"Өглөөний гудамж"-ийг байнгын ажиллагаатай болгоно

Хуучирсан мэдээ: 2021.06.03-нд нийтлэгдсэн

"Өглөөний гудамж"-ийг байнгын ажиллагаатай болгоно

"Өглөөний гудамж"-ийг байнгын ажиллагаатай болгоно

Монголд ажил, үйлчилгээ явуулдаг  байгууллагууд хувь, хувьсгалгүй нар дээр гартал унтаж, 08.00-09.00 цагт ажлаа эхлүүлдэг. Хатуу ширүүн өвөлтэй, зуны улирал богиныг ч хэлэх үү. Ажил, амралтаа урин дулааны энэ үед л амжуулахыг хичээдэг. Тэгсэн хэрнээ өглөө нар дээр хөөрч, үд хэвийсэн үед ажлаа эхлүүлнэ. Бүгд нэг цагт ажил, гэр рүүгээ яарч, бүгдээрээ зам дээрээ түгжирдэг.

Үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10.00-11.00 цагт үүдээ нээнэ. Мөн дэлгүүр, хоршоод орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихна. Ийм байдалтай байгаа, арцаар утаж, мөнгөөр бараагаа цохиж буй худалдаа үйлчилгээний байгууллагууд өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болжээ.

Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл хотын иргэд өглөө эрт босдог, ажилдаа яардаг соёл бий болгохоор “Эртэч Монгол” уриалга гаргасан. Тэрбээр “Ажил, үйлчилгээ эрт эхлэснээр цахилгаан эрчим хүчний оргил ачааллыг  бууруулах боломжтойгоос гадна иргэдийн амьдралд эртэч байх нь олон ач холбогдолтойг дурдаж байв. 

Хотын А бүсэд байрлах "Гутлын 22" буюу талбайн баруун талын 1647 ам.метр талбайд “Өглөөний гудамж” байгуулахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын иргэдэд өглөөний идэвхтэй амьдрал бий болгох зорилготой аж.

Иргэдэд ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа, наймаа хийх, өглөөний гүйлт, цаашлаад амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн сургалтад хамрагдах боломж олгоно гэж албаныхан хэлж байна. Ингэхдээ “Өглөөний гудамж” 06:00-09:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм. Гэвч хэзээ бүтээн байгуулалт нь эхлэх нь тодорхойгүй байна. Энэ байдлаас харахад зуны гурван сардаа багтаад нийслэлийн иргэд "Өглөөний гудамж"-тай танилцаж амжих уу гэдэг бас эргэлзээтэй. Ямартай ч Нийслэлийн Засаг даргын зөвлөл тавдугаар сарын 31-нд хуралдаж, хотын дарга "Өглөөний гудамж"-ийг байнгын ажиллагаатай болгох санал гаргаж, ажлыг түргэсгэхийг холбогдох хүмүүст үүрэгджээ. 

Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 06.00 цагаас нээгддэг үйлчилгээний байгууллага тун цөөхөн. Тиймээс л нэгдсэн зохицуулалт, зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ нь дэмжигдэж, нийгмийн зохион байгуулалтад нөлөөлөх хүртлээ удна даа, удна. Уг нь монголчууд өөр болоод л байгаа.

Нэг, хоёр хүн эртэч болоод, өөрөө өөрийнхөө амьдралыг л өөрчлөхөөс цааш хэтрэхгүй. Нийгмээрээ, нийтээрээ зохион байгуулалтаа өөрчлөөгүй цагт нэг хүний хичээл зүтгэл юунд ч хүрэхгүй.

Ядахдаа үйлчилгээний байгууллагууд өглөө эрт үүдээ нээдэг болчихвол Монголын хувьд нэг шат ахилаа гэсэн үг. Азийн орнуудаас жишээ татвал, Бээжинд өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 цагт хүн нь багтахгүй шахам явдаг. Тэд ингэж л хөдөлмөрлөдөг учраас өдий хэмжээнд хөгжиж чадсан. Өөр нэг жишээ дурдахад, БНСУ-д 1953 оны үед дайнаас болж өлсгөлөнд нэрвэгдэн тамир тэнхээгээ алдсан зон олонд хандан Ерөнхийлөгч нь "Бид хөгжье гэвэл солонгос хүн бүр өглөө эрт 06:00 цагт босч, уйгагүй ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай. Иргэн бүр эрт босоцгооё" хэмээн уриалахад хэн нэгэн нь "Өглөө 06.00 цагт тахиа л сэрж донгоддог. Гадныхан "Солонгосчууд тахиа шиг 06.00 цагт сэрж босдог" хэмээн дооглох вий дээ" гэжээ.

Гэтэл Ерөнхийлөгч "Хэрэв тахиа 06.00 цагт сэрж босдог бол бид 05.00 цагт босцгооё л доо" хэмээн уриалснаар солонгос түмэн эртлэн босч, уйгагүй хөдөлмөрлөснөөр цөөхөн жилийн дотор дэлхий дахинаа "Хан мөрний эрэг дээрх гайхамшиг" хэмээх агуу их сэргэн мандалтыг бүтээсэн түүхтэй. Үүнтэй адилаар бид тэднээс юугаараа дутах билээ. Хүн бүр өглөө эртлэн босч, урдах ажлаа хариуцлагатай, хамгийн сайнаараа сэтгэлээ шингээж ажиллавал Монгол Улс хөгжин цэцэглэх цаг тун ойрхон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж