УОК: Халдварын мутаци бүртгэгдсэн бүсээс хил нэвтрэх иргэд тусгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

УОК: Халдварын мутаци бүртгэгдсэн бүсээс хил нэвтрэх иргэд тусгаарлагдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцинжуулалтын явцтай танилцаж, халдварыг бууруулах чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, үүрэг чиглэл өгсөн.  Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, June 2, 2021

УОК-ын  Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 2 сая 67 мянган иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна. Мөн 60 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Үүнээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар давтан тунг тариулснаас 14-өөс дээш хоног өнгөрсөн 652 мянган хүн бүр дархлаажих хугацаа нь болсон. Энэ нь зорилтот бүлгийн 30 хувь гэсэн үг. Бид вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.

Халдварт өртөж буй нас залуужиж байна. Одоогоор 18-40 хүртэлх насныхан халдварт өртөх нь түгээмэл байна. Энэ насны 81-85 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан. Вакцины идэвх бага байна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудад үүрэг өгсөн.

Судлаачдын математик тооцооллоор зургадугаар сарын 15-аас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, халдварт өртөх өвчлөл багасах хүлээлт байна. Учир нь, зургадугаар сарын 10 гэхэд зорилтот бүлгийн 953 мянган хүн вакцины давтан тундаа хамрагдаж дуусна.

Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй 200 гаруй мянган хүн байна.

УОК-оос  3.3 сая иргэний 652 мянга нь бүрэн дархлаажсан бол 70 гаруй хувь нь эрсдэлтэй гэж үзэж байна.  Иймд зургадугаар сарын 15-н  хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Вакцины хос тунд хамрагдсан ч халдварт өртөж буй хүмүүс хөнгөн өвдөж байгаа нь зонхилж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-нд гарна. Бид вакцинжуулалтыг зургадугаар сарын 1-нд дуусгана гэж төлөвлөж байсан ч файзер болон бусад вакцины татан авалттай холбоотой эрсдэлт бүлгийн хүмүүсийн вакцинжуулалт хожуу эхэлсэн. Эрдэмтдийн тооцооллоор зургадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурна гэх дүгнэлт гаргасан. Хэдийгээр вакцинжуулалт үргэлжилж байгаа ч халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь тандалтын шинжилгээ нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа, гэр бүлийн хүрээний ойрын хавьтлын тандалтын шинжилгээний хариу эерэг гарах хувь нэмэгдсэн.

Сүүлийн үед өдөрт батлагдаж буй тохиолдлын 30 орчим хувь нь хүүхэд байна. Гэр бүлийн хүрээнд эцэг эх, хөршөөсөө хүүхэд халдварт өртөж, эерэг гарах хувь нэмэгдэж байна. Өдөрт бүртгэгдэх 900 гаруй тохиолдлын 30 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Мөн 25-34 насны хүмүүс нийт батлагдсан тохиолдлын 40 орчим хувийг эзэлж байна. Нийт тохиолдлын 70-75 хувийг 0-17 болон 25-34 насныхан эзэлж байгаа нь гэр бүлийн хүрээнд залуу үе байгаа юм.

Вакцинжуулалттай холбогдуулан өнөөдрийн байдлаар бизнесийн чиглэлийн 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 нь хэвийн ажиллаж байна. Одоогоор есөн салбарын үйл ажиллагааг хязгаарлалттай байна гэж УОК-оос мэдээлэв. Харин хөл хорио тогтоохгүй гэдгийг дахин онцоллоо.

УОК-оос цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэр хөл хориог хэсэгчлэн тогтоох тухай яригдсан. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурахгүй тохиолдолд хэсэгчлэн хөл хорио тогтоох шаардлагатай юу?

-УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Хөл хорио тогтоох буюу өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэх мэт улаан, улбар шар, шар гэсэн гурван түвшинд ангилсан байгаа. УОК болон Эрүүл мэндийн байгууллагаас хөл хорио тогтоох ямар нэгэн санал гаргаагүй, нөхцөл байдал үүсээгүй. Хязгаарлалтын үйл ажиллагааг зарим орон нутагт хэрэгжүүлж байгаа. Тавдугаар сарын 22-ноос хойш зарим орон нутаг хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн ч тухайн орон нутагт тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ орж гарах хөдөлгөөнийг хаагаагүй. УОК-ын гаргасан үйл ажиллагааны хүрээнд тодорхой хязгаарлалтын зохицуулалт хийж байгаа юм. Тиймээс биш хөл хорих тухай яригдаагүй.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэж байна. Жишээ нь, Баян-Өлгий аймаг ногоон бүс болсон ч нэр дэвшигчдийн уулзалтаас болж халдварын тохиолдол дахин бүртгэгдлээ гэх мэдээлэл байна. Сонгуулийн уулзалтаас болж халдвар  гарсан, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үү?

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Тавдугаар сарын 8-наас хойш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараалан нээж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 нь хэвийн ажиллаж байна. Нийгмийн амьдралын хөл хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний дотор  сонгууль бол хуульд заасан хугацаанд болдог төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр. Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой гэсэн зааврыг УОК болон Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батлуулж, хэрэгжүүлж байна.

Зургадугаар сарын 1-ээс хилээ нээсэнтэй холбогдуулан гадаадын иргэд Монгол Улсад ямар шалгуураар нэвтрэх вэ. Хил нэвтэрсэн тохиолдолд тусгаарлагдах шаардлагатай юу. Ямар журмаар зохицуулалт хийх вэ?

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Бидний түгээмэл зорчдог БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудтай дипломат хэлэлцээр хийж байна. Өнөөдрийн байдлаар 110 улс хилээ бүтэн болон хэсэгчилсэн хаасан. Хилээ нээнэ гэдэг нэг улсаас хамаардаггүй тул тухайн улс орнууд харилцан хилээ нээх нь дипломат шугамаар хэлэлцдэг ажил. Үр дүнд нь, 10 улс харилцан хилээ нээгээд байна. Гадаадаас Монгол Улсын хил нэвтэрч буй  иргэд заавал давтан тунд хамрагдсан байх шаардлагагүй.  Хэрэв вакцины давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хононо. Гаднын иргэд вакцинд хамрагдаагүй, мутацитай халдвар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлагдах Эрүүл мэндийн яамны саналыг УОК-оор хэлэлцэж, уг саналыг дэмжсэн. Хэрэв ногоон бүсээс давтан тунд хамрагдаагүй ирж байгаа бол тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгднө. Ер нь ихэнх улс орнууд 10-14 хоног тусгаарлаж байна.

-18-34 насны залуус яагаад вакцинд хамрагдахгүй байна вэ. Вакцины идэвх муу байгааг тандаж үзсэн үү?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 18-34 насны зорилтот бүлгийн залууст тандалт судалгаа явуулж байна. Өдөр бүр анализ хийж ажилладаг. Ялангуяа вакцины эхний тунд хамрагдаагүй 210 мянган хүнээс 140 мянга нь 18-34 насны залуус байна. Энэ насныхан вакцины идэвх оролцоо сул байгаа нь ажиглагдаж байгаа ч бид идэвхжүүлэлт хийж ажиллаж байна. Манай улсад орж ирж буй вакциныг сайн муу гэж ялгах зүйл байхгүй.

-Вакцинд хамрагдахгүй, идэвхгүй байгаа нь эргэлзэж байгаа юм биш үү. Вакциныг иргэдийн биед ямар дархлаа тогтож байна гэдгийг судлах судалгааны баг ажиллаж эхэлсэн ч төсөвгүй. Хэрэв 500 орчим сая төсөвлөвөл судалгааны дүнг гаргахад бэлэн байна гэдгийг эрдэмтдийн баг ярьж байсан. Энэ мөнгийг яагаад шийдэж өгч болохгүй байна?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины дархлаа тогтоцын судалгаанд 500 сая төсөвлөх шаардлагатай тухай ярьж байна. Энэхүү судалгааны ажил 2020 оны гуравдугаар сараас судалгааны ажил эхэлсэн. Нийт 18 баг судалгааны ажлуудыг хийсэн. Эмчилгээ, халдварын явц, тархалт, оношлуур, вакцин, вакцины дархлаа тогтоц зэрэг 18 төрлийн судалгаа хийж, өнгөрсөн хоёрдугаар сард үр дүн гарсан. Дархлаа тогтцыг судалж буй гурван судалгааны баг ажиллаж байна. Төр хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байгаа. Мөн ХӨСҮТ-д судалгааны ажлуудыг хийж үр дүнгүүд гарч байгаа.

-Хүүхдүүдийг дархлаажуулахгүйгээр Covid-19 халдвараас салахгүй юм биш үү. Хүүхдийг вакцинжуулах талаар судалж байгаа юу. Зарим улс орнууд файзер вакцин тарина гэж байна. Ер нь вакцин авах мөнгө бий юу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хүүхдийг вакцинд хамруулах судалгааны ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Зарим улсад хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлж байна. Манай улсын хувьд Засгийн газраас 2 сая 500 мянган тун вакцин худалдан авах гэрээг хийж, эхний төлбөр шилжиж вакцинаа татан авч байна. Эхний ээлжид 100 мянган тун вакцин авсан бол дараа сард 250 мянган тун вакцин авна. Төлөвлөлтийн дагуу вакцин авна. Хүүхдийг вакцинд хамруулахаар судалгаа төлөвлөлт эхлүүлж байна. Гаднын судалгааны үр дүн дээр мэргэжлийн салбар зөвлөлтэй ярилцаж байна. Дараа нь хүүхдийн вакцинжуулалт эхэлнэ.

УОК-ын Хэвлэлийн төлөлөгч Ц.Ганзориг: Хүүхдийг вакцинд хамруулах тал дээр ДЭМБ болон судалгааны үр дүнд яарч шийдвэр гаргахгүй. Нийт 2.5 сая тун файзер вакцины гэрээ хийж, татан авалтыг эхлүүлсэн. Олон улсын байгууллагын дүгнэлтээр эцсийн шийд гаргана. Одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна.

-Хүүхдийн баярыг хориглодог атал сонгуулийн уулзалтаа хориглодоггүй. Ахмадууд амны хаалттай, хаалтгүй нэг дор бөөгнөрч байгаа нь эрсдэл үүсгэж байна. Сонгуулийн уулзалтыг зогсоож болдоггүй юм уу?

-Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох үйл ажиллагаа хуулийн хугацаанд үргэлжилж байна. Үүнийг дур мэдэн цуцалж зогсоох нь хууль зөрчсөн үйлдэл тул зогсоох боломжгүй. Хамгийн гол нь сонгуулийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулах боломжоор хангаж, журмын дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой.

Хил дээр багаа бөөгнөрч, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Хэзээнээс хэвийн горимд шилжих вэ?

-УОК-ын Т.Баярхүү: Шадар сайд С.Амарсайхан Гадаад харилцааны яамны төлөөлөлтэй хамтран хилийн боомтод ажилласан. Боомтын үйл ажиллагаа хоёр талын үйл ажиллагаанаас хамаардаг тул яриа хэлэлцээрийн ажил үргэлжилж байна. Богино хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч эргээд асуудлыг авч хэлэлцэхээр ажиллаж байна.

-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад халдвар авсан хүн хэчнээн байна вэ. Гурав дахь тунгийн тухай асуудал яригдах уу?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины  нэг,  хоёр дахь тунд хамрагдсан нийт 11.856 хүн байна. Үүнээс хоёр дахь тунд хамрагдсан 3870 хүн. Хос тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон 974 хүн байна. Эдгээр хүмүүс өвчлөхөд хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Нэг хүн маш хүнд байна. Тухайн хүн хавсарсан эмгэгтэй, суурь өвчтэй. Бусад нь хөнгөн хэлбэрээр өвдсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж