ОХУ-ын эрх баригчид ирэх есдүгээр сард болох парламентын сонгуулиас өмнө амжиж сөрөг хүчнийхэн, Кремлийг эсэргүүцэгчдийг дарахаар хичээж байна. Энэ үйлдэл нь сонгуультай холбоотой элдэв эсэргүүцэл, хөдөлгөөн, жагсаал цуглаан үүсэхээс сэргийлэх арга хэмжээ гэнэ.
Ерөнхийлөгч Владимир Путинг эсэргүүцсэнийхээ төлөө улс төрийн өшөө авалтын золиос болсон гэгддэг Оросын шоронд олон жил хоригдсоныхоо дараа Лондон руу нүүсэн Михаил Ходорковскийн хэлснээр сүүлийн үед эрх баригчид идэвхтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авах болсон нь тэдний хэр их айж буйн илрэл гэнэ.
Тэрбээр олон улсын хэвлэл мэдээллийн "Associated Press" агентлагт ярилцлага өгөхдөө “Есдүгээр сард болох сонгууль бол засгийн газар таалагдаагүй нэр дэвшигчдээ оролцуулахгүй байх театрчилсан тоглолт. Эрх баригчид энэ удаагийн сонгуулийг ямар нэг хэл амгүй байлгахын тулд "Нээлттэй Орос" тэргүүтэй хөдөлгөөний идэвхтнүүдийг эрчимтэй хэлмэгдүүлж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Тиймдээ ч "Нээлттэй Орос" хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт аргагүйн эрхэнд таржээ. Хөдөлгөөний удирдагч Андрей Пивоваровыг Санкт-Петербургийн нисэх онгоцны буудлаас Варшав руу нисэхийн өмнө баривчилжээ. Түүнийг Оросын өмнөд хэсгийн Краснодарт шилжүүлэн эрүүгийн хэргээр шалгаж эхэлсэн аж.
Түүнчлэн энэ долоо хоногт сөрөг хүчний улстөрч Дмитрий Гудковын гэрт нэгжлэг хийж, саатуулжээ. Гудков есдүгээр сард болох сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан аж. Түүнээс гадна хоёр ч хамтрагчийнх нь гэрийг нэгжсэн талаар гэрчүүд мэдээлжээ.
Эх сурвалж: MARKETWATCH