“Монголын модон баримал уран сийлбэрийг дэлхийд таниулах зорилготой”

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

“Монголын модон баримал уран сийлбэрийг дэлхийд таниулах зорилготой”

“Монголын модон баримал уран сийлбэрийг дэлхийд таниулах зорилготой”

Монголын орчин үeийн сийлбэрийн урлагийн "Дөрвөлжин дугуй" залуу уран бүтээлчдийн нэгдлийн ээлжит үзэсгэлэн “Монгол арт” галерейн үзэсгэлэнгийн хоёрдугаар танхимд тавдугаар сарын 29-нөөс эхлэн гарч байна. Тус үзэсгэлэнд монголчуудын нүүдлийн соёлыг утга төгөлдөр өргөн агуулгаар баяжуулан харуулах зорилгын хүрээнд нүүдэлчин ардын аж амьдралыг илтгэсэн уран бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэнгийн талаар “Дөрвөлжин дугуй” арт нэгдлийн гишүүн Н.Очирбаттай ярилцлаа.


-“Дөрвөлжин дугуй” арт нэгдлийн уран сийлбэрчдийн энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлогийн талаар яриагаа эхэлье. Нэгдлийн хэд дэх удаагийн үзэсгэлэнг гаргаж байна вэ?

-Манай нэгдлийн гурав дахь үзэсгэлэн “Монгол арт” галелейд гарч байна. Бидний хувьд энэ удаагийн үзэсгэлэн маань онцлогтой болж байна. Тухайлбал, нэгдлийн уран бүтээлчид өмнө нь гарч байсан нийт үзэсгэлэнд хувь хувьдаа өөрсдийн сонирхдог урсгалын дагуу бүтээл туурвиж байсан. Харин энэ удаа уран бүтээлчид хамтран нэг төрөл буюу нүүдэлчин монголчуудын ахуй сэдвийн хүрээнд нүүдлийн соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сонирхуулан хуваалцах зорилготойгоор “Дөрвөлжин дугуй” үзэсгэлэнг гаргаж байгаа.

-Нэрний утга агуулгын талаар танилцуулахгүй юу. Анх хэдэн уран бүтээлч хамтарч арт нэгдлийг үүсгэн байгуулж байв?

-Уран бүтээлийн “Дөрвөлжин дугуй” нэгдэл маань 2017 онд 10 гишүүнтэй байгуулагдсан. Байгуулагдсан цагаас одоог хүртэл тогтвортой уран бүтээл туурвин хамтарсан болон бие даан гадаад, дотоодын үзэсгэлэн, наадам, симпозиумд амжилттай оролцож байна. 2017 онд Монголын уран сийлбэрчдийн нэгдсэн "Цой" үзэсгэлэн зохион байгуулсан. Мөн монгол, солонгос уран бүтээлчдийн хамтарсан "Солонго I" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж байлаа.

Нэрний утга агуулгын хувьд их сонирхолтой. Хүн төрөлхтөн анх тэрэг бүтээж байхдаа тэрэгний дугуйг дөрвөлжин хийсэн гэдэг. Тэгээд л тэргээ явуулах гэтэл дугуй нь огт явахгүй байсан учраас тал талаас нь авч зассаар байгаад дугуй үүссэн түүхтэй. Энэ бол хүн төрөлхтний томоохон нээлтийн нэг хэсэг. Дэлхийд анх нээж байсан нээлтийн нэг нь гал байсан гэдэг шиг дугуй ингэж үүссэн. Тиймээс сийлбэрчид хамтран монголдоо арт нэгдлийг үүсгэн байгуулж байхдаа томоохон нээлтийн нэг үүслийг бэлгэдэн “Дөрвөлжин дугуй” хэмээн нэрлэсэн.

-Сийлбэрийн төрөл, онцлогуудаас хамаарч бүтээлийн илэрхийлэх санаа өөр өөр байдаг уу. Эсвэл сийлбэрчдийн уран сэтгэмжээс шалтгаалдаг болов уу?

-Мэдээж уран бүтээлч бүр өөр, өөрийн гэсэн дотоод мөн чанар, сэтгэмжтэй байдаг. Манай нэгдлийн тухайд төрөл бүрийн бүтээл туурвидаг сийлбэрчдээс бүрдсэн. Ардын урлаг буюу хээ угалзаар дагнан бүтээл туурвидаг нэгэн байхад чөлөөт төрлөөр дагнасан сийлбэрч мөн бий.

-Уран сийлбэрчдийн бүтээл их онцлог, өвөрмөц харагддаг. Сийлбэрч бүрт ялгарах онцлог давуу тал гэж бий байх. Бүтээлийн өнгө аяс сүүлийн жилүүдэд аль төрөлд түлхүү чиглэж байгаа вэ?

-Арт нэгдлийн гишүүн бүр давтагдашгүй орон зайтай. Бид нэгдлийн уран бүтээл гэхээр заавал нэг төрөл, жанрыг баримтлахаас илүүтэй нэг зорилгын дор нэгдэж чаддаг.

Модон сийлбэр, модон баримлын урлагийг хурдацтай хөгжүүлэх, цаашид дэлхийд Монголын уран баримал, сийлбэрийг таниулах нь бидний эрхэм зорилго.

Арт нэгдэл маань байгуулагдсан цагаас тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байна. Анх дөрвөн жилийн өмнө БНСУ-д долоон гишүүн маань уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Тухайн үед Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан монголчууд үзэсгэлэн дээр ирээд их найрсаг хүлээж авч байсан нь том урам болсон. Монголдоо очсон мэт сэтгэгдэл төрсөн гэж хэлэхэд баярлаж байлаа.

-Сийлбэрчдийн бүтээлүүд жил ирэх бүрт гадна, дотнын хүмүүсийн нүдийг хужирлаж байна. Бүтээлээ борлуулах, олон улсын уралдаан тэмцээнд оролцуулахад дэмжлэг туслалцаа хэр их байдаг вэ?

-Уран бүтээлчдийн хувьд дэмжлэг туслалцаанаас хол байдаг. Ямар нэгэн дэмжлэг хэн нэгнээс авна гэвэл зөвхөн тухайн хүнд үйлчлэх, сэтгэлд нь нийцэх бүтээл туурвих шаардлагатай болно. Тиймээс уран бүтээл туурвиж байгаа хүнд туслалцаа хүсэх асуудал бол хаалттай байдаг. Зарим тохиолдолд мэдээж захиалагчийн хүсэлтийн дагуу бүтээл хийх үе байна. Гэхдээ энэ нь байнга гэсэн үг биш. Ихэнхдээ уран бүтээлчид өөрсдийн сонирхлын дагуу, сэтгэлээс гарч байгаа бүтээлээ туурвиж, олон нийтэд хүргэхийг зорьдог.

Уран бүтээлийн нэгдлийн хувьд нэгдсэн зорилгын хүрээнд үргэлж шинийг эрэлхийлж, уран бүтээлээ дотоод, гадаадын хүмүүст танилцуулахыг хичээж ажилладаг. Энэ хүрээнд 2018 онд БНСУ-ын Каннын хотод монгол, солонгос уран бүтээлчдийн хамтарсан "Солонго II" үзэсгэлэнг, 2018 онд монгол уран сийлбэрчдийн нэгдсэн "Цой 2018" үзэсгэлэн зохион байгуулсан. Мөн 2019 онд "Дөрвөлжин дугуй" залуу уран бүтээлчдийн нэгдлийн хамтарсан үзэсгэлэн, 2020 онд Япон улс "Когей" олон улсын гар урлалын бүтээлийн наадамд "Nomad" хамтын бүтээлээр амжилттай оролцсон. 2020 онд Чингис хааны музейн үзэсгэлэнд "Хубилай хааны хөлөг онгоц" бүтээлээр хамтран оролцсон гээд дурдвал олон зүйл бий.

-Үндэстэн ястныг тодорхойлох уран бүтээлийг хийхэд зайлшгүй анхаарах зүйл юу байдаг вэ?

-Ардын уламжлалт хээ угалз гэдэг бол монголын нүүдэлчин ахуйг илтгэдэг том зүйл. Тиймээс анхаарах чухал хэсэг. Монголын угсаатны амьдрал, ахуй соёл өвөрмөц байдлыг харуулах нь нүүдэлчдийн соёл иргэншлийн тусгал болж байгаа юи. Монголчууд дэлхийд цор ганц үндэстэн. Бусад улс оронд байдаггүй, хэрэглэгддэггүй тэрхүү ахуй, амьдралын нандин уламжлал зөвхөн Монголд байдаг. Тиймээс нүүдэлчин ардын аж амьдралыг илтгэсэн уран бүтээл туурвих нь уран бүтээлчдийн хувьд ч маш сайхан санагддаг байгаа.

-"Дөрвөлжин дугуй" арт нэгдлийн цаашдын зорилгоос хуваалцахгүй юу. Нэгдлийн уран бүтээлчид жилийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргасан бэ?

-Энэ жилийн төлөвлөгөөнд хэд хэдэн үзэсгэлэн гаргах талаар тусгасан байгаа. Тухайлбал, үндэстэн, ястны онцлог, ялгааг харуулсан угсаатны зүйн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Он цагаар нь ялгаж одоогоос 100 жилийн өмнө, XIII зуун, Хүннүгийн үе гэх мэтчилэн ангилж бүтээл туурвин ээлжит үзэсгэлэнгээ олон нийтэд хүргэх талаар ярилцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж