Хятадын соёл, аялал жуулчлалын яамны удирдлагууд эрх баригч Коммунист намын түүх, соёлын өндөр ач холбогдолтой газруудыг улаан бүс хэмээн нэрлэж, тэдгээр бүсүүдэд ажиллах аяллын шилдэг 100 хөтөч шалгаруулан авчээ. Шалгарсан шилдэг 100 хөтөч Бээжин хотноо “Улаан генийг өвлөн залгамжлагч, улаан түүхийг яруу сайхан өгүүлэгч, улаан үзэл баримтлалыг ухуулан тайлбарлагч, улаан соёлыг тууштай түгээгч, улаан чиг хандлагын жинхэнэ эзэн болгох” нарийн сургалтад сууцгаасан байна.
"Улаан аялал жуулчлал" хэмээх ойлголт олон арван жилийн өмнөөс яригдсаар ирсэн ч ердөө 2004 оноос хойш үндэсний аялал жуулчлалын төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдсан юм. Зарим ажиглагчид улаан аялал жуулчлалыг эрх баригчид түүхийг өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчлөн тайлбарлаж, таниулж буй хэрэг гэдэг бол зарим нь шулуухан “тархи угаалт” гэж нэрлэдэг аж.
БНХАУ-ын одоогийн удирдагч Ши Жиньпин 2012 оны сүүлээр төрийн жолоо атгаснаасаа хойш улаан аялал жуулчлалыг олон удаа хүчтэй дэмжсээр иржээ. Улмаар өмнө нь ердөө орон нутгийн засаг захиргаа, дотоодын цөөн хэдэн жуулчдын хүрээнд яригдаж байсан эл салбарыг сүүлийн үед хурдтай хөгжихөд хамгийн ихээр нөлөөлсөн байна.
Сүүлийн жилүүдэд улаан бүсүүд улам өргөжин тэлсээр өдгөө коммунист хувьсгал, түүхийн дурсгалт газруудаас эхлээд коммунист удирдагчдын тарьсан мод хүртэл аялагчдын очих ёстой газруудын тоонд багтах болсон байна.
Улаан аялал жуулчлалд цар тахал сайнаар нөлөөлөв
Цар тахлаас болж улс орнууд хилээ хаагаад зогсохгүй дотооддоо хөл хорио тогтоосон нь олон улсын аялал жуулчлалын салбарыг орвонгоор нь эргүүлж орхисон билээ. Харин Хятадад дотооддоо харьцангуй эрт цар тахлын халдварын тоог тогтоон барьж, хяналтдаа байлгаснаар гадаадад аялах боломжгүй болсон дотоодын жуулчид нь улаан аялал жуулчлалыг сонгож эхэлсэн байна.
Хонконгийн их сургуулийн дэд профессор, Хятадын аялал жуулчлалын бодлогын шинжээч Мими Ли “2020 онд улаан жуулчдын тоо 100 сая давсан амжилт үзүүлэв. Энэ нь нийт дотоодын аялал жуулчлалын 11 хувийг дангаараа бүрдүүлж буй хэрэг. Энэ бол өмнө нь тохиолдож байгаагүй ер бусын зүйл юм” гэжээ.
Ирэх долдугаар сард Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой болно. Энэ үед улаан жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарынхны хувьд дахин олдохгүй сайхан тохироо бүрдэж буй хэрэг. Тиймдээ ч сүүлийн үед төрийн болон хувийн хэвшлүүд долоо хоног бүр улаан аялал жуулчлалтай холбоотой олон санаачилга гарган хэрэгжүүлэх болжээ.
Энэ оны эхээр Хятадын аялал жуулчлалын захиалгын хамгийн том Ctrip платформ улаан жуулчдад зориулсан өөр өөрийн онцлог бүхий 100 өөр сонирхолтой маршрут нээсэн байна. Тэдгээр маршрутын заримд нь Коммунист намд элсэх, тангараг өргөх, хувьсгалын дуу дуулах зэрэг шинэ үйлчилгээнүүд багтжээ. Эдгээр маршрутаараа тус платформ энэ онд дотоодын 50 сая жуулчин татахаар төлөвлөсөн аж.
Хүн ам зүйн өөрчлөлт
Улаан аялал жуулчлал анх зөвхөн оюутнууд болон төрийн албан хаагчдын заавал биелүүлэх нэгэн үүрэг байв. Гэхдээ өдгөө энэ зах зээл хэдийнэ өөрчлөгджээ. Тухайлбал, улаан бүсүүдэд зөвхөн үүргээ гүйцэтгэж биш, өөрийн чин хүсэл эрмэлзлээр очиж сонирхох хүний тоо эрс нэмэгдсэн байна. Түүнчлэн улаан аялагчдын дундаж нас жил ирэх тусам залуужиж байгаад эрх баригчид олзуурхаж буй аж.
Тухайлбал, өнгөрсөн сард улаан аялал жуулчлалын тухай цахим орчинд хайлт, захиалга хийсэн хүмүүсийн 40 хувийг 21-30 насныхан бүрдүүлж байв. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар сүүлийн үед Хятадын олон улс дахь нэр хүнд, нөлөөлөл эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор залуу үеийнхэн эх орныхоо үнсэн дундаас хэрхэн босч, дэлхийн тэргүүлэх орон болсон түүхийг мэдэхийг хүсч, мөн дотооддоо үйлдвэрлэсэн арьс, үс арчилгаа, хувцас загварын брендүүдэд хэзээ ч байгаагүйгээрээ итгэж, бүгд худалдан авсаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болжээ.
Улаан аялал жуулчлалын харанхуй тал
Эх орныхоо түүхийг сурч мэдэх нь бүх орны иргэд, залуусын хувьд нэн чухал ач холбогдолтой хэдий ч улаан бүсүүдэд үргэлж нэг талыг барьсан түүх л өгүүлдэг. Шүүмжлэгчдийн хэлж байгаагаар улаан бүсүүдэд зөвхөн коммунист удирдагчдыг тууштай магтан сайшааж, тэдний нэр хүндийг өндөрт мандуулахын төлөө заримдаа үнэн бодит түүхийг гуйвуулан гажуудуулж, заримдаа өөрсдийн асар том алдааг үл тоон нуудаг аж.
Хамгийн гол нь 100 хувь худал түүх ярьдаггүй нь иргэдийн итгэл үнэмшлийг төрүүлж, хагас худал, хагас үнэн мэдээллийн арга ашиглан Хятад улс Коммунист намгүйгээр оршин тогтнох боломжгүй хэмээх бодлыг иргэдийн тархинд суулгадаг байна. Мэдээж үүнийг Хятадаас бусад олон улс, ялангуяа түүхийн олон зууны явцад Хятадтай харилцаатай байсан, бодит түүхийн гэрч улсууд хүчтэй эсэргүүцсээр иржээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ