгч байгаа төр засагтаа баярлаллаа.

Avatar

Зочин 2021-06-03 64.119.23.199

Гуравхан сар гучин мянган дугуйчдад зориулж хэдэн төгрөг үрэх вэ? Дугуйчид машин замаар яваад л болношт.

Avatar

Зочин 2021-06-03 109.145.175.237

Чамайг дугуй унуулаад машин замаар явуулъя болношт дээ. Чи тэгээд ойлгох байлгүй.

Avatar

Зочин 2021-06-03 202.131.247.75

Юмыг сэтгэлээсээ хийнэ гэсэн ойлголт байхгүй болжээ. Чанартай сайн зам тавибал хойч үед минь үлдэнэ гэж бодох ухаан байхгүй л байгаа юмдаа!!!

Avatar

Дугуйчид их бол машины тоо буурна 2021-06-03 202.179.8.118

Манай дарга нар СӨҮЛ-д мөн ч их айлчилсан даа. Тэдний ХАН мөрний урдуур болон хойгуурх дугуйн зам нь 30-40 км үргэлжилдэг. Олон тийш салдаг. Нам уулын доорхи туннелийг автомашин явахгүй болгоод дан дугуйнх болгосон байдаг.
Хятадад дугуйтай хүн машинтай хүнд мөргүүлсэн тохиолдолд автомашины жолоочийн буруу болдог.
Манай дугуйн зам гэнэт гэнэт тасардаг. Цаашаа тэгээд нэг бол машин замаар жолооч нарт хараагдаж, үгүй бол явган зорчигийн замаар явган зорчигчид хараагдаж явах хувь заяа эдэлдэг ш д.

Avatar

Зочин 2021-06-03 192.82.68.79

Боддоо Моннисээс Барс хүртэл замд явган замаас хэсгийг нь будаж дугуйн зам гаргасан боловч замын бордюрийг налуу хийчих ухаан сэтгэл гаргаагүй хулгайчид даа .2 уут цемент ороход л болоо .20 удаа дугуйнаасаа бууж суудаг 2 км хүрэхгүй газар шүү дээ .Энийг шалгадаг газар хуулийнхан гэж байхгүй

Avatar

Зочин 2021-06-03 64.119.24.2

Дугуйн зам нэртэй боловч явган хүний замыг будсан төдий. Тэрүүгээр нь явган хүмүүс яваад дугуйтай явах аргагүй байдаг. Дугуйн замыг нь цутгаж хийсэн бол дугуйн замаар л алхчихдаг. Дугуйтай хүн машин замаар яваад ямар нэгэн асуудал гарвал дугуйн замаараа яваагүй гээд автоматаар буруудах болно. Дугуйн замыг ерөнхий төлөвлөгөөндөө анхнаас нь тусгаж, машин замаас өөр газраар тусдаа бие даасан сүлжээ болгох хэрэгтэй. Шинээр барилгажиж байгаа Яармагт л гэхэд дугуйн зам байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-03 122.201.23.75

Тавьж байгаа замууд нь голцуу хөндлөн чиглэлд, босоо чиглэлийн зам бас хэрэгтэй л байна даа. Энхтайваны, Нарны, Гурвалжингийн 3 гүүрэн дээр дугуйн зурвасын шийдэл хэрэгтэй л байгаа юм.

Avatar

Зочин 2021-06-03 202.9.46.195

yavgan hunii zamiin taliig avaad duguinh gechheer chin utagaguishde, duguitai n ch ter yavgan n ch ter ar araasaa tsuvarch neg jimd orj yavahiimuu

Avatar

Guest 2021-06-03 139.5.218.77

Хотод байдал хүнд байна гэж МАН- ы судалгаа гарсан гэсэн. Ялангуяа залуус хотод ч хөдөөд ч Энхбатыг шууд дэмжиж байна гэсэн тандан судалгаа гарчээ. Гадаадад санал өгсөн хүмүүс Энхбатыг дэмжжээ.

Avatar

Зочин 2021-06-03 66.181.161.25

ДУГУЙН ЗАМ ГЭЖ ТАРГАН ХҮНИЙ БӨГСНӨӨС ӨРГӨНГҮЙ НОГООН ЗУРААС ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ .

Avatar

Зочин 2021-06-03 23.106.249.35

Явган хүний замаасаа хороогоод тээ хойд хормойгоо авч урдхаа нөхөв гэгчээр чааваас

Avatar

зочин 2021-06-03 202.131.244.86

Дугуйн зам, явган хүний зам 2 өөр байдгаас дугуйн замаар явган хүмүүс алхах нь элбэг. явган хүний зам нь блокоор хийдгээд зай завсартай нэг түвшинд байдаггүйгээс дугуйн замаар явахыг илүүд үздэг юм шиг.

Avatar

ZOCHIN 2021-06-03 103.111.68.3

DUGUIN ZAMAA HIIJ DUUSGABAL SAIN BAINA.

Avatar

Зочин 2021-06-03 202.170.89.190

дугуйн замыг нэмэгдүүлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж