Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б, 34 настай З нартай хамтарсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн.
Шалгалтын явцад дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б, Б, З нарыг тавдугаар сарын 29-нд баривчилсан. Одоогоор Э-г эрэн сурвалжилж байгаа аж. Иймд тус этгээдийг харсан хүн байвал мэдээлэл өгөхийг хүсэв. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.
Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулан гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага ялын санкцыг тогтоож өгчээ. Тухайлбал,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон.
- Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт уг төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд иргэнд учруулсан хохирол, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байдаг.
Холбоотой мэдээ