Мэргэжлийн холимог тулааны тамирчин асан, спортын аналист Майкл Биспинг хэцүү амьдралаас гарч ирсэн тамирчдыг их мөнгөтэй болоод ирэхээр өмнөх шигээ биш болдог гэдгийг ярилаа. Өдгөө 42 настай Биспинг 2019 онд зодог тайлаад спортын аналист, тайлбарлагчийн ажил хийх болжээ.
Тэрбээр Конор МакГрегор дээр жишээ авч ярьсан бөгөөд түүний хэлснээр “Хуучны Конор МакГрегор яг л надтай адил үгүй болсон. Би өмнө нь тулаанчдын хар дарсан зүүд шиг л байсан. Конор МакГрегор ч тийм байсан. Гэхдээ одоо тэр ханачихсан. Конор одоо 100 сая ам.долларын дарвуулт завь хөлөглөж, нэг сая ам.долларын бугуйн цаг зүүж, Rolls Royce жолоодож байна. Эвандер Холифилд нэг удаа хэлж байсан юм. Торгон хөнжилд унтаж буй хүн өглөө 06.00 цагт босоод гүйнэ гэдэг хэцүү гэж. Энэ үнэн үг шүү. Тулаанчид үргэлж өлсгөлөн, дараагийн сорилтыг хайж байх ёстой. Янз янзын амьдралаас гарч ирсэн тулаанчид бий. Гэхдээ гол нь бид тулалдах дуртай, энэ бидний цорын ганц найдвар. Тулаанчдын мөрөөдөл бол их мөнгө олох, амьдралаа өөрчлөх явдал. Конор их мөнгө олсон. Магадгүй тэр дахиж мөнгөний гачигдалд орохгүй байх. Гэхдээ би Конорыг доромжлоогүй юм шүү. Үнэн байдал нь л ийм байна. Түүнийг тулалдаж чадахгүй гэж хэлээгүй. Тэр гайхалтай тулаан үзүүлж, ялж чадна” гэжээ.
Конор МакГрегор ирэх долдугаар сарын 10-ны өдөр Дастин Пойрьетэй гурав дахь удаагаа тулалдана. Энэ тулааны талаар Майкл Биспинг “Сэтгэл зүйн тулааны хувьд Дастин Пойрье ялах байх. Би өмнө нь Конор шиг байдалд орж байсан. Сэтгэл зүйн тулаан өрнөдөг юм. Ямар ч байсан сонирхолтой тулаан болох байх” гэв.
Холбоотой мэдээ