Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штаб дээр ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Улсын хэмжээнд Covid-19 халдвар авч батлагдсан тохиолдлын хувьд өнгөрсөн долоо хоногт олон улсын дунджаас өндөр гарч байна. Өнөөдрийн байдлаар 13197 хүүхэд халдвар авсан. Үүнээс 5-9, 10-14 насны хүүхдүүдийн өвчлөл өндөр байна. Нийт халдвар авсан иргэдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байна. Вакцинд хамрагдах ёстой 18-34 насныхан 81-85 хувьтай байгаа бол 55-аас дээш насны иргэд 95 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар вакцины 1, 2 тунд хамрагдсан нийт 11913 иргэн халдвар авснаас хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн халдвар авсан. Гэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Эрдэмтдийн тооцоолсноор зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэж үзэж байна. Тавдугаар сарын 30-нд нийт 927 хүнээс халдвар илэрснээс 30.9 хувь хүүхэд байсан. Олон улсад 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс эдгээр насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар судалж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин вакцин авах гэрээ хийсэн. Бид 12-17 насны 1.185.991 хүүхдийг Pfizer вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хэрэв 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэх тооцоолол байна” гэдгийг онцоллоо.
-УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Ц.ГАНЗОРИГ:
-Өнөөдрийн байдлаар иргэдийг тусгаарлах нийт 31 зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 21 буудалд гадаадаас ирсэн иргэдийг долоон хоногийн хугацаанд тусгаарлаж байна. Өнгөрсөн тавдугаар сард нийт 18 удаагийн нислэгээр 2945 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн арван хувь нь гадаадын 44 улсын иргэд. Энэ сард нийт нийт 20 удаагийн нислэгийг хийхээр төлөвлөхдөө тусгаарлан ажиглах байрны хүртээмжтэй уялдуулсан.
Есөн дүүргийн хэмжээнд бусад зочид буудал, амралт сувиллын газар, оюутны байр гэх мэт нийт арван газрыг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Орон нутгийн хувьд Увс, Баян-Өлгий, Төв аймгуудад халдварын тохиолдол өсөх хандлагатай байгаа учраас тандалт шинжилгээ хийх зорилгоор хөл хориог тогтоосон. Өнөөдөр орой Баян-Өлгий аймгийн хөл хорио цуцлагдах бол маргааш Увс аймгийн хөл хорио цуцлагдана. Бусад аймгууд руу зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газар 4-5 сард вакцинжуулалтыг эрчимжүүлсний хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт дархлаажуулалтаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд тэргүүлж байна. Харин үр дүн муутай аймгуудын хувьд Увс, Дундговь, Өвөрхангай аймгууд. Үүнтэй холбогдуулан 15:00 цагаас бүх аймгийн дарга нарыг цахим хурал хийнэ. Ялангуяа, нийслэлтэй ойр аймгууд хариуцлагагүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Алслагдсан аймгуудыг бол ойлгож байна. Вакцины таталттай холбоотой асуудал тодорхой хэмжээнд үүснэ. Нийслэл хотод дархлаажуулалт ийм өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд ийм хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ. Ирэх намар гэхэд вакцинжуулалтын үр дүн гарна гэж эрдэмтэд үзэж байна. Хатуу хөл хориог үргэлжлүүлэх нь эдийн засагт асар их хохиролтой. Тиймээс хатуу хөл хорио тогтоохгүйгээр шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тогтооно.
Холбоотой мэдээ