Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Сурвалжлага: “Хөөе, дугуйн замаараа яваач”

Хатуу хөл хорио тавигдаж, урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор сургууль, ажилдаа дугуйгаар зорчих иргэд олширчээ. Нийслэлийн хэмжээнд унадаг дугуйн зориулалтын зам, аюулгүй төлөвлөлт дутмагаас болж иргэд дугуйтай хөдөлгөөнд оролцохоос татгалзах хандлагатай байна. Бид нийслэлийн дугуйн замын талаар сурвалжиллаа.


Унадаг дугуйн замын асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлээс жилд тодорхой хэмжээний санхүүжилт батлаж, дугуйн замын төлөвлөлтийг хийдэг ч үр дүн муутай.  Дугуй унаж буй иргэд ихэвчлэн гарцан дээр гэрэл солигдоход машин болон явган хүнээс өрсөж, хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын дундуур сүлжин яваа харагдана.

Явган хүний замыг хувааж, ногоон өнгөөр тодруулан дугуйн зургийг цагаан өнгөөр тэмдэглэсэн зам хотын төвийн зарим хэсэгт харагдана. Тэдгээр тэмдэглэгээ нар, салхинд элэгдэн бүдгэрч, харагдахгүй шахам болсноос явган зорчигч, дугуйтай иргэдийн хооронд таагүй харилцаа үүсдэг байна. Зорчих талбай байхгүйгээс дугуйтай иргэд дугуйгаа унах биш түрэхээс өөр гарцгүй болдог аж.

Иргэдийн хэлж байгаагаар Улаанбаатарт унадаг дугуйн зориулалтын зам дутмагаас болж машин замаар зорчиж буй иргэд өөрсдөдөө эрсдэл учруулах тохиолдол олон гардаг байна. Түгжрэл дунд зам товчлох, цаг хэмнэхийг эрмэлзэж дугуй унадаг хүмүүст амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өдөр бүр тулгарч байгаа юм.

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ГЭХЭД НИЙСЛЭЛД ДУГУЙН ЗАМЫН АЖИЛ БҮРЭН ДУУСНА

Албаны хүмүүсээс тодруулахад, энэ онд хоёр багц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дугуйн замын ажлыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нь “Драгон бриж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж буй юм байна. Нийслэлийн хэмжээнд дугуйн зам байгуулсан ч зарим хэсэгтээ тасрах, мухардах асуудал гардаг. Энэ жилийн хувьд аль болох замыг тасалдуулахгүй байдлаар зураг төслийг хийжээ.

Мөн явган хүний замын хажуугаар зэрэгцүүлэн хийхээс гадна зарим тохиолдолд автозамаас шалтгаалан замын дундах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргахаар төлөвлөсөн байна. Харин зам тасарсан газруудад нөхөж хийх аж. Энэ жилийн хувьд ганцхан зам гаргах биш амрах цэг, гэрэлтүүлэг гээд тохижилтыг шийдэж, цогцоор нь хийхээр төлөвлөөд хугацаандаа амжаагүй өнгөрсөн жилийн зураг төслийн ажлыг ч мөн үргэлжлүүлж байгаа аж.

ДУГУЙН ЗАМ ТАВЬЖ БУЙ БАЙРШЛУУД:

  • Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км
  • Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км
  • Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам тавих ажил эхэлжээ.

Эдгээр байршлуудад дугуйн замыг нэгдсэн зураг төслөөр барих ажил эхэлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд  бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компаниас мэдээллээ. Гэхдээ намрын дунд сард сэрүүсч, дугуй унах хэрэгцээ, иргэдийн сонирхол ч буурах нь тодорхой. Угтаа дугуйн замын ажлыг эртнээс төлөвлөн хийж дуусгасан бол дугуйтай иргэд зуны гурван сарын хугацаанд шинэ зам дээр хөдөлгөөнд оролцох байлаа.

ХОЁР ЖИЛ ДАМНАСАН СТАНДАРТ ДУГУЙН ЗАМ 7 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Унадаг дугуйн зориулалтын замтай болох гэж өнгөрсөн жил эхэлсэн ажил өнөөдөр дуусаагүй байгаа жишээ олон бий. Түүний нэг нь Туул гол дагуу Маршалын гүүрээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх 7.2 км дугуйн замын ажил юм. Тус дугуйн замын ажил 2020 онд эхэлж, одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа аж. Иргэд хавар, зуны дулаан цагт дугуй унахыг хүсдэг ч зориулалтын зам, зогсоол хүндрэлтэй хэвээр байсаар байна. Дугуйн замын оновчтой шийдлийн талаар иргэдийн санал, бодлыг хуваалцлаа.

ДУГУЙГАА ТҮГЖЭЭД ТАВИХ ЗОГСООЛ Ч ОЛДДОГГҮЙ

Б.Орхонтуяа: Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой. Мөн дугуй унахдаа хамгаалалтын хувцас хэрэгслийг тогтмол зүүж хэвших шаардлагатай байдаг. Зам, зогсоолын асуудлыг шийдвэрлэж чадвал дугуй унах хүн олон бий гэж бодож байна. Хүн бүрийн дугуй унах чадамж харилцан адилгүй. Монгол Улс хөгжиж байгаа орон. Замын хөгжил тал дээр хоцрогдсон хэдий ч цаашид хөгжинө гэж бодож байна. Миний хувьд дугуйгаа түгжээд, нэг газар руу орох гэхээр зогсоолын асуудалтай тулгардаг. Түүнээс болоод дугуйгаа хулгайд алдах эрсдэлтэй. Тиймээс маш хурдан орох, эсвэл нүдэнд харагдах газар тавих, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл аваад, тухайн газартаа аваад орсон нь дээр санагддаг.

ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД АНХ ДУГУЙН ЗАМЫГ ОРУУЛСАН БОЛ ӨНӨӨДӨР АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ БАЙСАН

Иргэн Д.Нарандаш: Улаанбаатарт дугуйн зам маш хангалтгүй байдаг. Анхнаасаа хотын төлөвлөлтөд оруулаагүй учраас одоо барина гэсэн ч боломж байхгүй. Миний бодлоор баруунаас зүүн тийш буюу нар зөв тойруулж, бүх урсгалыг нэг чиглэлд оруулах ёстой санагддаг. Нарны зам, Их тойрууг холбоод нэг чиглэлийн урсгалтай болговол дугуйн замын асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

 

 

 

               

 

ДУГУЙН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЭНИЙ ИХЭНХ НЬ АРИЛСАН УЧРААС ХЭН Ч ЯЛГАЖ ХАРДАГГҮЙ

Ц.Баяржавхлан: Дугуйн замаар зорчиход их хүндрэлтэй байдаг. Нийслэлээс унадаг дугуйн зам гаргасан хэдий ч будаг нь арилчихсан учраас түүнийг хэн ч ялгаж харах боломжгүй болсон байдаг. Дугуйтай хүмүүс байнга зорчдог газрынхаа тухайд бүдэгхэн ч гэсэн ялгана. Бидний хувьд үргэлж машин замаар явах эрсдэлтэй байдаг. Тиймээс стандарт дугуйн замтай болчихвол сайхан гэж боддог.

 

 

 

 

 

 

 

 

Иргэн Б.Гандорж: Хотын төвийн тодорхой хэсэг газарт дугуйн зам байдаг. Харин бусад хэсэгт дугуйн замыг шийдвэрлэж өгөөгүйгээс гарцаар гарахад болон явган хүний замаар зорчиход хүнтэй мөргөлдөх зэрэг асуудал тулгардаг. Мөн машинд шүргүүлэх асуудал ч гардаг. Дугуйн замтай байсан бол чөлөөтэй зорчих боломжтой байтал одоогийн нөхцөлд ихэнх хэсэгт дугуйтай хүмүүс дугуйгаа түрэхээс өөр сонголтгүй болж байна. Дугуйн зогсоолын хувьд ч хүрэлцээгүй байдаг. Хэрэв дугуйн замыг стандартын дагуу барих гэж байгаа бол бусад өндөр хөгжилтэй улс орноос харж, туршлагад нь тулгуурлаж, Улаанбаатар хотын онцлогт тааруулан хийх нь зүйтэй болов уу. Машины түгжрэл ихтэй дугуйн хэрэгцээ өндөр байгаа энэ үед дугуйн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд олширвол дугуй унах иргэд ч нэмэгдэнэ гэж харж байна.

 

 

ДУГУЙН ЗАМ, СТАНДАРТ ТЭМДЭГЛЭГЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Иргэн Э.Билгүүн: Явган хүний замаар дугуйтай явахаар  алхаж байгаа хүмүүст саад болж байгаа мэт санагддаг. Машин замаар явъя гэхээр эрсдэлтэй. Миний ажигласнаар зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд нийт замын 20 хувьд нь л дугуйн зам байгаа харагдсан. Гэхдээ тэр нь стандартын дагуу биш. Хот төлөвлөлт хийх хугацаанд анх дугуйн замыг тусгаж өгсөн бол илүү оновчтой байх байсан гэж санагдаж байна. Одоо энэ их хөдөлгөөн дунд дугуйн замын ажил хийнэ гэвэл иргэд болон ажил хийж байгаа хүмүүсийн аль аль талд хүндрэл үүснэ. Намайг явган хүний зам дээрх дугуйн замын тэмдэглэгээтэй хэсгээр зорчиж байхад нэг хүн “Хөөе, чи дугуйныхаа замаар яваач” гэж загнаж байсан удаа бий.

Улаанбаатар хотын хатуу хучилттай авто зам барих зураг төсөл хийгдсэн ч унадаг дугуйн зам огт тусгагдаагүй аж. Иймээс унадаг дугуйн зам барихад бэрхшээл тулгарч байгааг албаны хүмүүс хэлсэн юм. Тухайлбал, авто зам, явган хүний замаас багасгах боломжгүй газар нийслэлд их байдаг аж. Ийм тохиолдолд замын голд байрлах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргах зохицуулалт хийн ажиллаж буй юм байна.

Мөн авто замын орц, гарц дээр дугуйтай хүнд зориулж замыг налуу болгох, хөдөлгөөнд оролцоход зорчих хэсгийг тусгайлан тэмдэг тэмдэглэгээгээр харуулах гэх мэтээр аль болох дугуйтай иргэд зорчиход саадгүй болгох талаас нь анхаарах хэрэгтэй байна. Хэдийгээр анх төлөвлөлт хийгээгүй ч хотын хэмжээнд дугуйн зам барих бүрэн боломжтойг албаны хүмүүс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж