"Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг асран хамгаалагчийн дансыг хаана"

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг асран хамгаалагчийн дансыг хаана"

"Хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг асран хамгаалагчийн дансыг хаана"

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлэхээр болсон. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны  Нийгмийн хамгааллын халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг асран хамгаалагч зохисгүй хэрэглэсэн бол хүүхдийн нэр дээрх дансанд шилжүүлэхээр боллоо. Эцэг эх, асран хамгаалагчдын хэчнээн хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохисгүй хэрэглэдэг вэ?

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дотор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны хүүхдэд зарцуулахгүйгээр тухайн асран хамгаалагч /эцэг эх, эмээ, өвөө зэрэг/-ийн холбосон данс эзэмшигч нь архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд  эрхийг нь цуцална. Ингэхдээ гэр бүлийн улсын байцаагч өрхөд үнэлгээ хийж, тухайн данс эзэмшигчийн эрхийг цуцлах шийдвэр гаргах зохицуулалт хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.2 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Үүнээс 900 гаруй нь гэр бүлийн зохисгүй хэрэглээнд мөнгө зарцуулдаг гэх судалгаа гарсан. 

Хэрэв асран хамгаалагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохисгүй зарцуулж, архидан согтуурах зэрэг асуудал гарвал  21 аймаг есөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний анхан шатны нэгжид иргэд гомдол гаргаж болно. Энэ дагуу улсын байцаагч тухайн өрхөд хяналт тавьж, асран хамгаалагчийн дансны эрхийг цуцалж, мөнгөн тэтгэмжийг хүүхдийн дансанд түр байршуулна. Дараа нь тухайн хүүхдийг асран хамгаалж,  мөнгөн тэтгэмжийг зөв зохистой хэрэглээнд зарцуулж буй асран хамгаалагчийн дансанд холбох боломж нь нээлттэй болгож байгаа юм.

– Зохисгүй хэрэглээ гэдгийг хэрхэн тодорхойлж байна?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зорилго нь хүүхдийг  аль болох хүнсний тэжээл дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, витаминжуулалт, хүнсний нэмэлт авахад тусламж үзүүлж байгаа юм. Гэтэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг архи, тамхины хэрэглээнд зарцуулж буй айл өрхүүдийг дотоод хяналт судалгаагаар тогтоосон. Мөн арилжааны  банкуудтай хамтран эцэг эхийнх нь холбосон данснуудад доголдол үүсэх эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.

Ерөнхийдөө эцэг эх нь  архины хамааралтай, хүүхдээ асран хамгаалдаггүй, өөр хаяг дээр амьдардаг, гэр бүл зохиогоод явчихсан тохиолдол маш их байдаг. Ийм асуудлаар тухайн хүүхдийг асран хамгаалдаг эмээ өвөө нь хандаж, хүүхдийн мөнгө шилжүүлж авах хүсэлт гаргадаг.

Өөрөөр хэлбэл, эцэг эх нь хүүхдээ асран хамгаалдаггүй мөртлөө өөрийн  дансаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг асуудал их  гардаг. Цаашид энэ асуудлыг асран хамгаалагчийн хүсэлтээр зохицуулах боломж бүрдэж байна.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зарцуулалтад хэрхэн хяналт тавих вэ?

-Төрөөс  айл бүрийн хаалганы цаана байгаа амьдралыг хянаж чадахгүй. Гэхдээ иргэн, төрийн хамтарсан гурван системээр хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохистой хэрэглээ рүү шилжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг өрхийн хөрш айлууд, хүнсний дэлгүүрүүд тухайн хүүхдийн асран хамгаалагчийн хэрэглээнд хяналт тавьж, анхан шатны нэгжүүдэд мэдээлэх боломж нээлттэй. Бид гомдол хүсэлтийн дагуу тухайн өрх айлд үнэлгээ хийж, данс эзэмших эрхийг нь цуцлах эсэхийг нь шийдвэрлэнэ.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулсан журам хэзээнээс хэрэгжих вэ?

-Засгийн газрын тогтоол албажсан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой гомдол хүсэлтүүдийг хүлээн авч ажиллана. Тухайн өрх айлын нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн асран хамгаалагчийн дансыг цуцлах эсэхийг шийднэ.

-Зөрчил гаргасан эцэг эхийн дансыг цуцалсан ч өөр асран хамгаалагчийн дансыг холбож болно. Шалгуур бий юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Данс цуцална гэхээр хүүхдийн данс хаагдана гэсэн үг биш. Улсын халамжийн сангаас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж зөвхөн хүүхдийн нэрийн дансанд ордог. Асран хамгаалагчийн холбосон дансыг цуцалсан ч хүүхдийн мөнгөн тэтгэмж хүүхдийн нэрийн дансанд төвлөрнө. Дараа нь дансны эрх цуцлагдсан субъектээс бусад хүүхдийн асран хамгаалагч арилжааны банкны дансаа хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбох боломж нь нээлттэй.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж олголтод хяналт тавьснаар тухайн хүүхэд өөрөө мөнгөө захиран зарцуулах эрхтэй болох уу?

– Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ зохицуулалтаар  16 нас хүрч, иргэний үнэмлэх авсан хүүхэд эцэг эхгүйгээр өөрийн дансаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээ захиран зарцуулж, эзэмших эрх нь нээлттэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж