Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал О.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Тяньжин манай улстай хамгийн ойрхон далайн боомт. Тус боомтод сар гаруйн хугацаанд нийт 4000 гаруй чингэлэг гацсан мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Хятад улсын экспортын бараа бүтээгдэхүүн болон гуравдагч улсаас ирж буй бараа бүтээгдэхүүний ихэнх нь Тяньжин боомтоор дамждаг. Энэ боомт дээр ирээд гаалийн бүрдүүлэлт, бусад бичиг баримтын зөрчилгүй бол бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө долоо хоноод, Монгол руу ачигддаг. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихад, гуравдугаар сарын 29-нөөс хойших чингэлгүүд хөдөлгөөнгүй байгаа юм.
Бид эхлээд Улаанбаатар төмөр замтай уулзалт хийсэн. Дараа нь Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Далайн захиргаа, бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн. Яг төлөвлөгөөнийхөө дагуу ачаа бараа ачигдаж байгаа.
Өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Том талбайгаас өдөртөө нэг чингэлгийн галт тэрэг, жижиг талбайгаас ачааллаас хамаарч заримдаа ачигдахгүй, заримдаа 1-2 чингэлгийн галт тэрэг хөдөлдөг. Тэгэхээр долоо хоногтоо 7-10 чингэлгийн галт тэргийг Тяньжин боомтоос Монгол руу хаяглан ирүүлдэг. Нэг чингэлгийн галт тэрэг гэж яриад байгаа нь ойролцоогоор 55-60 орчим чингэлэг ачих боломжтой.
-Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд нийт хэчнээн компани хамрагддаг вэ? Тэдгээрийн хэд нь Тяньжинд гацсан чингэлгийн асуудалд холбоотой байна вэ?
-Манай холбоо 2014 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар 70 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тээвэр зуучлагчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг нь холбогдох яам, төрийн байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх зорилгоор, “Олуулаа нийлвэл хүчтэй” гэдэг үндсэн дээр анх байгуулагдсан. Бид анх Тяньжины асуудлуудыг зуучуудаасаа хүлээж авсан. Хоёрхон хоногийн дотор мэдээллүүдийг яаралтай цуглуулсан. Нэг хоногийн дотор 15 компаниас 20, 40 тонны 1700 чингэлгийн мэдээлэл ороод ирсэн. Манай холбооны гишүүн компаниудын ихэнх нь тээвэр зуучлагчийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй.
Дээр нь манай гишүүн бус бусад компаниуд бий. Ерөнхийдөө 4000 чингэлэг гэдэг зөвхөн вагон захиалахад орсон тоо гэхээр маш бодит тоо юм.
-Чингэлэг түрээсийн асуудал үүсч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?
-Та сонссон байх. Тээвэр зуучуудад 30-40 хоног, ихдээ 50 хоногийг чингэлэг үнэгүй ашигах хугацаа гэж олгодог. Тяньжин боомтод ирээд, бичиг баримтаа зохицуулаад, Улаанбаатар хот руу ачигдаад, хүлээн авагчид ачааг нь олгоод, хоосон чингэлгээ буцаагаад Тяньжин рүү хүргэх хугацаа нь дунджаар 40 хоног юм. Хэрвээ энэ хугацаа хэтэрвэл чингэлэг түрээсийн асуудал яригдана.
-Чингэлэг түрээсийн хугацаа яаж бодогддог вэ?
-Нэг чингэлэгт өдөртөө 10-250 доллар нэмж төлөх ёстой. Үүнд далайн тээврийн үнэ, дээрээс нь талбайн хадгалалтын зардал, гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт солилт гэх зэрэг нэмэлт тээвэрлэлт хийх зардлууд чингэлэг түрээс дээр нэмэгдэнэ. Нөгөө яриад байгаа 40 хоног нь бараг Тяньжин дээрээ өнгөрчихдөг.
-Тяньжин боомт дээрх Монголын ачаа бараа бүхий чингэлгүүд хоёр сар гаруй хугацаанд гацсан гэж ойлголоо. Гацсан гол шалтгаан юунд байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдал бусад орнуудад арай гайгүй болоод, Хятадын экспорт нэмэгдсэн. Мөн манай улсын хувьд ч хөл хорионоос гараад хүмүүс үйлдвэрлэлээ эхлүүлж, ажил төрлөө хийхээр бараагаа захиалсан, эдийн засаг эрчимжиж байгаа учраас энэ бөөгнөрөл үүссэн.
-Өмнө нь өнөөдрийнх шиг олон чингэлэг бөөгнөрч, гацсан тохиолдол гарч байсан уу?
-2008 онд яг ийм их хэмжээний ачаатай болон хос чингэлгийн бөөгнөрөл үүсч байсан. Энд хэн төлбөр төлөх вэ гэхээр хүлээн авагчид. Дээрээс нь тээвэр зуучийн байгууллагуудын нуруун дээр ачаа болж ирнэ, мөн бидний хэрэглэж буй бараа бүтээгдэхүүний зардал дээр нэмэгдэж орж ирэх нөхцөл байдалд байна.
-Тяньжины чингэлгийн бөөгнөрлийг арилгах асуудлаар ойрмогхон хэд хэдэн уулзалт болсон. Ямар шийдэлд хүрэв. Танай холбооноос энэ чиглэлээр ямар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай холбоо эдгээр уулзалтуудыг ерөнхийд нь зохион байгуулж байна. Мөн манай Удирдах зөвлөлийн төлөөллүүд, Улаанбаатар төмөр замын энэ чиглэлийн асуудал эрхэлсэн хүмүүсийг онлайн уулзалтад урьж оролцуулан, асуудлуудаа тавиад, шийдлээ танилцуулсан. Өдөртөө 1-2 чингэлгийн галт тэрэг хөдөлж байгааг хэсэгхэн хугацаанд 3-4 болгон нэмэгдүүлээд өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хятад талтай холбогдоод, дипломат шугамаар ярилцаад, тодорхой хугацаанд ийм тоогоор явуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хэрвээ өдөртөө 3-4 чингэлгийн галт тэрэг яваад эхэлбэл 4200 чингэлэг нэг сарын дотор буюу 20-иод хоногт ирчих боломжтой гэсэн үг. Хил дээр хүрээд ирвэл доторхи зохион байгуулалтаа өөрсдөө хийж болно. Улаанбаатар төмөр замаас ч асуудалгүй гэж бодож байна. Хил дээр аваад ирвэл бид өөрсдөө хүлээж аваад, өөрсдөө зохион байгуулалтаа хийхэд ямар нэг асуудалгүй гэдгээ уулзалт дээр онцолсон. Та Т.Бадрал Элчин сайдтай хийсэн уулзалтын бичлэгийг харсан байх.
-Тийм ээ…
-Тавдугаар сарын 31-нд уулзах байсан, ажлын ачааллаас шалтгаалаад өнөөдөр уулзахаар болсон. Асуудлуудаа Хятадын төмөр замын корпораци, Гадаад харилцаа яаманд тавьж ажилласан. Энд зөвхөн гал унтраах төдийд л асуудал яригдсан.
-Хятадын тал 3-4 чингэлгийн галт тэрэг явуулахыг дэмжиж байна уу?
-Чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр судалж байна гэсэн хариу өгсөн байсан. Яг тэдний өдөр чингэлгийн галт тэрэг явуулна гэж хэлээгүй л байна.
-Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс далайд гарцгүй. Ийм орны ачааг шуурхай тээвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тухай олон улсын хууль бий. Аж ахуйн нэгжүүд хохирлоо тооцоод, баримттай хөөцөлдвөл олон улсын механизм нь бэлэн. Ийм хүндрэл дахин гарахгүй байх боломжтой гэж жиргэсэн байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Эхлээд манайх дотооддоо асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй байх. Чингэлэг түрээсийн асуудал гараад ирлээ гэхэд хэн төлөх вэ гэдэг асуудал үүснэ. Урд урдын нөхцөл байдлуудаас эхлээд зуучууд, хүлээн авагчид хоорондоо хийсэн гэрээнийхээ дагуу асуудлыг тавих хэрэгтэй. Манай хүлээн авагчид ачаа хөдлөөгүй, хил дээр ирээгүй байхад яагаад бид төлөх ёстой юм бэ, танай зохион байгуулалтаас болсон, бид төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хүлээн авагчид тодорхой хугацааны төлөвлөлттэй байж бараа бүтээгдэхүүнээ авч байгаа. Монголд тээвэр зуучийн байгууллага олон. Хүлээн авагчийн харилцааг зохицуулсан хууль ерөөсөө байдаггүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гараад, цагдаа шүүхийн байгууллагаар хэлэлцэгдээд эхэлсэн тохиолдолд Иргэний хуулиар л зохицуулагддаг. Зуучийн байгууллага нь үйлдвэрлэгчийн хаалганаас хүлээн авагчийн хаалга хүртэл бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, зөөх, бичиг баримт, гааль, мэргэжлийн хяналт зэрэг бүх зүйлийг менежментийн хувьд зохион байгуулж, үйлчилгээ үзүүлдэг. Бид яриад байгаа. Төлбөр тооцооны асуудал маш өндөр мөнгөн дүнтэй яригддаг. Е-мэйл зэрэг бүх зүйлээ баримт болгон хадгалж байх хэрэгтэй.
-Тяньжинд гацсан чингэлгүүдийг яаралтай татаж аваагүй тохиолдолд ямар эрсдэл учрах вэ?
-Хэдий дотоодын үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн түүхий эдээ гадаадаас авдаг. Хуурай сүү ч юм уу түүхий эдийн ихэнх нь хоёр дахь болон гуравдагч орноос ирдэг. Үйдвэрлэл шат дамжлагатай явдаг. Эхний гурван шат нь ямар нэг саадгүй явж байтал дөрөв дэх шат нь энэ бөөгнөрлөөс болоод зогсох, улмаар дотоодын бараа хангалт нь саатах, дээрээс нь импортын болон улирлын чанартай бараа нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн бараа нь гацдаг. Эндээс тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа тээвэр зууч болон хүлээн авагчийн хооронд үл ойлголцлын асуудал их үүсч байна.
-Эрээнд Монголын ачаа бараа овоорсон мэдээлэл бий. Нэг машин ачааны үнэ тарифын талаар мэдээлэл өгөхгүй юу. Өмнөхтэй харьцуулбал хичнээн хувиар нэмэгдэв?
-Өмнө нь Эрээнээс Улаанбаатар хүртэл ачааны үнэ дунджаар 8-9 мянган юань байсан. Одоо энэ үнэ 13 метртэй, 17 метртэй машин уу гэдгээсээ шалтгаалаад дунджаар 40-45 мянган юань байна. Энэ үнээр явна, үгүй бол явахгүй гэсэн нөхцөл байдалтай. Тээврийн үнэ нэмэгдсэн нь яаж мэдэгдээд байна вэ гэхээр хүмүүс өөрсдөө онлайнаар бараа, бүтээгдэхүүн маш их захиалдаг болсон. Килограмм ачааны үнэ нэмэгдсэн. Өмнө нь 2000 төгрөг байсан нь 5-6 мянган төгрөг болсон ч байдаг юм уу. Бүтэн машинд 45 мянга төлнө гэвэл 5-30 хүлээн авагч байгаа гээд бодоход бүгд хуваагаад төлнө гэхээр их хэмжээний мөнгө болно.
-Хоосон чингэлгийн асуудал яригдаж байгаа. Одоогийн байдлаар хичнээн хоосон чингэлэг байна вэ?
-800 гаруй хоосон чингэлэг байна. Нийтдээ найман талбайгаас мэдээ авахад 20, 40 тонны чингэлэг нийлээд ачихад бэлэн нь 486 байгаа юм байна. Ачаатай 20-ын чингэлэг 180 гаруй, 40-ийн чингэлэг 169 байна. Хоосон бөгөөд бичиг баримт нь гарсан, гараагүй 20 тонных 96, 40-ийн чингэлэг 537 байгаа юм. Гаалийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байгаа учраас хүмүүс ажлын цагаар, ажлаа тараад гаалийн бүрдүүлэлтээ хийгээд ачаагаа авахад бүрэн бэлэн болчихлоо. Тэгэхээр ачаанууд сулраад хоосон чингэлэг дээр нэмэгдээд явна л даа. Хоосон чингэлгийн түрээсийн хугацаа 40-45 хоног. Ер нь хугацаа нь гадаад агентаасаа шалтгаалдаг. Ихэнх талбайн хувьд ачаатай ирсэн чингэлэг дээрээ ачаатай ирсэн чингэлгээ буулгаад, ирсэн дээрээ хоосон чингэлгүүдээ ачаад явуулдаг. Үүнийг эрэлтээр явуулна гэж хэлдэг. Тэндээс чингэлгүүдээ татаад, өртөө рүүгээ явуулаад, цааш Замын-Үүд рүү явуулж, Эрээн рүү гаргана. Заримдаа Эрээний тал хүлээж авахгүй. Өргөн царигаар оруулсан, өргөнөөрөө авна гэдэг. Улаанбаатар төмөр замынхан нарийн царигаар гаргалаа гэхэд Эрээний тал нарийнаар авахгүй гээд буцаах тал байдаг. Өдөртөө зөвхөн нэг чингэлгийн галт тэрэг авна ч гэдэг юм уу янз бүрийн шалтгаанаар ойролцоох өртөө, эсвэл Чойр, Сайншанд дээр чингэлгүүд бөөгнөрөх асуудал бий. Буцаж чадахгүй, гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй болохоор зуучийн байгууллагуудад хүндрэл учирдаг.
-Алтанбулаг боомтоор орж ирж буй ачааны машинуудын чиргүүлийг манай талаас татаж авч байгаатай холбоотойгоор мөн үнэ өсгөж байгаа гэж дуулсан. Энэ чиглэлээр Засгийн газарт болон холбогдох байгууллагуудад хандав уу?
-Алтанбулаг дээр түрүү жилийн 11 сараас хойш тодорхой зохион байгуулалтууд хийсэн. Хилийн тухай авч хэрэгжүүлэх тогтоолын дагуу Алтанбулаг боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан. Одоо ч хаалттай байна. Тогтоол гэнэт гарсан учраас цаанаасаа ачаа бараатай хөдөлсөн машин маш их байсан. Тухайн үед манайх, МҮХАҮТ, Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, бусад импортлогч компаниуд бүгд танхим руугаа хандаад, манайх зуучийн байгууллагуудаасаа мэдээгээ цуглуулж авч өгсөн. Тухайн үед маш олон ажлын хэсэг байгуулагдсан. Энэ олон бараа, бүтээгдэхүүнийг хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм дор оруулж ирэх вэ гэсэн асуудлаар олон онлайн хурал хийсэн. Нөхцөл байдлын хувьд харахад тухайн үед их хүйтэн, жолооч нар 11, 12 сар гээд хоёр сарын хугацаанд машиндаа амьдарсан. Буцах нь буцсан. Өдөртөө сул зогсолтын мөнгө гэж гарч, 100-200 еврог бензин, жолоочдоо төлсөн. Машин дотор байсан зарим нэг бараа, бүтээгдэхүүний температурын горим алдагдаж, муудах, тусгай чийгтэй горимд ачигдах ёстой бараа, бүтээгдэхүүн нь хөлдөх зэрэг маш их эрсдэл тулгарсан. Гэрээний дагуу тээвэрлэгдээгүй гэх мэтчилэн. Энэ нь өөрөө давагдашгүй хүчин зүйл болчихож байгаа ч тухайн үед тэгж авч үзэж чадаагүй. Аль болох бараа, бүтээгдэхүүнийг нь хурдан оруулаад ирье гэж ажилласан. Зарим нь хүнс байлаа гэхэд үйлдвэрлэгч рүүгээ их буцсан. Нэгдүгээр сарын 30-ны өдрөөс толгой солин тээвэрлэж эхэлсэн. Одоо бараг өдөр бүр толгой солин тээвэрлэж байна. Гадаад жолоочийг машинаас нь буулгахгүй, чиргүүлийг нь салгаж аваад, монгол машин ороод чиргүүлийг нь залгаад гарч байгаа гэсэн үг. Энэ дээр НӨАТ-тайгаа нийлээд 3 сая төгрөг нэмэгддэг. Цаанаасаа тир машины тээврийн үнэ нэмэгдсэн. Энэ гурван сая шууд тээврийн зардал дээрээ нэмэгддэг.
-Бараа, бүтээгдэхүүний тээвэрт өөр нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл юу байна вэ?
-Манай засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд тодорхой бус. Нэг өглөө сэрэхэд хил хаачихсан байдаг. Ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэдгээ урьдчилж мэдэгддэггүй. Мөн бараа, бүтээгдэхүүний үнийн 30 хувь нь тээвэрлэлтийн зардалдаа байдаг гэсэн 2018 онд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаа байдаг юм билээ. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хилээр хэдэн чингэлэг гарч байна, ямар бичиг баримтын бүрдүүлэлт хийж орж ирсэн бэ гэдэг бүх мэдээлэл нь байдаг. Гэхдээ мэргэжлийн холбоо, хүлээн авагчдад мэдээлэл олж авах боломж хомс. Уг нь энэ мэдээллээ нэгтгээд, 2021 оны тээвэрлэтийн нөхцөл байдал гээд гаргадаг шиг ийм бараа, бүтээгдэхүүн орж ирж байна гээд мэдээлэл өгвөл хэрэгтэй. Ерөнхий байдлаа хараад байхад импортлогч аж ахуйн нэгжүүд, бараа бүтээгдэхүүн татаж авч байгаа аж ахуйн нэгжүүд, дээрээс нь барааны үнийн өсөлтөө тооцоолон, урд болон хойд төмөр замтайгаа чингэлгийн галт тэргээ маш сайн тохирч байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол аль таван жилийн өмнөх, эсвэл жилийн өмнөх нөхцөл байдлаараа квотоо тохироод байж болохгүй.
Холбоотой мэдээ