Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хятад улсын эрх баригчид гэр бүлүүд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист намын улс төрийн товчооны хурал тавдугаар сарын 31-нд уг шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр нь хүн амын насжилтыг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой. Хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилготой “Нэг хүүхэд” бодлогыг тус улс 1979 онд нэвтрүүлж байв. Энэ бодлогыг 40 шахам жилийн дараа 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч төрөлт хангалттай нэмэгдээгүй тул ийнхүү гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Тухайлбал, Хятад улсад өнгөрсөн 2020 онд 12 сая хүүхэд мэндэлсэн байна. Харин 2016 онд энэ тоо 18 сая байв.

Одоогоор Хятадад төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд энэ хэмжээ 2.1 байх ёстой юм. 2020 оны эцсийн байдлаар Хятад улсын хүн амын тоо 1.412 тэрбум хүрсэн байна.

 

Хятадын судлаач нар ойрын ирээдүйд ажиллах хүчээрээ АНУ, Энэтхэг зэрэг улсуудад гүйцэгдэхгүй байж, эдийн засгаараа илүү гарахын төлөө хүүхдийн тоо хязгаарладаг бодлогоо бүрэн халах шаардлагатай хэмээн үзжээ. Төрөлт энэ байдлаараа удаашралтай байвал АНУ-д ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх аж. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдий чинээ багасна. Түүнчлэн Хятадын хүн амын ихэнх хувийг өндөр настнууд эзэлж, тэтгэвэрт гарах насыг нэмснээр ажиллах хүчний багагүй хувийг ахмадууд дүүргэх бол АНУ-ын хувьд салбартаа мэргэшсэн чадварлаг цагаачид ажиллах хүчний чадлыг өргөжүүлэх юм.

Иймд Хятад улс цаашид тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Гэвч “Өрх бүр-гурван хүүхэд” бодлого бодит байдал дээр хэрэгжилт тааруу байна гэж судлаачид дүгнэжээ. Хятад улс саяхан сүүлийн 10 жилийн хүн амны өсөлтөө дүгнэж тооллого явуулжээ. Ингэхэд тус улсын хүн ам хүн ам сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн бага хурдаар өссөн тухай тус улсын статистикийн газар мэдээлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хурд жилийн дундаж үзүүлэлт 0.53 хувь байсан бөгөөд хүн амын тоо 1.41 тэрбумд хүрчээ. Нас, хүйсээр нь задалж  үзвэл Хятадын хүн амын 723.34 сая эрэгтэй, 688.44 сая эмэгтэй бол үүнээс 63.35 хувь нь 15-59 насныхан, 18.7 орчим хувь нь 60-аас дээш насныхан байв. Түүнчлэн 17.95 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүйсийн хувьд ингэж тэнцвэргүй байдалд орсон нь 1979 оноос хэрэгжиж эхэлсэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын сөрөг үр дагавар гэж үзжээ. Учир нь гэр бүлүүдийг ганц хүүхэдтэй байхыг хуульчилснаар удам залгах ёс заншлын дагуу эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдийг чухалчилснаас хүйсийн тэнцвэр алдагдахад хүрч, өдгөө олон сая залуус эхнэргүй хоцорсон байна.

Сүүлийн жилүүдэд залуус, тэр дундаа эмэгтэйчүүд гэрлэж, хүүхэдтэй болохыг хойш тавьж, сурах, хөдөлмөрлөхөд илүү анхаарах болжээ. Хэдий эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөхөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон байна. Олон мянган хүнийг хамарсан судлагаагаар хосууд, эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдийг маш сайтар төлөвлөсний дараа гаргана, эсвэл нэг хүүхдээ маш “чанартай иргэн” болгон өсгөнө гэж хариулсан бол гурав дахь хүүхдийн талаар бодох ч хэрэггүй хэмээн хариулжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж